Олон улсын хөлбөмбөгийн холбоо(FIFA)-ны гишүүн 209 орноос тив тивээс шигшигдсэн 32 улс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. 2018 оны ДАШТ ОХУ-д болох юм. Азийн 44 гишүүн орноос бага чансаатай 12 улсад Монголын шигшээ баг багтаж, урьдчилсан шатны тоглолтын сугалаанд оролцох болсон юм. Энэ оны хоёрдугаар сарын 10-нд Малайзын Куала Лампур хотноо болсон сугалаагаар Монгол-Зүүн Тиморын багууд таарсан билээ. Тиймээс энэхүү тоглолт 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг эхлүүллээ.
Гуравдугаар сарын 12-ны өдөр Зүүн Тиморын талбайд болсон тоглолт 4:1 онооны харьцаагаар талбайн эздийн ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын долоо дахь минутад Зүүн Тиморын довтлогч Чикүито До Кармо гоолдож, 2018 оны ДАШТ-ий эхний гоолоор тэмдэглэгдсэнийг ФИФА-гийн ерөнхийлөгч Блаттер өөрийн твиттер хуудас бичсэн. Харин энэхүү тоглолтын манай цорын ганц гоолыг шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Ц.Энхжаргалын дамжуулалтаар Б.Эрхэмбаяр мөргөж оруулсан юм.
Зүүн Тимор – Монгол 4:1
Гоол: Чикүито До Кармо 7', 10', Родриго Силва 89', Нето 90'
Б.Эрхэмбаяр 92'
Ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүхээр удирдуулсан манай улсын шигшээ баг хариу тоглолтоо Улаанбаатар хотноо гуравдугаар сарын 17-ны өдөр хийх юм. Энэ тоглолтод манай хөлбөмбөгчид 3:0-оор хожих хатуухан даалгавартай үлдлээ. Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн хариу тоглолтод оролцох юм. Түүний хувьд Сербийн мэргэжлийн хөлбөмбөгчдийн нэгдүгээр лигт тоглодог “Мачва” багтай нэг жилийн гэрээг байгуулсан юм.
Манай шигшээ багийн амжилтын хувьд 2002 оны дэлхийн аваргаас хойш тав дахь удаагаа урьдчилсан шатанд оролцож байгаа бөгөөд эхний шатнаас гарч үзээгүй билээ. 2014 оны дэлхийн аваргын урьдчилсан тоглолтод Мьянмарын багтай таарсан ч 1:2 оноогоор ялагдсан. Эхний тоглолт Улаанбаатар хотноо 2011 оны 06.29-ний өдөр болоход 1:0-оор хожиж, дэлхийн аваргын анхны түүхэн хожлоо авч байсан бол хариу тоглолтоо Мьянмарын талбайд хийхэд 0:2-оор хожигдож, цааш тоглох эрхгүй болсон юм.
АЗИЙН БҮС. I шатны эхний тоглолтууд: (III.12)
Энэтхэг (171) – Балба (198) 2:0
Йемен(176) – Пакистан(188) 3:1
Зүүн Тимор(185) – Монгол(194) 4:1
Камбож (179) – Макао(186) 3:0
Тайвань(182) – Бруней(192) 0:1
Шри-Ланка(172) – Бутан(209) 0:1
( ) Oлон улсын хөлбөмбөгийн холбооны чансааг бичив.
Дээрх багуудын хариу тоглолт гуравдугаар сарын 17-ны өдөр болох билээ. Харин ОУХБХ-ны гишүүн 209 орноос чансаагаар сүүлчийн байрт бичигддэг Бутаны хөлбөмбөгчид анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөж байна. Гэвч тэд эхний тоглолтоо Шри-Ланкийн талбай дээр хийж, 1:0-ээр буулган авч түүхэн ялалт байгууллаа. Энэхүү тоглолтын цорын ганц гоолыг Бутаны шигшээ багийн довтлогч Ц.Дорж оруулжээ.
ХЭН ЮУ ӨГҮҮЛЭВ?
-ФИФА-гийн ерөнхийлөгч Блаттер өөрийн твиттер хуудаснаа: “Зүүн Тиморын тоглогч Чикүито До Кармо түүхэнд нэрээ үлдээлээ. Тэрээр 2018 оны ДАШТ-ий эхний гоолыг оруулав.” гэжээ.
-Оросын sport-express.ru сайтын сэтгүүлч Евгений Зырянкин 03.11-ний өдөр бичсэн “2018 оны ДАШТ маргааш эхэлнэ” нийтлэлдээ: “Бидний мөнхийн хөрш Монголын “Хөх чононууд” маргааш хөлбөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолтыг хийх гэж байна. Өрсөлдөгч нь Зүүн Тиморын шигшээ. Хэдийгээр урьдчилсан шатны тоглолт боловч энэ нь ДАШТ эхэлж байна гэсэн үг.” хэмээн бичсэн байна.
-Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин А.Мөрөн: “Нэгэнт хожигдсон тоглолтыг яах вэ. Хамгийн гол нь нутгийнхаа талбайд болох тоглолтод гоол алдахгүй байж илүү бөмбөг оруулах ёстой. Ер нь бидэнд боломж байгаа.Манай улсын шигшээ багт мэргэжлийн тамирчин болж амжаагүй ч гэлээ сайн тоглодог хүмүүс бий.” гэжээ.
Ч.БОЛОРЧУЛУУН
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин