Хамгийн стресстэй мэргэжил

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Хамгийн стресстэй мэргэжил

Дэлхийн олон сая хүн олон янзын ажил мэргэжил эрхэлдэг. Эдгээр ажил мэргэжлүүдээс хамгийн их стресстэй нь аль гэж та бодож байна. Тэгвэл АНУ-ын “Эрүүл мэнд” сэтгүүлээс дэлхийн хамгийн стресстэй ажил мэргэжлийн жагсаалтыг нарийн судалгаан дээр үндэслэн гаргажээ.


ГАЛ СӨНӨӨГЧ

Энэ дэлхийн хамгийн стресс ихтэй ажил бол гал сөнөөгч гэнэ. Тэдний ажиллах орчин нөхцөл, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл, байнга олны нүдэнд ил ажилладаг, амралтын өдрөөрөө ч гэсэн үргэлж ажлын дуудлагад бэлэн байх ёстой зэрэг нь ийнхүү жагсаалтыг тэргүүлэхэд хүргэсэн байна.

Тэд байнга тооцох боломжгүй эрсдэлтэй нүүр тулж, гал түймрийн дундаас хэнийг нь аврах боломжтойг сонгох зэрэг хүнд сонголтуудыг хийж байдаг учраас тэднийг 7 хоногт дор хаяж 3 цагийн сэтгэл заслын тайвшруулах эмчилгээнд орж байхыг санал болгодог байна. Мөн аль болох зай талбай ихтэй агаартай орчинд тайван амрахыг чухалчлахыг сануулдаг байна.


ОНГОЦНЫ НИСГЭГЧ

Олон зуун зорчигчдын амь нас, олон тэрбумын үнэтэй онгоцны аюулгүй байдлыг толгойгоороо хариуцан яваа онгоцны нисгэгч бас л чамгүй стресстэй байдаг байна. Тэднийг ямар ч нөхцөл байдалд орсон сэтгэлзүйн хувьд тайван байж, хурдан сэтгэн, оновчтой шийдвэр гаргадаг байхад түлхүү анхаарч сургадаг. Ажлын байранд байхдаа ихэнх хугацааг суугаа байдалд өнгөрүүлдэг учраас тэднийг чөлөөт цагаа аль болох хөдөлгөөнтэй, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, чанга дуу чимээтэй хөгжмийн арга хэмжээ зэрэгт оролцож стрессээ гадагшлуулж байхыг сэтгэлзүйчид зөвлөдөг байна. Дэлхийн томоохон авиа компаниуд нисгэгч болон ажилчиддаа зориулсан тусгай сэтгэл заслын үйлчилгээг үзүүлдэг ба долоо хоног бүр сэтгэлзүйчтэйгээ уулзан шаардлагатай тохиолдолд эмчилгээ хийлгэдэг байна.


ЦЭРЭГ

Энэ ангилалд дайн байлдааны үйл ажиллагаанд оролцож буй цэргүүдийг л хамруулна. Байлдааны үеэр тэдниa харсан, сонссон бүхэн сэтгэлзүйн маш том цохилт болдог байна. Тиймээс үүргээ гүйцэтгэж дууссан цэргүүдийг энгийн амьдралдаа буцаж орохоос өмнө заавал сэтгэлзүйн оношлогоонд оруулж, шаардлагатай эмчилгээг хийдэг байна. Цэрэг бүрт харилцан адилгүй ч ихэнхдээ 1-2 сар, зарим тохиолдолд хэдэн жилээр ч үргэлжлэх нь байдаг аж.

Цэргүүдийг стрессээ тайлахын тулд тайван орчин бүрдүүлсэн газарт амрах, бусдад туслах сайн үйлсийн аянд оролцох гэх мэт аль болох эерэг энергитэй, хайрлах туслах аврах гэсэн хандлагыг үүсгэсэн зүйлс хийхийг зөвлөдөг аж.


ЦАГДАА

Үргэлж гэмт хэрэг, сөрөг мэдээлэл дунд ажлаа хийдэг цагдаа нарын ажил стресстэй байх нь дамжиггүй. АНУ, Герман, Англи, Франц, Япон зэрэг орнуудад цагдаагийн байгууллага нь дэргэдээ албан хаагчдад сэтгэлзүйн тусламж үзүүлэх төвийг ажиллуулдаг байна.

Тайвшруулах амрах өрөө ч байдаг ба хүнд өдрийн дараа гэртээ харихаасаа өмнө өөрийгаа тайвшруулж, сэтгэлзүйн зөвлөгөө авч байхыг зөвлөдөг аж. Мөн хүнд гэмт хэргийн мөрдөгчдийг долоо хоног дор хаяж гурван цагийг сэтгэлзүйчтэй ярилцахад зарцуулах шаардлагыг тавьдаг байна.


ХҮҮХЭД БОЛОН ӨВЧТӨН АСРАГЧ

Хүүхэд, өндөр настан, хүнд өвчтэй зэрэг хүнийг асрах ажил нь нэлээн тэвчээр шаардсан мэргэжил гэнэ. Өдөржин хэн нэгнийг хооллож, асарч, сувилж, анхаарч, халамжлахаас гадна аюулгүй байдлыг нь хангаж, хариуцлага хүлээнэ гэдэг амаргүй нь ойлгомжтой.

Нэн ялангуяа хүнд өвчтэй хүнийг асрах нь сэтгэлзүйн хүнд дарамт авдгийг онцолжээ.

Ийм ажил мэргэжилтэй хүмүүсийг чөлөөт цагаа аль болох зөвхөн өөртөө анхаарах, өөрийгөө зугаацуулах, өөрийн хүссэнээ хийх зэрэгт зориулахыг зөвлөдөг байна. Учир нь тэд ажлын цагаа бүрэн өөр нэгэнд зориулдаг шүү дээ.

 


СЭТГҮҮЛЧ

Өдөр бүр өөр өөр хүмүүстэй уулзаж, мэдээллийн хойноос хөөцөлдөж, халуун цэгүүдэд хүрч ажилладаг сэтгүүлчид бас л хүнд нөхцөлд, стресс ихтэй ажилладаг хүмүүс гэнэ.Улс төр, эдийн засаг болон эрэн сурвалжлах баримтат чиглэлийн сэтгүүлчид нэн ялангуяа дарамт шахалт ихтэй, тэр бүү хэл амь насанд нь ч эрсдэлтэй байдаг байна.

Сэтгүүлчдийг стрессээ тайлахдаа спортоор хичээллэх, бясалгал хийх, бичиг цаастай холбоогүй шинэ хобби нээж түүнийгээ хөгжүүлэх, ажлын өдрүүдийг бусдын үгийг дамжуулж, бусдад хамаатай олон мэдээлэлд анхаарч өнгөрүүлдэг учир амралтын өдрүүдийг зөвхөн өөртөө, гэр бүлдээ зориулж байхыг зөвлөдөг байна.


БАГШ

Цэцэрлэг, сургууль, их сургуулийн багш нар үргэлж, олон “нүдний” өмнө ажиллаж, өдөржин хүүхдүүд оюутнуудын асуултаар булуулж, оюун ухааны хүнд сорилттой тулж байдаг хүмүүс.

Бие галбир, гадаад байдал, хувцаслалт, мэдлэг гээд тэдэнд санаа зовох юм маш их. Тиймээс сэтгэлзүйчид тэднийг чөлөөт цагаа гэр бүлтэйгээ эсвэл өөрийг нь танихгүй хүмүүсийн дунд сэтгэл амар өнгөрүүлж, тоглоом тоглох, оюунаа амраах чиглэлийн зүйлс хийхийг зөвлөдөг байна.

 


ЖҮЖИГЧИН, ДУУЧИН

Байнга л олны нүдэнд ил амьдарч, алдаа оноо бүхэн нь хүмүүсийн анхаарлыг татаж байдаг тэднийг хүмүүс аз жаргалтай байдаг гэж эндүүрдэг гэнэ. Мэргэжлийн онцлогоос шалтгаалан сэтгэлийн хөдөлгөөн ихтэй стрессээ даван дийлж чадахгүйгээс сэтгэл гутралд орох, элдэв төрлийн мансууруулах төрлийн зүйл хэрэглэх, тэр бүү хэл амиа хорлох нь олон байдаг байна.

Тиймээс тэднийг хувийн сэтгэлзүйчтэй байж, байнга хамтран ажиллаж байхыг зөвлөдөг байна. Харин чөлөөт цагаа ном сэтгүүл унших, мэдлэг олж авах, бясалгал хийх, багийн спортоор хичээллэх зэргийг түлхүү зөвлөдөг байна.

 


НИЙГМИЙН АЖИЛТАН

Олон нийттэй харьцаж, зовлон бэрхшээлийг нь сонсож, судалж, үүсэж болох хүчирхийллийг эрт илрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах, бусад байгууллагуудтай холбох, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө өгөх гээд нийгмийн ажилтны хийх ажил асар их.

Ажлаа хийж явахдаа сэтгэл сэрдхийлгэм хэргийн гэрч болох, өөрөө хүчирхийлэлд өртөх, түмэн янзын амьдралтай хүмүүсийн наян зовлонг сонсох зэрэг нь тэдний ажлыг стресс ихтэй ажлын жагсаалтад багтаажээ.

Тэднийг долоо хоног бүр сэтгэлзүйн зөвлөгөө авч байхыг зөвлөдөг ба чөлөөт цагаа аль болох хүмүүстэй харьцдаггүй, өөрөөрөө байж чадах орчинд амрахыг санал болгодог байна.


ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ХҮЛЭЭН АВАХЫН АЖИЛЧИД

Эмнэлгийн хүлээх авах гээд төсөөлөнгүүт л тэдний ажилладаг орчин шууд л таны нүдэнд харагдах шиг болж байгаа байх. Өвдсөн, бэртсэн, гэмтсэн гээд ямар нэгэн зовиур шаналгаатай хүмүүс л тэнд ирнэ. Ийм хүмүүстэй ажиллах үед маш их тэвчээр, сэтгэлзүйн бэлтгэл хэрэгтэй байдаг аж.

Эмч нарыг сард дор хаяж нэг удаа сэтгэлзүйчтэй уулзаж, ярилцаж байхыг зөвлөдөг байна. Мөн тэднийг аялж зугаалах, идэвхитэй хөдөлгөөн хийх, спортоор тогтмол хичээллэх байхыг санал болгодог байна.

 

Бэлтгэсэн Н.ЦЭНДСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж