УИХ-ын гишүүн Л.Болд өнгөрсөн баасан гаригт Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын удирдлага, хэлтэс албадын дарга нартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн нэгж, хороо, эрүүл мэндийн байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцах үеэр хөндөгдсөн санал болоод тулгамдсан асуудлыг шийдэх гарц гаргалгааг дүүргийн удирдлагуудтай харилцан ярилцлаа. Түүнчлэн Хан-Уулчуудын хамгийн их хүсэлт, санал тавьж байгаа цэцэрлэг сургуулийн асуудлыг авч хэлэлцлээ. Энэ үеэр боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг энэ онд хийгдэх шинээр бий болох цэцэрлэг, сургуулийн байруудын талаар болон дүүргийн хэмжээн дэх боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг танилцууллаа. Тухайлах юм бол, XI хорооны 35 дугаар цэцэрлэг хүсэлт гаргаж ХААИС-ийн хашаанд газар авсан ч цэцэрлэгийн зориулалтанд талбайн хэмжээ хүрэлцэхгүй байгаа учраас газрын хэмжээг нэмэх хүсэлтээ Байгаль орчны яаманд албан тоотоор хүргүүлээд байгаа ч тоймтой хариу ирээгүй. 41-р цэцэрлэгийг Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч түр хаагдаад байгаа талаар болон 32-р сургууль хүүхэд сургах нөхцөл тааруу асуудлуудыг тус тус яаралтай шийдвэрлэх талаар харилцан ярилцлаа. IX хорооны Буянт-Ухаа 1 хороололд цоо шинэ цэцэрлэг баригдсан хэдий ч худалдан авах нөхцөл дээр гүйцэтгэгч байгууллагатай нь харилцан тохиролцоонд хүрч чадахгүй байгаагаас зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа эхлүүлэх боломжгүй байгаа талаар яригдлаа. Энэ асуудлаа дүүргийн зүгээс Боловсролын яаманд уламжилж худалдан авах талаар танилцуулсан ч шийдвэртэй хариунд хүрээгүй байгааг дуулгаж байлаа.Уулзалтын төгсгөлд УИХ, нийслэлд, дүүрэгт шийдүүлэх асуудлуудыг эрэмбэлж ажлын төлөвлөгөөнд орохоор боллоо. Томоохон хорооллууд болох “Viva city”, “Хурд”-ын байр, Буянт-Ухаа зэрэг томоохон хорооллууд бий болж хүний урсгал нэмэгдэх болсонтой холбоотойгоор өрхийн эмнэлгүүдийн үзлэгийн талбай хүрэлцэхгүй, хүчин чадлаа дийлэхгүйд хүрээд байгаа тул өрхийн эмнэлэгийн шинэ байр, өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хэрхэн хийх талаар харилцан ярилцлаа. Гишүүний хувьд тойргийнхоо боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд болоод нэгж салбаруудтай танилцах ажлынхаа үргэлжлэлийг Хан-Уулдүүргийн Цагдаагийн II хэлтэст хийсэн юм. ЭнэүеэрХан-Уул дүүрэг гэр хорооллын айл өрх ихтэй. Ойролцоогоор 60-70 мянган хүн ам суурьшдаг учраас иргэдийн аюулгүй байдлыг хангах тал дээр анхаарах ажиллах, тулгамдсан тодорхой асуудлууд бийг танилцуулж байлаа. Яармагийн таван газарт нэг, Нисэхэд нэг машин хуваарилагддаг учраас унаа тэрэгний хүрэлцээ муу, алслагдсан газрууд руу хурдан шуурхай очихгүйгээс иргэд бухимдалтай байдаг. Шатахууны хүрэлцээ муу байдаг гээд хэв журмыг сахиулахад тулгардаг хүндрэл бэрхшээлүүдийг дурдлаа. Мөн стандартын зам руугаа харсан гэрэлтүүлэг, камеруудыг байршуулах ажлыг зохион байгуулах тал дээр анхааран ажиллахыг хүслээ.