Монголын улстөр, бодлого боловсруулагч хэсгийнхний замнасан зам мөр, туулсан болон туулж яваа намтар нь тун сонирхолтой.
Аль нэг яаманд ажилд орж төрийн албан хаагч болсон л бол сайдынхаа арга эвийг олж байгаад чимээгүйхэн дэвшээд яваад байна. 10-20 жил чимээгүйхэн мяраасаар аль нэг хэлтсийн даргын суудалд тухлаад авбал тэнгэрийн өнөөхийг атгалаа л гэсэн үг. Гэтэл зарим хэсэг нь “Тэнгэрээс татлага”-тай бол газар, хэлтсийн даргын суудлыг алгасаад “Сараз моёор” гэдэг шиг л Төрийн нарийн, бүр дэд сайдын суудалд тухлаад авдаг.
Өнөөдрийн дэд сайдуудын ихэнх нь 2016 оны УИХ-ын сонгуульд сайн дураараа өөрсдийгөө сойгсод гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй. Тэгтэл дэд сайдаас буусан ч хэлтсийн даргаас ховхордоггүй жаатай нөхөд бас байна аа.
Ордны сурвалжлагч хүүхнүүд өчигдөр болсон нэгэн хэвлэлийн хурлын өмнө “Одоо та нар нэгэн жаатай эрхмийг харна” гээд байсан нь ХАХНХ-ын яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Тувааныг хэлсэн хэрэг байжээ.
Үнэхээр ч өмнөх засгийн үед Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны дэд сайдын алба хашиж нэг хэсэг бүр сайн дураараа огцорсон Х.Баттулгын оронд жинхэлнэ гэгдэж байсан ч тэгсгээд яамных нь нэр ч өөрчлөгдсөн, Ц.Туваан ч чимээгүй болсон билээ.
Тэгтэл ХАХНХ-ын яамны газрын дарга болчихоод дахиад гараад ирдэг байна. Харин энэ удаа Ц.Туваан хаа хүртэл явах нь сонирхолтой хэвээр үлдэж байна.
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"