“Мөрөөдөл” хүүхдийн телевизээс бяцхан үзэгчдийн дунд зохиосон “Mongolian Kids Choice Awards 2011” наадам өнгөрсөн баасан гаригт боллоо. Хүүхэд багачуудын дунд цахим хаягаар болон дүүргүүдэд явуулын хайрцаг аялуулан хамгийн олон санал авсан дуу, дуучин, хамтлаг, жүжигчин, кино, телевизийн нэвтрүүлэг, ном, кино, тамирчин, үе тэнгийн алдартан гэсэн есөн төрөлд шилдгийн шилдгийг нэрлэлээ. Тэд энэхүү санал асуулгаар юу сонирхож, ямар зүйл таалагдаж буйгаа илэрхийлсэн юм.
Тус санал асуулгын дүнгээр хүүхдийн шилдэг дуучнаар Д.Болд “Миний хоёр эрдэнэ”, шилдэг дэлгэцийн бүтээлээр “Х-Түц” продакшны “Болсон явдал” инээдмийн кино, шилдэг тамирчнаар олимпийн аварга Э.Бадар-Ууган, шилдэг жүжигчнээр “Шинэ үе” продакшны захирал, жүжигчин Н.Ариунболд, шилдэг нэвтрүүлгээр МҮОНРТ-ийн “Hey Hey”, шилдэг хамтлагаар “Мотив” шалгарсан бол хүүхдийн шилдэг номоор “Ирмүүн” агентлагаас эрхлэн гаргадаг “Динза” цуврал шалгарчээ.
Монголд анх удаа болсон “Mongolian Kids Choice Awards 2011” наадмыг “Мөрөөдөл” телевиз, Нийслэлийн хүүхдийн төлөө газар, BTV телевизтэй хамтран цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болжээ.
А.Зул