Рио Тинто групп 2014 онд олон улсын хэмжээнд төлсөн 7.1 тэрбум ам.долларын татварын дэлгэрэнгүй мэдээлэл бүхий “Татвар төлөлтийн тайлан”-гаа гаргажээ. Тус групп “Татвар төлөлтийн тайлан”-гаа тав дахь жилдээ гаргаж байгаа нь энэ юм. Рио Тинто групп үйл ажиллагаа явуулж буй улс орнуудын Засгийн газарт нэг сая ам.доллараас дээш хэмжээгээр төлсөн татварын дүнгээ ийнхүү сайн дураараа мэдээлдэг уламжлалтай юм байна.
Өнгөрсөн онд Австралийн Засгийн газар 5.6 тэрбум ам.доллар (6.2 тэрбум австрали доллар) –ын татвар хүлээн авсан бол Канад 432, Чили 262, АНУ 211, Монгол Улс 185, ӨАБНУ 110, Франц 106, Гвиней 67, Сингапур 44, Их Британи 29 сая ам.доллар тус тус авсан нь Рио Тинтогийн нийт төлсөн татвар, рояалти төлбөрийн дийлэнх хэсэг болж байгаа ажээ.
Тайланд дурдсанаар дэлхийн хэмжээнд татварын дундаж хэмжээ 43 хувь байжээ. Энэ үзүүлэлт 2010-2014 онд 42.5 хувь байсан юм.
Рио Тинто группын Санхүү эрхэлсэн захирал Крис Линч хэлэхдээ “Рио Тинто групп үйл ажиллагаа явуулж буй улс орныхоо эдийн засагт чухал байр суурь эзэлсээр байна. Бид татвар, рояалти төлбөр, хөрөнгө оруулалт, ажлын байр, үндэсний худалдан авалт зэрэг үйл ажиллагаагаараа дамжуулан баялаг бүтээх, эдийн засгийг идэвхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Бид өнгөрсөн онд олсон амжилтдаа сэтгэл хангалуун байна.
Татвар төлөлтийн тайлангаа гаргаж олон нийтэд танилцуулж байгаа нь татварын ил тод байдалд анхаарч буйн нотолгоо юм. Манай групп Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг үүсгэн байгуулагч гишүүн бөгөөд олон улсын хэмжээнд Засгийн газруудад төлсөн татвараа ил тод тайлагнахыг идэвхийлэн дэмждэг билээ” гэсэн байна.
Д.ЦЭЭНЭ