2016 оны арван нэгдүгээр сарын 8-нд буюу Мягмар гарагт Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болно. Ардчилсан намаас нэр дэвшин сонгогдсон 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, Цагаан Ордоны шинэ эзэн тодорно. Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлд зааснаар АНУ-д төрсөн, 35 нас хүрсэн, дор хаяж 14 жил тасралтгүй эх орондоо амьдарсан хүн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй. Улстөрийн аль ч нам нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй боловч Нэгдсэн Улсын түүхэнд хоёр том улстөрийн намаас л ерөнхийлөгч ээлжлэн тодорсон түүхтэй. Бүгд Найрамдах нам ба Ардчилсан намаас өөр улстөрийн хүчнээс ерөнхийлөгч тодрох боломж байхгүй. Өнгөрсөн түүхэнд ч байгаагүй, ирээдүйд ч гарахгүй биз.
Өнгөрсөн намар болсон АНУ-ын завсрын сонгуульд Бүгд Найрамдах нам ялалт байгуулж, Конгресст буюу Төлөөлөгчдийн танхим ба Сенатад хяналтаа тогтоосноос хойш 2016 оны сонгуулийн өмнөх тулаан улам идэвхжлээ. Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт онцгой ач холбогдол өгдөг уламжлалтай Бүгд Найрамдах нам Барак Обамагийн засаг захиргаанд шахалт үзүүлж эхэллээ. Обамагийн эрүүл мэнд, цагаачлал, гадаад бодлогыг Бүгд Найрамдахчууд хурцаар шүүмжилж байна. Бүгд Найрамдах намын Жорж Бушийн үед эхлүүлсэн Афганистан, Иракийн дайнд Барак Обама цэг тавилаа. Ардчилсан намаас сонгогдсон Обама 2016 оны сонгуулиас өмнө АНУ-ын армийн явган цэргийг дэлхийн аль нэг улсын хөрсөн дээр гишгүүлэхгүй гэж мэдэгдсэн. Энэ байр суурь нь ч өөрчлөгдөхгүй байх. Исламын Халифат гэгч шинэ дайсантай болсон нь Барак Обама хэтэрхий сул удирдагч гэдгийг харуулсан гэж Бүгд Найрамдахчууд үзэж байна. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн хэзээ ч ийм сул дорой байж болохгүй аж. Төлөөлөгчдийн танхимын дарга Жон Бейнер Израйлийн Ерөнхий сайд Бэньямин Нэтаньяхуг урьж, Конгрессын нэгдсэн чуулганд үг хэлүүллээ. Цаадах нь Ираны цөмийн хөтөлбөр зөвхөн еврейн улсад төдийгүй дэлхийд аюултай гэж ярив. Жон Бейнер ч, Бэньямин Нэтаньяху ч Цагаан Ордонтой зөвшилцөөгүй. Швейцарьт АНУ, Их Британи, Герман, Франц, Орос, Хятадын төлөөлөгчид Ираны гадаад хэргийн сайдтай уулзаж, цөмийн хөтөлбөрийг нь хязгаарлах талаар яриа хэлэлцээ өрнүүлж байх үед энэ айлчлал давхацсан нь Бүгд Найрамдах нам Ардчилсан намын ерөнхийлөгчтэй илт сөргөлдөж буйг харууллаа. Вашингтон дахь улстөрийн сөргөлдөөнийг Америкийн хэвлэлүүд хүйтэн уур амьсгалтай зүйрлэж байна.
Бүгд Найрамдах нам Конгресст хяналтаа тогтоосон улстөрийн давуу талаа ашиглан 2016 оны сонгуульд ялалт байгуулахыг зорино. Жорж Буш шиг хүчтэй, зоригтой, тууштай, дайнч ерөнхийлөгч хэрэгтэй гэж Бүгд Найрамдах намын харцагууд уриалаад байна шүү дээ. Магадгүй Ойрхи Дорнодод дахин шинэ дайн дэгдвэл тэр нь 2017 оноос цааш яригдах байх. Харин Ардчилсан намын хувьд Конгресст хяналтаа алдсан учраас Цагаан Ордонд зайлшгүй эзэн суух ёстой. Одоогийн байдлаар 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлсэн хэд хэдэн улстөрч байна. Тэднийг Монголчууд бид байтугай Америкчууд нь өөрсдөө ч танихгүй байх. Албан ёсоор өрсөлдөнө гэдгээ зарлаагүй ч дэвших магадлалтай улстөрчдийн дунд харин танил нэрс нэлээдгүй үзэгдэнэ. Холливүүдийн царайлаг жүжигчин Жорж Клүни хүртэл нэр дурьдагдсан байна билээ.
Ардчилсан намаас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай нь Хиллари Родхэм Клинтон гэж үзэж байна. Түүнийг Америкийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй. АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий, тэргүүн хатагтай, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга байсан. Билл Клинтон Цагаан Ордонд дадлагажигч Моника Левинскитэй нэр холбогдох үед Хиллари гайхамшигтай хүлээцтэй, тэвчээртэй байж чадсан. Түүний энэ чанарыг Америкчууд өндрөөр үнэлсэн юм. Хиллари Клинтон 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн төлөө Барак Обаматай маш ширүүн өрсөлдөж, намын их хурлаас өмнөхөн нэрээ татсан билээ. Хэдийгээр намын сунгаанд ач тач үзэлцсэн ч гэсэн Билл Клинтоны гэр бүл 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Барак Обамад маш их тус хүргэсэн. Барак Обама 2009 оны нэгдүгээр сард тангарагаа өргөсөн даруйдаа төрийн нарийн бичгийн дарга буюу гадаад хэргийн сайдын албан тушаалыг Хиллари Клинтонд санал болгосон нь санамсаргүй зүйл биш байлаа. Обама Клинтоны гэр бүлийн ачийг хариулах ёстой биз. Хиллари Клинтон 2009-13 оны хооронд Барак Обамагийн удирдлага доор төрийн нарийн бичгийн даргаа ажиллаж, дипломат салбарт туршлагатай болсон. Өмнө нь нөхрөө дагалдаж, хилийн чанадад олон удаа айлчилсан туршлага нь ч бий. Ер нь АНУ-ын ерөнхийлөгч батлан хамгаалах ба гадаад бодлогын салбарт чухал шийдвэрүүдийг гаргах ёстой. Барак Обамаг ч сонгуульд нэр дэвших үед Бүгд Найрамдах нам түүнийг дипломат салбарт балчир жаал гэж шүүмжилж байв. Хиллари Клинтон албан ёсоор зарлаагүй ч 2016 онд өрсөлдөх нь тодорхой. Түүнд туршлага, улстөрийн ар тал, дэмжлэг хангалттай байна. Саяхан Америкийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа АНУ яагаад эмэгтэй төрийн тэргүүнтэй байж болохгүй гэж хэмээсэн. Яагаад болохгүй гэж? Африк гаралтай Барак Обама Цагаан Ордоны тэргүүнээр сонгогдож түүхийн хуудсанд бичигдсэн шүү дээ.
Хиллари Клинтоны эсрэг дайралт ч гарч эхэллээ. Тэрбээр төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа албаны ажилд хувийн сервер, цахим шуудангийн хаягаа ашиглаж байсан нь саяхан ил боллоо. Уг нь холбооны хуулиар төрийн албан хаагч албандаа хувийн цахим шуудан ашиглахыг хориглодог юм билээ. Гэвч угийн буурьтай Хиллари энэ асуудалд ч хүлээцтэй хандав. Надад Америкийн ард түмнээс нуугаад байх зүйл байхгүй учраас миний бүх цахим шууданг ил дэлгэ гэж хэлсэн. Улстөрийн намуудын дотоод сунгаа 2016 оны өвөл эхлэх учраас Хиллари Клинтон тун удахгүй шийдвэрээ зарлах байх. Сонирхолтой нь Хиллари Клинтоны эсрэг Бүгд Найрамдах намаас Жеб Буш өрсөлдөж магадгүй гэж яригдаж байна. Флорида мужийн захирагчаар ажиллаж байсан энэ эрхэм бол АНУ-ын 41 дэх ерөнхийлөгч Жорж Херберт Бушийн төрсөн хүү, 43 дахь ерөнхийлөгч Жорж Уокер Бушийн төрсөн дүү юм. Аав, ахтайгаа харьцуулбал харьцангуй аядуу үзэл баримтлалтай, мексик гаралтай эхнэртэй Жеб Буш 2016 онд Бүгд Найрамдах намаас гараад ирвэл бас ч шаггүй өрсөлдөгч болно. Бид 2016 оны арван нэгдүгээр сард Клинто ба Бушийн гэр бүлийн тулааныг дахин харж магадгүй. Учир нь 1992 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас Хиллари Клинтоны нөхөр Билл, Бүгд Найрамдах намаас Жеб Бушийн аав Жорж Херберт өрсөлдөж, залуу Билл Клинтон ялж байсан түүхтэй.
Г.ГАНБАЯР
Эх сурвалж: “ТОЙМ” сэтгүүл