Нийгмийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хийсэн "Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар" нэртэй судалгааны хариуг өнөөдөр танилцууллаа. Энэхүү судалгааны ажлын дүнг танилцуулах арга хэмжээнд Нийгмийн ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа, Фридрих Эбертийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан захирал Ч.Оюунгэрэл болон эмэгтэйчүүдийн талаар үйл ажиллагаагаа явуулдаг төрийн бус байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцсон юм.
Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар судалгааг Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэй Стратеги академи болон МУИС-ийн Улс төр судлалын тэнхимтэй хамтран орон даяар явуулсан байна. Энэхүү судалгааг нэг жилийн турш хийсэн ба 21 аймгийн есөн дүүргийн нийт 15004 эмэгтэй хамрагджээ. Судалгааны ерөнхий дүнгээр эмэгтэйчүүдийн амьдралын чанар муу буюу 10 байхаас 2,1 гэсэн хариу гарчээ. Түүн дундаас улс төрийн байдал 10 байхаас 1,3, нийгмийн байдал 1,4 байгаа нь хамгийн муу үнэлгээтэй байгаа юм.
Нийгмийн ардчилсан монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Цогзолмаа хэлэхдээ "Эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд олон асуудал гаргаж тавьж байгаа боловч тооцоо судалгаа байхгүй, нэгдсэн үндэслэлгүй, тоо баримтгүй байсан учраас төр засгийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудлыг гаргаж тавьж чаддаггүй байсан. Энэ судалгааны дүнгээс харахад эмэгтэйчүүдийн амьдралын чанар муу гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн жилүүдэд дундаж өрхийн орлого 150 0000 төгрөг байна гэж мэдээлсэн боловч манай судалгаагаар нийт эмэгтэйчүүдийн 24 хувь нь сардаа 100-200 мянган төгрөгний орлоготой байна. Иймээс бид эмэгтэйчүүдийн асуудалд төрийн болон нийгмийн анхаарлыг хандуулж, эдгээр асуудлуудыг шийдэхийн төлөө ажиллах болно" гэсэн юм.
Б.БИЛГЭЭ