Немцовын охин аллагыг улс төрийн сэдэлтэй гэв

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Немцовын охин аллагыг улс төрийн сэдэлтэй гэв

Борис Немцовын охин Жанна

 

Оросын сөрөг хүчний лидер агсан Борис Немцовын охин Жанна эцгийнхээ үхлээс хойш анх удаа телевизэд ярилцлага өгчээ. Тэрээр эцгийнхний үхэлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг улс төрийн хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдсэн байна. Жанна Немцова “Би түүнийг /Владимир Путин/ шууд буруутгаж чадахгүй. Гэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч тэргүүтэй эрх баригчид төрийн тэргүүний хувиар улс төрийн хариуцлага хүлээнэ. Аллагыг хэн нэгэн захиалсан гэх нотолгоо байхгүй. Гэхдээ энэ нь л улс төрийн зорилготой гэдгийг нь баталж байна. Энэ аллагаас хойш Оросын сөрөг хүчнийхэн толгойгүй боллоо. Тэд айсандаа үг дуугарч чадахгүй” хэмээн ярьсан байна.


Борис Немцовыг гуравдугаар сарын 6-ны орой Кремлийн ойролцоо гүүрэн дээр явж байхад нь үл таних этгээдүүд найз бүсгүйнх нь дэргэд олон удаа буудаж хөнөөсөн юм. Оросын сөрөг хүчний тэргүүн тэрээр Владимир Путиныг хурцаар шүүмжлэгч байсны хувьд түүний үхэлд ОХУ-ын ерөнхийлөгчийг сэжиглэх хардлага их байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сөрөг хүчний тэргүүний үхэлд буруутай гэмт этгээдүүдийг илрүүлж, хуулийн өмнө авчирахаа амласан юм. Харин Борис Немцовын охин тийм зүйл болно гэдэгт итгэлгүй байгаа аж.


30 настай Жанна Немцова хэргийн мөрдөн байцаалтын талаар хэвлэлээс л олж мэдэж буйгаа ярьжээ. Тэрээр “Аавын гар утас, хувийн эд зүйлс хаана байгааг мэдэхгүй. Би хэргийн талаар сонин, хэвлэлээр мэдээлснээс илүү юу ч мэдэхгүй” хэмээсэн байна. Жанна эцэгтэйгээ маш ойр дотно, хэнээс ч илүү хайртай байснаа дурсан ярьжээ. Тэрээр “Миний эцэг баатарлагаар амь үрэгдсэн гэж бодож байна. Тэр маш зоригтой, ухаалаг, бодолтой, авъяаслаг физикч байсан” хэмээв. Өдгөө Жанна Немцова Германд байгаа аж.

 

Эх сурвалж: CNN
Б.АНХТУЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж