&#34Оюутолгойтой холбоотой 7 баримтыг АТГ-т өгсөн&#34

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

&#34Оюутолгойтой холбоотой 7 баримтыг АТГ-т өгсөн&#34

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

 

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Үүнийг зарим эдийн засагчид популизм хийж байгаа улстөрчдөөс шалтгаалж байна гэж тайлбарлаж байна. Таныг зарим хүмүүс популизм их хийдэг гэж шүүмжилдэг. Жишээ нь сүүлийн үед цахим ертөнцөөр таны   цасанд суучихсан автомашиныхаа гаргахаар хүрздээд цас цэвэрлэж байгаа тэр зургийг тань нэрлэж байгаа. Та үүнтэй хэр санал нийлэх вэ?

 

-Манай Дарханы Гурван шарын хажууд баг дээрээ ажиллаж байхад автомашин маань үнэхээр цасанд суусан. Миний туслах Мягмардорж утас аваад зураг авч тавьсан байна лээ. Үүнд юуных нь популизм байх вэ дээ. Нэг зүйл хэлье. Популистууд хүмүүст таалагдсан, хэрэгжих боломжгүй зүйлийг ярьдаг гэж ойлгож байгаа. Тэгвэл миний амнаас та бүхэн өнгөрсөн 11 жилийн туршид бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтгүйгээр битгий шийдвэр гаргаач гэсэн үгийг сонссон. Өнөөдөр хөрөнгө оруулалтууд бүгдээрээ ямар ч техник эдийн засгийн үндэслэл нь гараагүй байхад батлагдаад байна. Судалгаа, шинжээчийн дүгнэлтгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг аюул гэдгийг би байнга хэлдэг. Чуулган дээр өнгөрсөн гурван жилийн туршид миний байнга ярьсан зүйл бол ядаж л хадаасаа хийчихье. Гангийн үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэрээ барья. Тэр Н.Намжин гуайн яриад байгаа Нефтийн боловсруулах үйлдвэрийг яагаад алга болгов. Үүнд хүчээ төлөвлөрүүлье. н.Намжин гуайн тэр нефтийн үйлдвэр төсөв нь боловсруулагдчихсан, санхүүжилт нь шийдэгдчихсэн байхад яагаад үүнийг гурван жил гацаав. Энэ л зүйлүүдийг ярьж байгаа.

 

Популизм гэдэг үгийг Баабар гуайн Британика толь дээрээс үзээрэй. Үнэн, би популист хийдэг. Популист гэдэг бол элит зөвхөн өөрийнхөө баяжуулах зорилготой улс төр, эдийн засгийн элит бүлэглэлийг эсэргэцүүлж, жирийн нийт ард иргэд ядуу, зүдүү амьдраад байгааг л харж үзээд бодлогын шийдвэрт нөлөөлөх гэж оролддогийг л хэлдэг. Жишээ нь манай эдийн засаг 7.8 хувиар 2014 онд өслөө гэдэг тооцоо байгаа. Нүүрс, зэсийн борлуулалт өслөө. Гэтэл яагаад хүмүүсийн амьдрал ингэж уруудаж доройтоод байгаа юм гэхээр баян элит хэсэг нь улам и  баяжиж байна гэсэн үг. Үүнийгээ эргэж хараад юу нь болохгүй байна гэж ярилцах боломж байна уу гэж асуусны төлөө популист гэж сонсож байгаа бол ном ёсоороо л байна гэсэн үг.

 

-Энэ нь эргээд эдийн засагт хэр нөлөөлж байгаа бол. Та бүхэн хэр судалгаатай популизмаа хийж байгаа вэ?

 

-Би хамгийн их судалгаатай яриач ээ гэдгийг хэлдэг хүн.

 

-Та өөрөө хэр судалгаа хийж байна?

 

-Миний асууж байгаа зүйл бүгд судалгаатай. Би Оюутолгойн талаар 138 асуулт асуусан байдаг. Оюутолгойн талаар надад хариулдаггүй байна аа гэдэг миний хэмжээнд судалсан хүн Засгийн газарт байхгүй гэсэн үг байж мэднэ. Судалгаанууд дээрээ дүгнээд хэлэхэд, миний Ганбаатар Сайнхүү гээд фэйсбүүк хаягаар орвол би их баярлана. Тэнд гадаадын хөрөнгө оруулалт гэж нэрлэж байгаа 8.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Оюутолгой хийсэн гэж байгаа. Энэ бол жил гурван сарын өмнөх судалгаа. Түүн дээр “Rio Tinto South of Asia” гэдэг санхүүжилтийг нь олж өгдөг компани 7.1 тэрбум ам.долларын ашигтай ажлласан байна гэж. Түүний цэвэр ашиг нь 6.9 тэрбум ам.доллар. Тэгвэл манайд хөрөнгө оруулалт нэрийдлээр мөнгө оруулж ирээд түүнийгээ бичилт хийгээд өөртөө 7.1 тэрбум ам.долларыг ашиг гээд аваад явсан байна гэдгийг судалгаатайгаар гаргаж ирээд “Би ийм мэдээлэл авлаа, эцсийн үнэн зөвийг нотолж өгөөч ээ” гээд Монгол Улсын Тагнуулын ерөнхий газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан.

 

Дээр нь нэмээд Монголд орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалтууд хаана бүртгүүлж байна гэдгийг би өөрөө Хөрөнгө оруулалтын газар дээр очиж судалсан. Тэнд албаны хүнтэй уулзаад энэ хөрөнгө оруулалт хэдийд орж ирсэн, хаана байршсан юу авсан гээд Хөрөнгө оруулалтын хуулийн 3.1.1 гээд /гадаадын хөрөнгө оруулалт гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулсан санхүүгийн тайланд туссан биет болон биет бус хөрөнгийг хэлнэ гэж заасан байдаг/ заалтын тухай асуусан. Гадаадын хөрөнгө оруулагчид өөрийнхөө хүрзийг зах зээлийн үнээс 1000 дахин өндөр үнээр үнэлсэн байлаа гэж бодоход үүнд Хөрөнгө оруулалтын газар олон улсын жишигт тааруулан бүртгэж авсан зүйл байдаггүй юм билээ. Өөрөөр хэлбэл манай Хөрөнгө оруулалтын газар бол мөрөөдлийн жагсаалтыг бүртгэж аваад суудаг нарийн бичгийн дарга болсон байна. Энэ Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг одоо хөрөнгө оруулагчид өөрсдөө лоббидож оруулж ирсэн байна гэж би үзээд байгаа.

 

-Ер нь та бүхэн мэдээлэл хэр хангалттай авч чадаж байна?

 

-Би мэдээллийг маш их цаг зав гаргаж, их зүдэрч байж олж авдаг. Үүнийг Засгийн газраас авахад авч болохгүй хаяж болохгүй хачин зүйл хэлдэг. Уул уурхайн хөрөнгө оруулалтуудын мэдээллүүдийг олон улсын хувьцаат компанийнх нь сайтаас орж авдаг. Жишээ нь Оюутолгойн мэдээллийг “Turquoise Hill” сайт руу ороход үнэхээр сайн мэдээллүүд байдаг. Харамсалтай нь монголтой холбоотой зүйлсийг хараар дарсан байдаг.

 

-Яагаад?

 

-Монголчуудад мэдээлэл хэрэггүй гэсэн үг. Яг хувьцаа эзэмшигчиддээ зориулсан мэдээлэл дандаа ил байгаа. Тэр мэдээллүүдээр нь анализ хийж би дүгнэлт, шийдвэрээ гаргадаг, асуулт асуудаг. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг уншаад үзээрэй. Монголд хөрөнгө оруулалт орж ирэхэд ямар ашигтай юм бэ гэдэг зүйл ерөөсөө байхгүй. Гадаадын хөрөнгө оруулагчийг л өөрийг нь баахан магтан дуулдаг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд монголын төрөөс оролцохгүй байж болно. Монголын төрөөс зохицуулалт заавал хийх ёстой. Төр бизнес хийж болохгүй ч төр бизнесийг зохицуулж болохгүй гэсэн үг ерөөсөө биш. Энэ утгаар нь ойлгоод байдаг. Төр өмчтэй байж болно. Өмчийнхөө талаар менежмент хийхгүй байж болно. Энэ зарчмын ойлголтуудыг 25 жил Дэлхийн банк, Валютын сангаас үүдэлтэй зөвлөхүүд маш их бидний толгойд нь хийлээ дээ.

 

-Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд одоо УИХ юу хийх вэ. Одоо чуулган завсарласан гишүүд тойрог дээрээ ажиллаж байна. Хаврын чуулганаас юу хүлээж болох вэ?

 

-Гадаадын хөрөнгө оруулалт энэ жил 9 дахин унасан гээд байгаа. 2 жилийн өмнө 9 дахин өсөж байсан юм бол нэгт санхүүчдийн ярьдгаар халуун мөнгө гэж ярьдаг хөөсрөлийг хөрөнгө оруулагчид бий болгож байгаад ашгийг нь аваад гараад явдаг. Хөрөнгө оруулалт гэдэг бол урт хугацаанд тогтвортой байхыг хэлдэг. Түүнийг төрөөс зохицуулдаг байх ёстой. Өнөөдөр хөрөнгө оруулалт унаад байгаа нь монголоос шалтгаалаагүй. Ганбаатараас шалтгаалсан бол би агуу том улстөрч болж таарч байна. Тийм хүчтэй улстөрч монголд байдаг гэвэл хүн итгэхгүй. Дээр нь хөрөнгө оруулагчдаас шалтгаалаагүй. Гол шалтгаалж байгаа юм нь Хятадын эдийн засаг асар удааширч байгаа. Хятадын эдийн засаг яагаад удааширч байгаа гэхээр баян хоосны ялгаа гараад эдийн засаг энэ чигээрээ хурдсаад байвал дээр нь байгаа сая хүн асар их тасарч доор нь байгаа олон тэрбум хүн маш их ядуурч нийгэм амгалан биш болно. Манайд яадаг вэ гэвэл баян хоосны ялгаа асар их байна. Тэр 9 дахин их хөрөнгө оруулалт орж ирснээрээ 400 мянган монгол залуу өнөөдөр яагаад гудамжинд ажилгүй байгаад байгааг асуух ёстой.

 

Хөрөнгө оруулалт орж ирж байгаа бол өөдөөс нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөө чинь хаана байна гэж Засгийн газар асуух ёстой. 70 хоногийн дотор хөрөнгө оруулагч төлөвлөгөөгөө батлуулдаг. Төлөвлөгөөгөө батлуулсан хөрөнгө оруулагч одоогоор нэг ч байхгүй. Оюутолгой үүнийг батлуулаагүй явж байгаа. Оюутолгой 9.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулан барилга нь баригдаад дууссан. Одоо бол баяжмалаа ухаад гаргана. Ингэхээр гаднаас хөрөнгө оруулах биш гарч байгаа зүйлээсээ цэвэр ашгаа авна гэсэн үг. Өнгөрсөн жил Оюутолгой 1 тэрбум зэсийн баяжмал, 184 мянган тонн зэс гаргасан гэсэн үг. 15.9 тонн буюу 16 тонн орчим алт гаргасан гэсэн үг. 31 тонн мөнгө гаргасан гээд нийтдээ 1 тэрбум 946 сая ам.доллрын борлуулалт хийсэн. Энэ орлогоос монголд олигтой зүйл юу байв гэдгийг асуух ёстой. Гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхэд төрийн зохицуулалт байх ёстой. Үүнд чи том мөнгө оруулж ирээд монголын бусад эрдэмтэн залуусыг ховх сорохгүй гэсэн баталгаа чинь хаана гэдгийг төрөөс зохицуулах ёстой. Та нар хамаатан садан, найз нөхдөөсөө сонссон бол манай гайгүй инженер, техникийн ажилтнуудыг Оюутолгой ховх сорно гэдэг бол Эрдэнэт ГОК бол Оюутолгойн сургалтын бааз болж хувирч байна гэсэн үг. Гайгүй сайн ажилчдаа 500 ам.долларын ахиугаар Оюутолгойд алдчихлаа. Энэ бол манай түвшинд сөргөөр нөлөөлж байна гэсэн үг.

 

Тиймээс төр чи манай боловсон хүчнийг сорох биш сургах ёстой. Сургах мөнгөө төсөвтөө батлуулсан уу гэх мэтчилэн хөрөнгө оруулагчдыг зохицуулах ёстой гэдэг санааг хэлж байгаа. Зохицуулалт бидэнд дутаад байгаа. Бид гаднаас зохицуулалтгүй ийм энгэрээ задгайлсан хөрөнгө оруулалтыг дуудахаас илүү одоо байгаа хөрөнгө оруулалтын орчноо чамбайруулж хөрөнгө оруулалтуудаа яаж ашигтай байх вэ гэдэг талаас нь эргэж харах ёстой. Энэ бол үргээсэн биш монголын эрх ашгийг асуусан асуулт гэсэн үг.

 

-Үүнд хөрөнгө оруулагчид хууль эрх зүйн орчин, улс төрийн тогтвортой байдлыг нэхдэг гэж ярьдаг. Гэтэл бид тэр бүхнийг цэгцэлж нэгтгэж чадаагүй юм бол хөрөнгө оруулагчдыг уриалах хэрэг юу байгаа юм бэ?

 

-Хөрөнгө оруулагчид монголын улс төрд дэндүү хүчтэй нөлөөлдөг. Баруунд уул уурхайн томоохон компаниуд хүрч ирээд хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийхдээ заавал төр засгийн байгууллагатай ярьдаг. Энэ бол тухайн ард түмний оюун ухаанд нөлөөлж засаг төрийг хүнд байдалд оруулна гэсэн үг. Үндсэндээ Оюутолгой баахан хүмүүсийг аваад дараа нь гэнэт халлаа шүү гэдэг Засгийн газарт шахалт үзүүлж байгаа явдал. Өнөөдөр тэд маш том гэрээнүүд хийдэг. Үүнээс болоод монголын улс төрд тэдний нөлөө ихэссэн. Оюутолгой дээр байгаа олон бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа гэрээнүүд нь монголын улстөрчидтэй нэр холбогдсон байдаг. Би 7 хүний нэрийг АТГ-т өгсөн. Тэндээс өнөөдрийг хүртэл надад хариу ирээгүй байгаа. Энэ мэтчилэн зүйлүүдээр хөрөнгө оруулагчид монголын улс төрийг бужигнуулдаг.  Хөрөнгө оруулагчдын тухай хууль нь монголд ямар ч ашиггүй байгаа тохиолдолд үргэлж бид ашигтай байлгах талаар асууна шүү дээ.

 

-Яагаад ашигтай хувилбартай хуулийг баталж чадахгүй байгаа юм?

 

-Оюутолгойн гэрээ ч юм уу, Хөрөнгө оруулалтын хуулийг батлуулах үед Дэлхийн банк, Валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагууд зөвлөгөө өгч энэ хуулиудыг батлуулсан. Норвеги улсад өнөөдөр Дэлхийн банк байдаггүй. Норвеги улсад уул уурхайн баялагаа ард түмэндээ өгдөг учраас өнөөдөр иргэн бүхэн дансандаа тооцох юм бол 2 сая ам.доллартай тэнцэх хэмжээний хадгаламжтай гэж үзэж байгаа. Энэ бол миний хүсэж, мөрөөддөг зүйл. Оюутолгойн гэрээг байгуулах үед 5 том капиталист орны элчин сайдууд ГХЯ-нд дарамтаа үзүүлж байлаа шүү дээ. Бидэнд ил далд хэлбэрээр зөвлөгөө нэрээр дарамт үзүүлж байсан олон донор байгууллагуудаас өнөөдөр яагаад гээд асуучих Засгийн газрын гишүүн, Ерөнхий сайд байна уу. Үүнийг тодорхой асуусан нь хөрөнгө оруулалтыг үргээсэн эсвэл ямар нэг байдлаар популист гэж нэр хоч зүүх нь хамаа ч үгүй. Монголын ард түмэнд ямар ашигтай вэ гэдгийг тодруулж асуултандаа хариулт авах нь УИХ-ын гишүүдийн үүрэг гэж би ойлгож байгаа.

 

-Одоо бид дахин Тавантолгойн гэрээг хийх гэж байна. Үүнд алдаагүй гэрээ хийхийн тулд яах ёстой вэ?

 

-Тавантолгой дээр би олигтой ярихгүй байгаа шүү дээ. Бие даасан шинжээч, дүгнэлт гаргадаг эрдэмтдийн дүгнэлтийг эхэлж гаргах ёстой. Бүгдээрээ зэсийн уурхайд олон жил ажилласан юм уу эсвэл нүүрсчин, ямаачин болчихдог.  УИХ-ын гишүүд бид юу ч мэдэхгүй гэдгээ мэдэх ёстой. Биднийг бүхнийг мэдэгч гэж сонгоогүй. Бүхнээс илүү итгэл даагаарай гэж сонгосон. Энэ гишүүдийн хажууд бол би геодезийн мэргэжилтэй хүн. Гэхдээ би юу ч мэдэхгүй гэдгээ мэдэж байгаа. Тэр утгаараа ШУТИС-ийн Уул уурхайн их сургуулийн захирал Чинзориг професортой үргэлж уулздаг. Ойрын үед Тавантолгой дээр дүгнэлтээ гаргаж иргэдэд мэдээлнэ. Хамгийн гол З.Энхболд, Ч.Сайханбилэг байна уу энэ том улстөрчид маань хөндлөнгийн бие даасан нөлөөнд ороогүй эрдэмтдийн дүгнэлтийг авч байж дүгнэлтээ гаргавал даргаа нь амар. Би Оюутолгойн гэрээн дээр хэлж байсан. Та нар ядаж 10 эрдэмтнээс асуусан гэдэг дүгнэлтээ гаргуул. Дараа нь та нар өөрсдийгөө хамгаалахад хэрэгтэй. Энэ бол улс төрийн сонгодог хэлбэрээр явах ганц арга зам.

 

-Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулж байгаа энэ хууль хамгийн муу хууль юм бол та өөрчлөлт оруулахаар ажиллах уу?

 

-Би энэ тал дээр ажиллаж байгаа. Би одоогийн байдлаар бие даагчдын зүгээс 11 хууль өргөн барьсан. Үүнээс 3 хууль батлагдсан. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2 дугаар хэлэлцүүлэг дээрээ дэмжигдээд явж байгаа.  ЭМД-ын тухай хууль, Компанийн тухай хууль. Тэгэхээр би Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, дээр нь нэмээд баялгаа яаж үнэлэх юм бэ гэдэг. Доор нь байгаа манай алаг үнээг үнэлэхгүй үнэ цэнгүй болгоод байгаа. Дээр нь авчирсан хүрзээ тэд алт, брилиантан юм шиг үнэлээд байгаагаас болж бид өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтын үр шимийг олигтой хүртэж чадахгүй байна. Би хэзээ ч хөрөнгө оруулалтын эсрэг биш. Яагаад хөрөнгө оруулалт ашгаа өгөхгүй байгаа юм бэ гэдгийг л асууж тодруулдаг.

 

-Та түрүүн яриандаа дурьдсан шүү дээ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирсэн ч буцаж урсаж гараад байгаа нь тэр хөөсөрсөн эдийн засгаас улстөрчид өөрсдөө хувь хүртчихээд байгаа юм гэж. Магадгүй үнэхээр та түүнийг мэдэж байгаа бол  баримттайгаар дэлгэж болохгүй юу?

 

-Би баримттайгаар хэлж болно. Би үүнийг хэлдэг газар нь хэлсэн. Жишээ нь Оюутолгойгоос хоёр ч компанид PR-ын зөвлөгөө гэх утга бүхий зүйлээр 1.5 тэрбум төгрөгийг өгсөн байгаа. Тэр бол монголын ард түмний тархийг угаах гэж тэдгээр компаниудаар дамжуулж өгдөг гэсэн санаа. Монголын ард иргэд буруу мэдээллээр цэнэглэгдсэн тохиолдолд тэндээс сонгогдсон гишүүд буруу шийдвэр гаргана гэсэн үг. Надад 7 баримт байгаа, түүнийг АТГ-т өгсөн. АТГ-ын дүгнэлт надад чухал. Би өөрийгөө шударга тэмцэгч гэж үзэж байгаа ч хэзээ ч өөрийгөө шүүгч, мөрдөн байцаагч гэж үзэж болохгүй. Дээр нь 130 сая ам.долларын татвар авъя гээд татварын байгууллага нь таван байцаагч ажиллаж дүгнэлтээ гаргалаа. Үүнийг Сангийн яам, ТЕГ-ын дарга нийлээд 30 сая ам.доллар болгож бууруулж байгаа юм. Татвар гэдэг бол томёо. Тэр дээшээ доошоо хэлбэлздэггүй. 130 сая ам.доллараас 30 сая ам.доллар болдог бол буруу тооцоо хийсэн, эсвэл тэнэг хэмээн манай төрийн албан хаагчдын доромжилж байна гэсэн үг. Үүнийг АТГ-т өгсөн. Энэ мэтчилэн бүх хөрөнгө орууллаттай холбоотой мэдээллийг аль болох ил тод байлгах гэж өгдөг.  АТГ авлига аваагүй гэж би итгэж байна. Би эхний материалаа өгөөд жил гаран сүүлийн материалаа өгөөд дөрвөн сар болж байна. Дөрөвдүгээр сарын 6-нд чуулган эхэлнэ. Түүнээс өмнө буюу энэ гуравдугаар сард АТГ-аас өгсөн материалуудын маань хариу ирэхгүй бол би ард иргэддээ хандаж сошиал, фэйсбүүкээр ийм материал өгсөн гэж хэлэхээс өөр аргагүй байдалд орно.

 

-Оюутолгой дээр дахин зөвлөх үйлчилгээ авах гээд 17 тэрбум төгрөгийн асуудал яригдаж эхэллээ. Үүний тал мөнгийг нь шилжүүлсэн гээд. Үүнд та ямар арга хэмжээ авах гэж байна?

 

-Би анх үүнийг Төсвийн байнгын хороон дээр хамгийн их эсэргүүцсэн хүн. 17.5 тэрбум  төгрөгийг Penter Law гээд авгай, нөхөр хоёрт өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ гээд. Буцаагаад манай Америкт хөрөнгө оруулалт хийж байгаа юм уу гээд асуудлыг тавьсан. Төсвийн байнгын хороон дээр тэд бүлэглэн дайрч миний санал унасан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг надтай уулзан монголын төлөө бид буруу хөрөнгө оруулалт хийсэн үүнийг засахын төлөө хүч үзэж байна, чи олон жил ярьсан, чиний ярьсан зүйлийг хэрэгжүүлэх гэж байна гэсэн. Тэгэхээр нь би хэрвээ тийм бол монголын эрдэмтдээс зөвлөгөө ав. Хэрвээ тэд миний чадал хүрэхгүй байна гээд гадны эрдэмтдийг авсан тохиолдолд чи түүн дээр зохицуулалт хийж болно.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Г.ДАША

 

Эх сурвалж: www.eagle.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж