Ердөө гурав, дөрөвхөн жилийн өмнө буюу 2011, 2012 онд 4-5 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын хөрөнгө оруулалт энэ оны эхний хоёр сарын байдлаар тэгтэй тэнцээд зогсохгүй бүр хасахтай гарчээ. Үүнд саарал, ордны төдийгүй гудамжны тэмцэгч, "эх орончид"-ын “гавъяа” их. Ялангуяа, буу шидэм болцгоосон "эх орончид", хууль дүрмээ мэддэггүй улстөрчид, тоглоомын дүрэм нь тодорхойгүй төрийн бодлого, дээр нь цоорхойтой хуулиараа айлгадаг хууль хүчнийхэн гээд олон хүмүүсийн нөр их оролцоотойгоор Монгол алт сандайлсан гуйлгачин хэвээрээ үлдэж байна.
Сар гаруйн өмнө Монголын шүүх татварын асуудлаар “Саусгоби сэндс”-ийн гурван ажилтанг барьж хорьсон нь гадаадынханд муугийн муу мессеж болон хүрсэн төдийгүй “ядаж байхад яр гэгчээр” гурван жилийн өмнөх заргаа “Хан ресурс”-ынхан авсан нь байдлыг бүр ч дордуулж орхив. Одоо тэгээд Монголд итгэж хөрөнгө оруулах хүн бараг л байхгүй дээ. Оюутолгой, Тавантолгойн асуудлаа улстөржүүлж, гацаачихгүй шиг урагшлуулж чадвал их юм.
Учир нь, Оюутолгойн асуудал ойлгомжгүй жил гаруй болсны дээр Тавантолгойн хувьд “хэн авах вэ” гэсэн бүлэглэлүүдийн дунд том “зодоон” хэдийнэ эхэлчихсэн шүү дээ. Хэрэвзээ Тавантолгойн төсөл дахиад бүтэлгүйтвэл, Монголыг хэн тоож, нохойг хэн саах вэ дээ.
Тоглоомын дүрэм нь тодорхойгүй, хуулиа байнга өөрчилдөг, улстөрчид нь хуншгүй, найдваргүй, хуулиар айлгаж чадахгүй бол шууд л буу шийдэм бариад босдог манай улсад амиараа дэнчин тавьж, мөнгөө эрсдэлд хийн байж хөрөнгө оруулах хүн олдохг болов уу даа. Тэгээд ч бурхан ганцхан Монголд л байгалийн баялаг харамгүй заяачихсан ч юм биш.
Хөрөнгө оруулалт хасахтай гарах хамгийн анхны шалтгааныг нь МАН-ынхан тавьсан юм. Гурван жилийн өмнө тэр нэгэн гай, хөөтэй хуулийг Ш.Занданшатар нар УИХ-д өргөн бариагүй бол, түүнийг нь манай хэдэн популистууд батлаагүй бол өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалт арай ч хасах хувьтай гарахгүй байсан ч байж магадгүй. Юмыг яаж мэдэх билээ. Харамсалтай нь, эдийн засаг хямрах үндэсийг нь тавьчихсан хүмүүс өнөөдөр эгээ л энхийн цагаан тагтаа болчихсон аятай л ярьцгаагаад явж байна. Н.Алтанхуягийн хэлдгээр үнэндээ баасыг нь цэвэрлээд ч барахгүй байгаа юм биш үү, ингэхэд.
Гадаадын хөрөнгө оруулалт Монголд хэрэггүй юу? Хэрэгтэй. Үүнийг бүгдээрээ сайн мэдэж байгаа. Гэхдээ хамгийн гол нь "эх орончдод" улс төрийн ямар нэгэн ашиг хонжоо гарахгүй бол эдийн засагт тэрбум, тэрбумаар нь доллар цутгах төсөл байлаа ч урагшаа гишгэхгүй. Энэ бол тодорхой. Ийм болохоор л Тавантолгой төсөл арван жилийн турш амны зугаа төдийнхөн байгаа юм шүү дээ.
Саяхан хэдэн "эх орончид" “Үндэсний телевизээр мэтгэлцсэнгүй” хэмээн ТВ9-өөр орж, бослого, тэмцэлд иргэдийг уриалав. Ингэж болох уу даа, таминь. С.Жавхлан ярих, хэлэхээ мэдэхгүй байна гэхэд УИХ-ын гишүүд нь Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарт ингэж уриалах эрх мэдэл хийгээд ёс зүй баймааргүй юм. Ийм зүйлийг амнаасаа унагасны төлөө тэд УИХ-ын гишүүний сэтэрээсээ ч хагацаж магадгүй юм. Хэрэв Монголд Үндсэн хуулийн цэц болон УИХ-ын Ёс зүйн хороо ажлаа хийдэг бол энэ асуудлыг зүгээр орхичихож боломгүй мэт. Өнөөдөр тэд зэвсэгт тэмцэлд уриалж байна. Маргааш зэвсэгт бослого өдөөвөл хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэдэг асуудал давхар хөндөгдөх учиртай. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн хүн хамар доорх хагархайнхаа зоргоор чалчиж болохгүйд л учир байгаа юм.
Монгол шантаачид, дээрэмчдийн эх орон болсон. Эрх мэдэлтэй нь хуулиар дарамталж, иргэд нь буу шийдмээр айлгадаг ийм улсад гадаадын хөрөнгө оруулалт хасахтай гарч байгаад гайхах ч зүйл алга. Гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж заллаа гээд буу шийдэм болдог "эх орончид" эх оронд минь ийм л “гавъяа” байгуулж байна даа.
Иргэд нь ядуу, эх орон нь хөгжилгүй байх нь энэ хэдэн хараал идсэн популистуудын хүсэл үү. Эсвэл эд үнэхээр илжиг шиг тэнэг хүмүүс үү. Эрдэс баялгаа эргэлтэд оруулахгүйгээр хөгжих, баяжих боломж нь тэгээд хаана байна. Тэгвэл тэр бодлогоо гаргаад тавиач дээ, "эх орончид" минь. Эцэст нь аргаа түшиж төрөөд арван гуравдугаар зуунаараа амьдарвал яасан юм бэ? Амар шүү дээ.
Ж.НЯМСҮРЭН