-Хоккейчид маргааш буюу гуравдугаар сарын 14-ний өдөр Макаотой тоглоно-
Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй “Сhallenge Cup” тэмцээн энэ сарын 13-20-ны өдрүүдэд Тайваний Тайпэй хотноо болно. Тус тэмцээнд оролцох манай улсын шайбтай хоккейн шигшээ баг өчигдөр тус улсыг зорилоо.
“Challenge Cup of Asia-2015” тэмцээнд Тайвань, АНЭУ, Монгол, Тайланд, Макао зэрэг таван улс оролцож байна. Энэ жилийн тэмцээнийг Хонгконгийн баг өнжиж байна.
Манай хоккейчид ОХУ-ын Чита хотод 14 хоногийн бэлтгэл хийсэн юм.
Шигшээ багийг А.Энхбат удирдаж байгаа бол Н.Мишигсүрэн дасгалжуулагчтай 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн тэмцээнд өрсөлдөнө. Хоккейчид эхний тоглолтоо гуравдугаар сарын 14-ний өдөр Макаотой хийх бол удаад нь АНЭУ, Тайвань, Тайландын багуудтай тоглох юм.
Дашрамд дуулгахад, Монгол Улсын шигшээ баг “Сhallenge Cup” тэмцээнд энэ жил тав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2013, 2014 онуудад дараалан хүрэл медаль хүртсэн билээ.
Ч.БОЛОР