“Дорнодын цэнхэр аялгуу” эгшиглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

“Дорнодын цэнхэр аялгуу” эгшиглэлээ

Төрийн
хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Дорнодын
цэнхэр аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолтоо өнгөрсөн бямба гаригт
Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонид хийлээ. Тоглолтод Дорнодын
сэдэвтэй шинэ уран бүтээлээс гадна, “Их талын уудмыг ээ”, “Түмэн зээрийн
хурдныг ээ” “Их Бурхантын өршөөлийг ээ”, “Талын морьтны жавхааг ээ”
гэсэн дөрвөн ангитай цомнол, Г.Жамъян хуурчид зориулсан “Хэрлэн барсын
дууль” болон зургаан шинэ уран бүтээл үзэгчдийн сонорыг анх удаа мялаав.
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өнгөрсөн онд Дорнод аймгаар зургаан
хоног аялахдаа үзэж, харсан бүхнээ бүтээл болгосон нь “Дорнодын цэнхэр
аялгуу” тоглолтод анх удаа эгшиглэсэн нь энэ юм. Алдарт морин хуурч
Г.Жамъянд зориулсан “Хэрлэн барсын дууль” хөгжмийн бүтээлийг Монгол
Улсын Морин хуурын чуулга, удирдаач Ц.Батчулууны удирдлага дор тоглов.
Мөн Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн дурсгалд зориулсан
“Тэр өдөр” хэмээх үлээвэр хөгжмийн гоцлол энэ үдэш эгшиглэжээ. Дорнодыг
цэнхэр аялгуу эгшиглэсэн үдэш “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал,
“Сүлд” чуулгын Г.Ариунбаатар, дуучин Э.Төрмандах зэрэг залуу дуучид
хөгжмийн зохиолчын “Дорнодын цэнхэр тал минь”, “Тал ээж хоёр”, “Буйрын
цэнхэр хөвөөнд” зэрэг дуунаас дуулж сонирхуулсан. Харин “Морин хуурын
чуулга”-ынхан хөгжмийн зохиолчийн сэтгэлийн хөгийг хөгжимдсөн юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж