Монгол Улсын Үндсэн хуулиар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөл 2 дахь жилдээ сар бүр "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурлыг тасралтгүй зохион байгуулж байна.
Шүүхийн мэдээллийг ил тод, нээлттэй, хүртээмжтэй түгээх зорилго бүхий энэхүү сар тутмын хэвлэлийн бага хурлаар шүүхийн талаархи цаг үеийн сэдвүүдээр болон нийгэмд дуулиан дэгдээж,олны анхаарал татсан хэрэг, маргаануудыг шүүх хэрхэн шийдвэрлэсэн тухай нийслэл дэхь шүүхүүдээс тухай бүр мэдээлэл хийдэг. Хөдөө орон нутаг дахь шүүхүүдийн тамгын газрууд "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хуралд онлайнаар оролцож, шаардлагатай мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд түгээх боломжийг бүрдүүлсэн нь шүүхийн шинэтгэлийн талаархи бүхий л үйл явцыг сэтгүүлчид төдийгүй хүссэн иргэд "тольдох" эрхийг мөн хангаж байгаа юм.
Иргэдэд сар тутам хүрч буй шүүхийн нээлттэй, шуурхай энэхүү мэдээлэл нь нөгөө талаар сэтгүүлчдийг шүүхээр мэргэшүүлэх, тэдний эрх зүйн боловсролд дэмжлэг үзүүлэх бас нэгэн ач холбогдолтой.
Өнгөрсөн хугацаанд тус хэвлэлийн бага хурлаар тухайн жилийн "Шүүн таслах ажиллагааны дүн мэдээ", "Шүүгчийн ёс зүй", "Шүүгчийн сонгон шалгаруулалт", "Шүүгчийн эдийн засгийн баталгаа", "Шүүхийн мэдээллийн технологийн шинэчлэл", "Шүүгчийн сургалт", "Шүүхийн аюулгүй байдал","Нөлөөллийн мэдүүлэг", "Шүүгчийн ажлын ачаалал","Дагнасан шүүхийн зохион байгуулалт" зэрэг сэдвүүдийг хөндсөнөөс гадна хэвлэл мэдээллийнхний сонирхсон цаг үеийн асуудлуудад хариулт өгөөд байна. Төрийн байгууллагуудаас сар тутмын "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал, хүртээмжит мэдээллээрээ ялгардаг Шүүхийн ерөнхий зөвлөл энэ сарын 30-ны өдөр ээлжит мэдээллээ "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа" сэдвээр хийх юм.
Иргэдэд сар тутам хүрч буй шүүхийн нээлттэй, шуурхай энэхүү мэдээлэл нь нөгөө талаар сэтгүүлчдийг шүүхээр мэргэшүүлэх, тэдний эрх зүйн боловсролд дэмжлэг үзүүлэх бас нэгэн ач холбогдолтой. Үүнээс гадна зөвхөн хэвлэл мэдээллийнхэн төдийгүй, хүссэн хүн бүр дэлхийн хаанаас ч, хэрэгцээт үедээ шүүхийн шийдвэр,шүүх хуралдааны зар, шүүхийн байршил гэх мэт шүүхтэй холбоотой мэдээллүүдийг www.shuukh.mn сайтаас, мөн ухаалаг гар утасны апликейшний тусламжтайгаар тус, тус авах боломж хэдийнэ бүрдээд байгаа билээ.