Монгол Улс энэ оны эхээр гурван сая дахь иргэнээ өлгийдөн авсан. Монголын гурван сая дахь иргэн Х.Монголжин нэгдүгээр сарын 24-нд төрсөн бөгөөд нэгдүгээр сарын 28-ны өдөр дэлхий дахинаа зарласан.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилан 5000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй мөнгөн зоосыг гаргажээ. Зоосыг Монголбанкны гэрээт зоос цутгагч байгууллага болох Койн инвест траст компанид захиалан цутгуулж, зах зээлд гаргаад байгаа юм. Үүлэн дээгүүр морьтой хүүхэд давхиж буй дүрстэй “Гурван сая дахь иргэн” гэсэн бичигтэй зоос нь зөвхөн цуглуулагчдын хүрээнд тарах гэнэ. Зоос авахыг хүссэн хүмүүс Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газарт хандаж авч болох бөгөөд нэг бүр нь 80 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Мөн энэ онд тохиож буй бас нэгэн баярт үйл явдал бол Аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 70 жилийн ой тохиож байгаа. Ялалтын ойд зориулсан зоосыг Кипр улсын “Qualton trading ltd” компаний хүсэлтийн дагуу цутгуулан олон улсын зах зээлд гаргасан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн оноос өнөөг хүртэл 20 төрлийн зоос гаргаад байгаа ажээ. Манай улсын 2012 онд үйлдвэрлэсэн 15,5 гр жинтэй “Чоно” мөнгөн зоос 2014 онд Москвад болсон олон улсын дурсгалын зоосны наймдугаар уралдаанаас “Оны шилдэг зоос”, “Шилдэг технологи”, 2014 онд Испанийн эзэн хааны зоосны үйлдвэрээс “Дэлхийн шилдэг зоос”, 2015 онд Берлиний дэлхийн мөнгөний үзэсгэлэнгээс “Хамгийн шилдэг зоос” шагнал хүртжээ.
Д.Цээнэ