Сая төгрөгөөр торгох нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2015.03.18-нд нийтлэгдсэн

Сая төгрөгөөр торгох нь зөв үү?

-Манайд толгойг нь илээд шахуу өнгөрдөг болохоор 500 мянга гаруй машинтай Монгол улсад жилд 50 мянган жолооч согтуу “нисч” байна. 500 мянган машинаар нь тооцвол арван жолооч тутмын нэг нь согтуу машинаа жолоодсон гэдгийг Замын цагдаагийнхан тогтоож. Тогтоогдоогүй тохиолдлууд цаана нь бий гээд тооцвол арав биш таван жолооч тутмын нэг нь ямар нэг хэмжээгээр согтуу үедээ тээврийн хэрэгслээ жолоодсон болж таарна-

 

“Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан иргэдийг 500 мянгаас нэг сая төгрөгөөр торгож, хоёр жилээр жолоодох эрхийг нь хасах, цаашлаад албадан хөдөлмөр эрхлүүлэх” тухай яриа өнгөрсөн долоо хоногийн туршид олны анхаарлын төвд онцлох сэдэв байлаа. Чухам ямар шалтгаанаар ийнхүү өндөр хэмжээний торгууль оногдуулахаар болсон болон хэзээ­нээс хэрэгжиж эх­лэхийг энэ удаад онцоллоо. 

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар /ЗЦГ/-ын холбог­дох албан тушаалтнуудтай уулзахад, жилээс жилд согтуу жолооч нар нэмэгдэж байгаа учраас дүрмээ чангатгах нь зайлшгүй гэсэн байр суурьтай байна. “Өнгөрсөн 2014 онд л гэхэд осол гаргасан, баригдаагүй жолоочдыг хасаад тооцоход 50 гаруй мянган иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх тоо гарсан”  тухай Улаанбаатар хотын ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхтбат хэллээ. Тэрээр “Жил ирэх тусам энэ тоо буурахгүй, давтамжтай өсч байгаа тул хуулийн заалтад өөрчлөлт оруулж, хүлээлгэх хариуцлагыг чангатгах тухай санал гаргасан” гэдгийг ч хэлж байна. 

Одоо мөрдөж байгаа хуулиар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн автомашин жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасч, давтан зөрчил гаргавал долоогоос 30 хоног барив­чилдаг. Хэрэв дээрх нэмэлт, өөрч­лөлт батлагдчихвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиол­долд 500 мянган төгрөгөөр торгож, хоёр жилээр жолоо барих эрхийг хасах, давтан зөрчил гарга­вал сая төгрөгөөр торгох юм байна. Мөн согтуугаар хоёроос дээш удаа машинаа жолоодвол дээрх шимтгэлээс гадна 80 цаг албадан хөдөлмөр эрхлүүлэх заалтыг ч нэмж оруулах гэнэ.

Мэргэжлийн хүмүүстэй уул­за­хад, оюун ухаанаа бүрэн алдсан хүн хэзээ ч жолоо барьдаггүйн дээр машинаа жолоодож,  замын цагдааг “аргалж” чадах тухай боддоггүй юмсанж.  Өөрөөр хэлбэл, согтолтын зэрэг багатай, ухаанаа бүр алдчихаагүй хүнд л автомашинаа жолоодох бодол төрдөг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс торгуулийн хэм­жээг чангатгаснаар согтуугаар жолооны ард суугчдын тоог үлэмж хэмжээгээр бууруулж чадна гэж албаныхан үзэж байна. “100 грамм архи, нэгээс хоёр шил шар айраг уусан хүн чинь жолоо бариад 500 мянган төгрөгөөр торгуулах эрсдлийг хэзээ ч сонгохгүй шүү дээ. Одоо бол Цагдаагийн ерөнхий газрын харъяа Албадан саатуулах төвд саатуулагдаж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл давтан жолоодсон иргэд байдаг. Дээрх өөрчлөлт хэрэгжиж эхэл­бэл энэ тоо багагүй буурна” гэж ЗЦГ-ын мэргэжилтэн А.Амаржаргал хэллээ.

Одоо мөрдөж байгаа хуулиар архи, согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн автомашин жолоодох эрхийг зургаан сараас хоёр жилийн хугацаагаар хасч, давтан зөрчил гаргавал долоогоос 30 хоног барив­чилдаг.

Харин энэ асуудлыг иргэд, тэр дундаа жолооч нар ямар байр суурьтай байгаагд сонирхоход, дургүйцээд байсан юм алга. Харин ч дэмжих маягтай “Сүүлийн үед согтуугаар машинаа жолоодвол сая төгрөгөөр торгож байна гэж энэ хавийн жолоочид ярьж байна.  Мэдээж бэлэн сая төгрөгөөр торгуулахгүйн тул архи, согтууруулах ундаа хэрэгслэсэн үедээ машинаа барих­гүй шүү дээ. Дуудлагын жолооч дуудах, такси барих, бүр болохгүй бол алхаад харихыг хэн хүнгүй илүүд үзэх байх” гэж Чингэлтэй дүүр­гийн иргэн С.Батноров хэлэв.  Түүнтэй нэгэн адилаар “Хэрэв торгуулийн хэмжээг ингээд нэмчихвэл хүн архи, согтууруулах ундаа хэрэглэж эхлэхээсээ өмнө л хэрхэн, яаж харих талаараа шийдэх байх. Автомашинаа байрлуулж, аюулгүй болгосны дараа ууж эхлэх болов уу. Тиймээс мөнгөн торгууль оноодог болохыг дэмжиж байна” гэж  Сонгинохайрхан М.Соронзонболд дэмжив. Харин гудамжаар яваа залуус, замын цагдаа нар хяналтаа сайжруулчихвал жолоочид бага зэрэг архи амссан үедээ жолоо барихгүй гэсэн байр сууриас ханд­лаа. Тэдний хэлж байгаагаар “Цамбагарав”-ын арын зам, “Дэнжийн 1000”-ын өмнөх зам, “Цайз”-ын зам гээд л “хулгайн” замаар явчихвал баригддаггүй гээд хамт архи уучихаад машинаа бариад явчихдаг найзууд цөөнгүй байдаг гэнэ.  Цагдаад баригдсан ч хэдэн төгрөгөөр аргалчисан гэх үе ч бийг нуусангүй. Үүнээс үзэхэд, торгуулийн хэмжээг өндөрсгөхөөс гадна Замын цагдаагийн газраас жолоочдын эчнээ танил “хулгайн” зам орчим дахь хяналтаа сайжруу­лах хэрэгтэй нь мэдээж.

Нийслэлд гэхэд өдөрт дунджаар 70-85 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгааг замын цагдаагийнхан илрүүлдэг. Архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нэг жолоочийн гарт багадаа л арван хүний эрдэнэт амь нас, эрүүл мэнд сүйдэх аюултай гээд бодоход хэдий хэмжээний эрсдэл, аюул тэднийг дагаж явааг тооцоход бэрх юм. Тиймээс хариуцлагыг байж болох хэмжээ­гээр чангатгаж гэмээнэ эрсд­лийг төдий чинээ бууруулж чадна гэдэгтэй албаныхан төдийгүй жолоо­чид ч санал нэг байна.

Хамгийн гол нь бидний ярих дуртай АНУ-д л гэхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүнд “Бусдын болон өөрийн амь насыг санаатайгаар хөнөөхийг завдсан” гэсэн зүйл ангиар зүйлчилдэг. Хүнд ойлгомжтой, бодит амьдрал буулгасан хууль байгаа биз.

Мэдсээр байж согтуугаар машин барина гэдэг нь үнэхээр өөрийн болон бусдын амь насанд заналхийсэн үйлдэл. Харин манайд толгойг нь илээд шахуу өнгөрдөг болохоор 500 мянган гаруй машинтай Монгол улсад жилд 50 мянган жолооч согтуу “нисч” байна. 500 мянган машинаар нь тооцвол арван жолооч тутмын нэг нь согтуу машинаа жолоодсон гэдгийг Замын цагдаагийнхан тогтоож. Тогтоогдоогүй тохиолдлууд цаана нь бий гээд тооцвол арав биш таван жолооч тутмын нэг нь ямар нэг хэмжээгээр согтуу үедээ тээврийн хэрэгслээ жолоодсон болж таарна. Аймаар тоо биш гэж үү?!

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж