Нөөцийн маханд 4.5 тэрбумын баталгаа гаргана

Хуучирсан мэдээ: 2015.03.17-нд нийтлэгдсэн

Нөөцийн маханд 4.5 тэрбумын баталгаа гаргана

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Өчигдрийн хуралдаанаар нөөц махыг иргэдэд түгээх аж ахуй нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх 4.5 тэрбум төгрөгт Засгийн газар баталгаа гаргахаар шийдвэрлэсэн байна. Энэ мөнгийг төсвөөс гаргах боломжгүй учир эхний ээлжинд Засгийн газар баталгаа гаргаж, 2015 оны төсвийн тодотголд тусгуулахаар болжээ. 2014 онд нөөцийг махыг хадгалах, түгээх , худалдаалахад аж ахуй нэгжүүдэд 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөснөөс 9.5 тэрбумыг нь олгосон бол 4.5 тэрбумын санхүүжилт үлдээд байсныг ийнхүү шийдвэрлэлээ. Энэ мөнгийг шийдвэрлэхгүй бол аж ахуй нэгжүүд энэ хавар нөөцийн махаа иргэдэд худалдаалахад хүндрэл үүсэхээр байсан аж.

Мөн хуралдаанаар байгаль орчинд ээлтэй технологиор үйл ажиллагаа явуулдаг компаниудад алтны шороон ордыг судалж, эдийн засгийн эргэлтэд оруулахаар болжээ. Мөн Үндэсний сорьцын албын тоног төхөөрөмжийг шинэчлэхээр шийдвэрлэсэн байна. Ингэснээр энэ онд алтны олборлолт нэмэгдэнэ гэж үзэж байгаа аж. Хуралдаанаар хэлэлцсэн бас нэг асуудал нь оффисын зориулалттай болоод байсан Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах тухай байлаа. 260 ортой эмнэлгийг ирэх наймдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ. Харин энэ ажилд зарцуулагдах хөрөнгийг төсвөөс санхүүжүүлэх боломжгүй учир шаардлагатай арга хэмжээг концессоор гүйцэтгэхээр болсон байна. 2025 он гэхэд Монгол Улсад 2500 ортой, 12 эмнэлэг шинээр барих шаардлагатай гэх тооцоо гарсан аж.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж