“Нар тоссон нутгийнхан” чуулга уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

“Нар тоссон нутгийнхан” чуулга уулзалт боллоо

“Нар тоссон нутгийнхан дорнодчууд” чуулга уулзалт өнгөрөгч амралтын өдөр Гачуурт дахь Монгол шилтгээнд боллоо. Тус чуулга уулзалтыг “Дорнод нутаг” клуб, Улаанбаатар хот дахь Нутгийн удирдлагын зөвлөл, тус аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулсан юм.  Дорнод аймгаас энэхүү уулзалтыг зорин 100 гаруй иргэд  хүрэлцэн ирж оролцсон юм.

Уулзалтын гол зорилго Улаанбаатар хотод амьдарч буй Дорнод нутгийнхныг нутгаа хөгжүүлэх их ажилд нэгдэн нэгтгэж, түүх соёлоо хойч үедээ үргэлжлүүлэн хадгалуулах, нутаг орны хөгжлийн хүрээг улам тэлэх их зорилготой байлаа. Чуулга уулзалтад паралимпийн аварга Д.Баатаржав болон урлаг, спортын алдартнууд хүрэлцэн ирсэн байв.

“Морин хуурын чуулга” чуулга бүрэн бүрэлдэхүүнтэй ирж, Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүллээ. Эл өдөр дорнодчуудын үе үеийн бахархал бол Төрийн дууллын хөгжмийг бичсэн Монгол Улсын төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Ц.Дамдинсүрэн болон төрийн соёмбыг урласан Донров нараараа бахархаж байлаа. Уулзалтын үеэр Дорнод нутгаас төрөн гарсан алдартнууд урлагийн тоглолт сонирхуулж мөн бизнес уулзалт хийж, Дорнодын залуусын дунд спорт, урлагийн арга хэмжээ зохион байгуулав.

Хэдийгээр энэхүү анхдугаар чуулга уулзалт 1000 гаруй зочид хүрэлцэн ирсэн ч Улаанбаатар хотод амьдарч буй Дорнодчуудыг уулзуулсан их уулзалт, цаашид хийх олон арван ажлын эхлэлийг тавилаа  хэмээн тус холбооны залуус онцолж байлаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж