-Мөнөөх айхтар аалзны нуруунд сандайлсан авгалдай шиг хэдэн нөхдүүд бүх зүйлийг эргүүлнэ. Тэр бүү хэл, өөрсдийнх нь нуруунаас идсээр “амийг нь тасалж” болохыг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Тиймээс 20 гаран жил замнасан энэ замаа сольж, сайжруулан явахгүй бол цаашид хэн, аль нам засаг барихаас үл хамаараад иргэд нэг нэгний турхиралтаар босч, Монгол бусдын өгөөш болох нигууртайг хаа хаанаа бодох л үлдэж-
Хүргэн цалингаасаа цааш хийснээ хадмаасаа илүү ээждээ илүүчлэхийг хүснэ. Бэр нөхрийнхөө харцыг нь хариулж байгаад өгсөн цалингаас өөрийнхөө ээжид илүүчилнэ. Харьцаа нь хайр дээр тогтсон гэдэг ч үнэндээ өгсөн хаялганаас нь хамаарч өвөртөө оруулдаг, гар татвал эхнэрт нь “алтан хошуу хүргэнэ” гэх нууцын барьцаанд унасан эр нууж, хааж байгаад л бүхнийг амжуулахыг хичээнэ. Эхнэрээ, нууцаа, ээжээ, хадмаа божийлгохын тулд тэд юу эсэхийг хийх вэ?
Одоо тэр харамсдаг. Эхнэртэй байж илүү харж билүү долоолоо. Эхнээсээ л нууж хаалгүй, ил цагаанаар явсан бол… Ээждээ илүүг өгч, хөөрхий хадам ээжээ нүд үзүүрлэдэггүй л байж гэж… Эхнэр хардаад эхэлсэн. Нууц дарамтлаад байгаа. Түүнд үйлээ үзэж, үстэй толгойгоо зулгаагаад ч одоо алдаагаа засах боломжгүй болсон час өдөр ирсэн.
Тэр ухаантай, овсгоотой овжин сэргэлэн байгаад ч тусыг олохоо нэгэнт өнгөрсөн. Түүний оронд хэн байсан ч үүнээс гарах гарцгүй билээ.
Нууцаар нөхцсөн, нууж зувчуулсан, илүүг өгсөн, эхнэрээ хуурсан. Энэ бүхнээ хадгалж үлдэе гэвч илүү ихийг аль аль нь шаардана. Нууцаасаа нэг мөр салаад гэр бүлээ хадгалж үлдэх эсвэл банк дээрэмдээд ч болов бүгдтэй нь үлдэх ганц сонголт үлдсэн. Адаглаад нууц амрагынхаа амыг хаах гэж тохиролцоо хийсэн нь бүтэлгүйтсэн, одоо өшөө ихийг нэхэж буй. Энийгээ боль эсвэл “чи зайл” гэх ганц үгийг эхнэр нь хэлэх бол хадам “ингэж охиноо дарлуулахгүй” гэж хангинасан. Эх нь “эцгийнхээ нэрийг гутаасан гуйлгачин” гэж аашилж буй. Ээж туулсан амьдралынхаа туршлагаас гэр бүлээрээ тоглох ямар их гарз, гай авчирдагийг мэддэгийн хувьд аавын алдааг давтахгүй байхыг хүүдээ сургамжилж байна. Энэ бүх зовлонгийн торийг хүү нь өөрөө нэхсэн болохоор толгой гашилжээ.
Аалзны зовлонг одоо тэд эдэлж сууна. Аалз маш олон төрөл. Орчин үед шинжлэх ухаанд аалзны 37500 зүйл бий гэж тэмдэглэгджээ. Харин тэдэн дунд “Amarobia” гэсэн нэгэн төрлийн аалз байдаг. Энэ аалз хаширтай их төстэй.
Энэхүү аалзны эмэгчин нь нийлүүлгийнхээ дараа эрэгчингээ барьж иддэг. Харин авгалдайнууд нь төрөөд эхийнхээ нуруун дээр үүрлэж, нуруунаас мэрж идсээр бие гүйцэн тарж одоцгоодог байна. Энэ хачин үйлдэл өнөөдөр Монголын төрд үйлчилж байна.
МАН, АН хоёрыг өнгөц харвал цаасан дээр ч, цагаан ордондоо ч тусдаа хүчин. Гэхдээ удирдлагууд нь ямар нэгэн байдлаар харилцан биенээсээ хамааралтай амьдардаг. Гэр бүлээр бол гэрлэлтээ батлуулаагүй ч хамтран амьдрагч гэж өөрсдийгөө гоёор хэлээд хариуцлагаас зугтдаг орчин цагийн залуус шиг гэсэн үг. Тиймээс алив асуудал гарч ирэх болгонд “чамтай батлуулсан ч биш сална” гэдэг эхнэрийн тунирхал шиг аль нь сөрөг хүчин байна тэр нь засгаасаа гарна гэх айлгах тактиктай.
2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ын нэр дэвшигч ялалт байгуулсан, 2012 оны УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуульд анх удаа олонх болсон, 2012 оны аймаг, дүүрэг, сумын ИТХ-ын сонгуульд улс орон даяар АН дийлэнх олонх болж ялалт байгуулсан ба 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дээрх ялалтуудаа баталгаажуулсан билээ. Эдгээр олон сонгуулийн дүнд АН-ын олон мянган гишүүд ажил, амьдралтай болсон нь түүний “буян”. Гэр бүлээр бол идэх хоолтой, өмсөх хувцастайн дээр под хийсэн айл болсон гэсэн үг. Харин түүнээс өмнө МАН-ын хаяа бараадан, хаялгаар нь амь зогоож ирсэн улс. Цаг, цахиур өөрчлөгдөж эдний байр суурь ч солигдож. Харин иргэд шороо үмхсэн хэвээрээ. Гэхдээ иргэдийн шоргоолзоо иднэ үү, шороогоо үмхэнэ үү тэдэнд хамаагүй мэт.
…Хамаагүй болохоор иргэдийн сул тал дээр нь популистууд өндийж байна. Захын дуучин гараад болсон болоогүй, хамгийн гол нь эрх баригчдыг /Энд МАН, АН-ын аль аль нь орно/ нулимах төдийд л цөхөрч, гандсан сэтгэлд нь ган тайлах бороо мэт дуулдах болжээ.
Өдөр өдрөөр ядуурч буй иргэд өнөөгийн эрх баригчдад, түүний өмнөх эрх баригч буюу одоогийн сөрөг хүчинд ч итгэхгүй байна. Харин ч эсэргээрээ тэднийг төрөөс холдуулсан цагт байдал дээрдэнэ гэж олонх нь итгэх болж, тэднийг нүүр ном, уран жиргээгээр бараг л үгүй хийчихлээ. “Сант марал”-ын судалгаанаас харахад ч бүх зүйл тодорхой харагдана. Иргэдийн итгэл бага багаар алдагдаж, намчирхал зогсонги байдалд ороод уджээ. Судалгаанд оролцогсдын дийлэнх хувь нь өнөөгийн түшээдийг үгүйсгэж байна. Арван хүн тутмын ердөө ганц нь л өнөөгийн УИХ-ын гишүүдийн хийж буй үйлдэлд сэтгэл хангалуун байгаа гэсэн үг.
Судалгаанаас харахад намыг үгүйсгэгчид улам бүр олширч байна. Ингэснээрээ бүхнийг үгүйсгэх, туйлширагчид олширно гэсэн үг. Энийг өнгөрсөн долоо хоногт тэрний өмнө байгуулагдсан “Монголын төлөө” гэсэн санаатай сошиал ертөнцийн нэгдлүүдээс өлхөн харчихаж болно. Бүгдийг үгүйсгэгчид өдрөөс өдөрт нэмэгдэж, тэрийг нь ашиглаж, алдсан эрх мэдлээ авах гэсэн хуучны хүн гэхэд л хувийн телевизээрээ шууд хэлэлцүүлэг хийлгэн хувьсгал, тэмцэлд уриалан дуудуулж байна.
Намууд ч үүнийг анзаарч байна. Өөрсдийгөө эерэгээр харагдуулах “мессэж” илгээж, дор бүрнээ тоглолт хийснээс биш хаашаа, юу руу иргэдийг хөтлөөд байгаагаа төдийлөн ойлгох сөхөөгүй явна. Хувиа бодож довоо шарлуулсаар ирсэн Монголын улстөрчдийн арчаагүй үйлдлийн балгаар хичнээн сэнхэрүүлээд ч иргэдийн итгэл эргэж сэргэхгүй болтлоо гүн ангал руу унах болжээ. Тэдний нэхсэн аалзны тороор өөрсдийг нь хэзээ хэзээгүй барьж “идэхэд” бэлэн үгүйсгэгчид болтол нь иргэдийн тархийг үзэн ядалт, үгүйрэл, хоосролоор хордуулж байгааг даанч ухаарсангүй. Иргэдээс оноо авахын тулд нэгнийхээ хийснийг нөгөө нь ямар ч хамаагүй үнээр үгүйсгэсээр бүгдийг хараар, бүр буруугаар хардаг нийгэм болгон өвчлүүлсэн гэдгээ даанч ухаарсангүй.
Намыг хамгаалах гишүүд нь өдрөөс өдөрт цөөрч байна. Харин намыг амьдралаа дээшлүүлэх шат мэт харж, муйхраар намчирхагчид олширч байгаагийн жишээг өнгөрсөн жилүүдийн үйл явдлаас харж болно. Монголын бүх төрийн албан тушаалд эрдэм боловсрол, чадалтай хүнийг бус ах, дүү, садан төрөл, намчирхлаар… тендер, бүтээн байгуулалтын ажлыг шударга, туршлагатай компаниар бус өөрт нь илүү мөнгө өгсөн компаниудад олгодог энэ тогтолцоонд өөрсдөөс нь бусад дургүйцэж байна. Намын гишүүнчлэлийг халахгүй бол туйлшрал гээч Монголыг түймэрдэхэд бэлэн байна. Иргэд төрдөө итгэл алдарсан төдийгүй амьдралыг нь сайжруулна гэсэн ямар л бол ямар дарангуйлагчийг дэмжихэд өөрсдөө ч мэдэлгүй бэлтгэгджээ. Ирэх сонгуулиар МАН-төдийгүй Ардчилсан намын айх аюул нь нийгмийн 40 гаруй хувиас бүрдэх үл итгэгчдийн арми байх болно. Магадгүй гай тарих шинэ арми улам бүр хүчирхэгжиж байна. Зөв, буруу хамаагүй төр, түүний шийдвэрийг үгүйсгэсэн үг болгоныг дэмжиж, түгээж байна.
…Хүргэнд нууц амрагтай болох боломжийг яншаа эхнэр нь, ээждээ цалингаасаа илүүчлэх боломжийг татвараас зугтсан албан газар нь, хадамд нууцаар мөнгө өгөх замыг ухаанаа алдтал уудаг өөрийнх нь олхиогүй байдал, бяраа мэдэхгүй, эхнэрээсээ үнхэлцгээ хагартал айдаг байж шар сэмжилж нууц амраг гээч дарамтыг бодлогогүй өрхийн тэргүүн өөртөө авчирдагтай адил 1990 оноос хойш бүхнийг нам нийлж сэм хуйвалдан бизнес болгосон нь одоо Монголыг хүнд цохилтонд оруулчихжээ.
Нам ямар санаа, зорилготой байх нь энд огт хамаагүй. Мөнөөх айхтар аалзны нуруунд сандайлсан авгалдайнууд бүх зүйлийг эргүүлнэ. Тэр бүү хэл, өөрсдийнх нь нуруунаас идсээр “амийг нь тасалж” болохыг өнөөгийн нөхцөл байдал харуулж байна. Тиймээс 20 гаран жил замнасан энэ замаа сольж, сайжруулан явахгүй бол цаашид хэн, аль нам засаг барихаас үл хамаараад иргэд нэг нэгний турхиралтаар босч, Монгол бусдын өгөөш болох нигууртайг хаа хаанаа бодох л үлдэж. Эрх баригчдыг үгүйсгээд байгаа нөхдүүдийн далд ухамсарт ч ялгаагүй тор нэхэх сонирхол байж л таараа. Яагаад гэвэл энэ нийгмийн бүтээгдэхүүн юм чинь.
Хэн нэгнийг яллаад эсвэл өөрөө цэвэрхэн үлдэх гээд өмөөрөөд байх юм байхгүй л дээ, өнөөгийн улстөрчид бүгдээрээ л нийлж байгаад энэ торийг нэхэлцсэн “аалз” нар шүү дээ.
Тиймээс л ядаж хонцын сэтгэлээр хандахаа болихгүй бол үйлийн үрэндээ өөрсдөө ороогдох вий.
Л.НАРАНТӨГС
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин