Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй охид, мөн бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөх байдал өндөр хувь эзлэх болжээ. Судалгаанаас үзвэл хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүдийн найман хувь нь огт танихгүй хүнд хүчирхийлүүлсэн гэсэн бол 33 хувь нь хойд эцэгтээ, 59 хувь нь хамаатан садан, танил тал, хүмүүстээ хүчирхийлүүлсэн гэсэн байна.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид бүсгүйчүүдийн хувьд сэтгэл санааны маш хүнд дарамтад ордог тул тэдний сэтгэлийг засах үүднээс тусгай төв ажиллуулах болсон аж. Тодруулж хэлбэл, Шүүх эмнэлгийн дэргэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхэлж “Нэг цэгийн үйлчилгээ” нэртэй төв ажиллуулах болжээ. Цаашид энэ төвийг жинхэнэ утгаар нь ажиллуулахын тулд эмэгтэй цагдаа нарыг бэлтгэх, сэтгэл зүйчдийг сургах, охидын эмч нарыг бэлтгэх асуудал чухлаар тавигдаж буйг энэ үеэр хөндлөө. Түүнчлэн Шүүх эмнэлгийнхэн ачаалал ихтэй ажилладаг болохоо ч дуулгалаа. Үндсэндээ 20 хүн энэхүү шүүх эмнэлэгт ажилладаг. Цалин авахгүйгээр “Нэг цагийн үйлчилгээ”-ний төвд эмч нар ажиллаж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид, бүсгүйчүүдэд сэтгэл засал болоод эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж, мөн нэг ажилтан нь хэрэг бүртгэлээ явуулдаг аж.
Цаашид анхаарах асуудал нь эмч нарыг нэмэх, тэр дундаа охидын эмчийг Эрүүл мэндийн яам бодлогоор бэлтгэх шаардлагатай байна гэдгийг энэ үеэр онцлон хүслээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд охидын эмч ганцхан Эх нялхас, эрдэм шинжилгээний төвд байдаг аж. Түүнчлэн нийгмийн ажилтан ажиллуулах шаардлага бийг дуулгав.
Одоогийн байдлаар Шүүх эмнэлгийн харьяанд байх нэг цэгийн төвөөс гадна мөн хоёр төв ажилладаг аж. Эдгээр төвийг нийслэлийн есөн дүүрэгт ажиллуулахад 60-70 сая төгрөг шаардлагатай юм байна.