Дэлхийн хоёрдугаар дайн буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ялалтын баярт Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагчид оролцож, монгол цэргийн сүр жавхааг дэлхий нийтэд харуулахаар бэлтгэлдээ гарчээ. Эх орны дайны ялалтын 65 жилийн ой буюу таван жилийн өмнөөс гадаадын орнуудын цэргүүд парад алхаж эхэлсэн юм байна. Харин ялалтын 70 жилийн ойгоор Москва хотын Улаанталбайд 20 гаруй орны 14 мянган цэргийн алба хаагчид жагсана гэсэн урьдчилсан мэдээлэл гарчээ. Жагсаалд манай цэргүүдээс гадна АНУ, Их Британи, Франц, БНХАУ, БНАСУ, Армен, Украйн, Казахстан, Молдав, Беларусь, Польш зэрэг 20 гаруй орны цэргүүд ялалтын парад алхана. Харин Монголын цэрэг дайчид ялалтын баярын парадад анх удаа оролцож байгаа нь энэ юм байна.
Ялалтын баярын жагсаалд оролцох албан хаагчдыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэргийн ерөнхий газрын анги нэгтгэлүүдээс сонгон шалгаруулж авсан бөгөөд бэлтгэл ажил өнгөрсөн долоо хоногоос эхэлжээ. Сонгон шалгаруулалтад 180-185 см өндөртэй, биеийн хөгжил сайтай, зөв төрхтэй, нүүрэн тус газраа элдэв сорвигүй, цэргийн жагсаалын дүрмийг мэддэг, албандаа амжилт гаргаж, мэргэжлийн шалгуур хангасан алба хаагчдыг сонгожээ. Шалгуурт нийтдээ 166 цэргийн албан хаагч тэнцсэнээс явц дундын шалгуураар 80 гаруй нь л үлдсэн байна. Ингэхдээ хугацаат цэргийн найм, хилийн цэргийн 14, зэвсэгт хүчний 55 алба хаагч шалгаран үлджээ.
Д.ЦЭЭНЭ