С.Ганбаатар: Ерөнхийлөгчид талархаж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Ерөнхийлөгчид талархаж байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Улс төр дэх популизм хэрээс хэтэрч, Монголчуудын нэр хүнд гадны хөрөнгө оруулагчдын дунд унаж, татварын орлогийн ихэнхийг бүрдүүлж байсан мөнгөний урсгал татарсан” гэж  улстөрчид ярих боллоо. Үнэхээр популизмаас болж гадныхан үргэсэн үү?

-Монгол Улсад хөрөнгө оруулалт хэрэгтэй. Монголчууд хөрөнгө оруулалтын эсрэг хэзээ ч дуугарч байгаагүй. Гол нь тэр хөрөнгө оруулалтууд манай улсад ямар ашигтай юм бэ гэдгийг асуух эрхээ л эдэлж байна. Гэтэл ийм асуулт тавьсны төлөө хөрөнгө оруулагчид  уурлаж, ундууцан монголчуудын нэр хүнд унаж байна гэж ярьж болохгүй л дээ. Ингэж ярьж байгаа улстөрчдөд  эмгэнэл гэж хэлмээр байна. Хөрөнгө оруулагчдыг Монголоом гар гэсэн үг нэг ч Монгол хүний амнаас гарахгүй байх. Гадаадын хөрөнгө оруулалт 4.5 тэрбум ам.доллар байсан бол одоо 450 сая ам.доллар болчихлоо гэцгээж байна. Үүнийг хэн бүртгэсэн юм. Би Хөрөнгө оруулалтын газарт өөрийн биеэр очиж өнгөрсөн хугацаанд оруулсан гэж байгаа хөрөнгө оруулалт яг хийгдсэн үү, хийгдсэн бол тэр мөнгөөр юу хийсэн юм гэж асууж байсан. Өнөөдөр Хөрөнгө оруулалтын газар гадаадын хөрөнгө оруулагчдын мөрөөдлийн жагсаалтыг бүртгэж авдаг газар болчихсон байна. Тэд дуртай үедээ нэг хүрз оруулж ирчихээд түүнийгээ өөрсдийн хүслээр үнэлж байх жишээтэй. Гэтэл үүнийг нь бүртгэж байгаа судалгаа, шинжилгээний газар байна уу гэдэг нь сонин. Хөрөнгө оруулалтын газрын тухай хуулийг хэн гаргасан юм бэ. Хөрөнгө оруулалт хийнэ гэж орж ирэх гээд байгаа Рио Тинто мэтийн компаниудын захиалгаар Дэлхийн банк, Олон улсын валютийн сан, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын зөвлөсний дагуу Хөрөнгө оруулалтын газрын тухай хуулийг баталсан юм биш үү гэж хардахад хүрч байгаагаа нуугаад яах вэ. Үүнийг эргэж харж ярих боломжийг эрэлхийлэх ёстой.

 –Таныг популист гэгдээд байгаа хүмүүсийн тоонд албан ёсоор оруулаад байгаа шүү дээ?

-Популист гэж нэрлэж муу хэлж байгаа хэдэн хүнээс болоод гадны хөрөнгө оруулагчид дайжиж байна гэж ярьж байна. Тэдний яриад байгаа хөрөнгө оруулагчид нь ч гэсэн асуулга тавьсны төлөө хормойгоо шуугаад гараад явчихаж байгаа бол энэ эцсийн дүндээ хөрөнгө оруулалт биш байсан гэдгийг баталж байна. Хөрөнгө оруулалт гэдэг хөрөнгөө тогтовортойгоор байршуулж, хамтын ашиг бий болгон ашгаа хуваахыг хэлдэг.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн "3.1.1 Монгол улсын нутаг дэвсгэрт ашгийн төлөө үй ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг "хэлнэ гэж заасан байдаг. Гэтэл хөрөнгөө оруулсан уу гэдгийг өнөөдөр хэн шалгаж байна вэ гэдэг асуултыг дахин тавимаар байна. “Hot money” гэдэгчлэн эдийн засгийг нь хөөсрүүлээд ашгийг нь халааслаад явахыг хэзээ ч хөрөнгө оруулалт гэхгүй. Монголд ашиггүй энэ бүх үйл ажиллагааг хийх сонирхолтой гадныхны гар хөл болж байгаа хүмүүс өнөөдөр олон нийттэй харилцах байгууллагуудад нөлөөлсөн хэвээр л байна. Тэр хүмүүсийн захиалгаар ард иргэдийн толгойг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан угааж байна.

Бид хөрөнгө оруулалтыг хэрхэн үйлдвэр, бүтээн байгуулалт болгох вэ гэдэг дээр санаагаа чилээх ёстой, дээр нь ямар ч ашгаас илүү үнэт зүйлтэйгээ хэзээ ч мартаж болохгүй.

Бас  төрийн шийдвэр гаргаж байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг ашиггүй болсон гэдгийг дээр, дооргүй ярьдаг: Энэ бол манай хамгийн том хөрөнгө оруулалт. Гэтэл энэ бүхнийг Монгол Улсад яаж ашигтай болгох вэ гэж асуусан хүмүүсийг намнаж, гадаадын зарим байгууллагын оролцоотойгоор популист гэдэг нэр томъёог нийгэмд тарааж байна. Үүний өмнөхөн “Муусайн эх орончид” гэдэг  кампанит ажлыг өрнүүлсэн ч бүтэлгүйтсэн учир өнөөдөр популист гээд яриад эхэлчихлээ л дээ. Популист гэдэг чинь олонхийн эрх ашгийг дээдэлж, элит цөөнхийн эрх ашигтай эсрэгцүүлэ үйл ажиллагаа явуулдаг улс төрийн хөтөлбөрийг хэлнэ гэж Баабарын Британика толин дээр тодорхойлсон байна билээ. Тэгэхээр популист гэдэг чинь олонхийн төлөө гэсэн санаа байгаа биз. Би олонхийн төлөө дуугардаг нь үнэн.

Норвегийн парламентаас уул уурхайн баялгийг улс төр, бизнесийн цөөн хэдэн бүлэглэлд хүртээхгүйгээр олон нийтийн эрх ашигт зориулна гэсэн хууль гаргасан байдаг. Тэгвэл Норвеги хамгийн популист орон болж таарах нь ээ. Дээр нь нэмээд ардчилал гэж юу вэ гэдэг тодорхойлолтыг нэг харчихаарай гэж ийм яриа гаргаад байгаа хүмүүст хэлмээр байна. Тэр нь цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж, олонхийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулж, шийдвэр гаргахыг хэлнэ гэж байгаа. Тэгэхээр ардчилал гэдэг үг чинь өөрөө хамгийн популист үг болж таарч байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэрийдлээр монголд ашиггүй үйл ажиллагаа явуулах гэж байна уу гэдгийг асуух эрх бидэнд бий. Уул уурхайн томоохон хөрөнгө оруулалт гээд байгаа бүхэн чинь бүгд зээл шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулалт гэж зээлийг хэлэх юм уу гэж асуумаар байна.

-Яг энэ асуудлын тод жишээ болоод байгаа Ноён уулыг ашиглах эсэх дээр улстөрчид төдийгүй ард түмэн хоёр хуваагдчихаад байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч Ч.Элбэгдорж өөрийн байр суурийг илэрхийлсэн. Та сонссон байх?

-Монголчууд бид хүчтэй ойлголцолтой байх ёстой. Ингэж байж л  сайхан амьдарна. Монгол Улсад хөрөнгө оруулах гэж биш зөвхөн ашиг олох гэж ирсэн зарим хүнд монголчууд үл ойлголцох нь ашигтай байгаа байх. Тиймээс бид хэнийг баярлуулах гэж ойлголцолд хүрэхгүй байх вэ гэдгийг ч бодох ёстой. Бид хөрөнгө оруулалтыг хэрхэн үйлдвэр, бүтээн байгуулалт болгох вэ гэдэг дээр санаагаа чилээх ёстой, дээр нь ямар ч ашгаас илүү үнэт зүйлтэйгээ хэзээ ч мартаж болохгүй. Бидний түүх соёл, өв уламжлал, өвөг дээдэс, Монгол Улсын тусгаар тогтнол ямар ч алтаар үнэлэшгүй зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхийг сонсоод талархах сэтгэл төрсөн. Телевизийн ярилцлагыг үзсэн Ерөнхийлөгч чин сэтгэлээсээ хүндрэлтэй байгаа бүхнээ нээлттэй ярилаа. Ноён уулыг ашиглах эсэхийг ард түмнээрээ шийдүүлнэ гэсэнд нь би үнэхээр баярлаж байна.

"Хэн нэгэн эрх мяндагтан гадныхантай нийлж, ард иргэдийн төлөөх нэрийдлээр Ноён уулыг ашиглах нь зохисгүй" гэж хэлсэнд нь үнэхээр хүндэтгэлтэй хандаж байгаа. Ерөнхийлөгч өөрийн байр суурин дээрээ хатуу зогсож чадлаа. Мэдээж улс төр, эдийн засаглалын бүлэглэлүүдийн нөлөөлөл байсан л байх. Гэхдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмнийхээ талд байж чадлаа.

-Улс төр, эдийн засгийн бүлэглэлийн нөлөөлөл байсан ч Ерөнхийлөгч давж гарсан гэж бодож байна гэж хэллээ. Үүнийгээ тодруулна уу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үүрэгт ажлынхаа үлдэж байгаа буюу хоёр жилийн хугацаанд ард түмнийхээ төлөө чин сэтгэлээсээ хөдөлмөрлөх боломж байгаа гэдгээ илэрхийлсэн болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр ирж байгаа хоёр жилд улстөрч болгон зориглож хийж чаддаггүй томоохон шинэчлэлийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийх юм байна гэсэн хүлээлт үүссэн. Найдаж байгаа.

 -Ярилцсанд баярлалаа.

С.ОТГОНСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж