Бразильд сая хүн жагсав

Хуучирсан мэдээ: 2015.03.16-нд нийтлэгдсэн

Бразильд сая хүн жагсав

 

Бразильд өчигдөр /III.15/ орон даяар Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал өрнөлөө. Бразильчууд эдийн засгийн зогсонги байдал, барааны үнэ нэмэгдсэн зэргийг эсэргүүцэн жагссан ч ерөнхийлөгч Дильма Роусеффийг авлигын хэрэгт буруутган огцрохыг шаарджээ.

 

Бразилийн ерөнхийлөгч Дильма Руосефф улиран сонгогдоод таван сар болж байгаа ч түүнийг огцруулахын төлөөх жагсаал цуглаан өрнөж эхэллээ. Түүнийг төрийн өмчийн “Petrobras” эрчим хүчний компанитай холбоотой авлигын хэрэгт хардаж байна. Дильма Роусефф өмнө нь “Petrobras” компанийн захирлаар ажиллаж байсан юм. “Petrobras” компанийн экс удирдлагууд “Хөдөлмөрийн нам”-ын албаныханд авлига өгсөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа билээ.

 

Бразилийн санхүүгийн төв бөгөөд хамгийн том хот Сан-Паулуд ням гаригт /III.15/ 500 мянга гаруй хүн жагсчээ. Харин Рио-де-Жанейро хотноо Бразилийн төрийн далбааны өнгийн хувцасаар жигдэрсэн 25 мянга гаруй хүн жагсаалд оролцсон байна. Түүнчлэн Бразилийн нийслэл хотод 40 мянган хүн ерөнхийлөгч Дильма Роусеффыг огцрохыг шаардан жагсчээ.

 

Эх сурвалж: Reuters, ВВС

Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж