“Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмжлэгтэйгээр Засгийн газраас өргөн барьсан Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хууль тогтоомж боловсруулах техникийн болон агуулгын шаардлагууд, үр нөлөөний үнэлгээ, магадлан шалгалт хийх, олон нийтийн оролцоог хангах, хуулийн хэрэгжилт, хяналт үнэлгээ зэргийг дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн мэргэжлийн холбоо, бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагуудын төлөөллийн байр суурийг сонссон юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын ажлын хэсгийн гишүүд, Хууль зүйн яам, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр хуулийн төсөлтэй холбогдуулан холбогдох албаны хүмүүсээс зарим зүйлийг тодруулсан юм.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар: Тооцоо судалгаагүй хууль баталдаг нь үнэн
-Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн өнөөдрийн хэлэлцүүлгээс чухам ямар үр дүн гарах вэ?
-Өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд хуулийн төсөл УИХ-ын чуулганаар ороод хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн. Өнөөдрийн хэлэлцүүлэг бол хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн хүрээнд хийж байгаа хэлэлцүүлэг. Нэг ёсондоо хуулийн төслийг хэлэлцээд эхэлчихсэн гэсэн үг. Хэлэлцүүлгээс гарсан санал, дүгнэлтийг Ажлын хэсэг дээрээ базаад Хууль зүйн байнгын хороо анхны хэлэлцүүлэгт бэлтгэх ёстой.
-Хуулийн төслийг хэлэлцэх шатанд редакцийн засвараас эхлээд найруулгын, агуулгын шинжтэй алдаа их гардаг. Үүнээсээ болоод эргэн татагдах тохиолдол ч олон. Хууль батлагдсанаар энэ байдал яаж засагдах вэ?
-Монголын хууль гурав хоног гэдэг яриа ард түмний дунд бий. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 400 гаруй хууль мөрдөгдөж байна. Эдгээр хууль амьдралд хэрэгжиж байна уу гэдэг дээр иргэд маш их шүүмжлэлтэй ханддаг. Хуулийг батлахад иргэд олон нийтийн оролцоо ямар байсан, эрх ашигт нийцэж байна уу, бусад хуультайгаа яаж уялдах уу, эдийн засгийн ямар үр дагавар байна вэ зэрэг олон асуудал бий. Нуулгүй хэлэхэд өнөөдөр тооцоо судалгаа, үндэслэл муутайгаас хууль хэрэгжихгүй байх, бусад хуультай зөрчилдөх тохиолдлууд гарч байна. Үүнийг л засах юм. Засахын тулд хуулийн төслийг боловсруулахаас эхлээд шат дамжлага болгонд маш сайн хяналт тавьдаг болох ёстой. Энэ хууль батлагдсанаар УИХ-аар хууль тогтоох үйл ажиллагаанд цоо шинэ эргэлт авчирна гэж харж байгаа.
-Хуулийн тодорхой зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан Үндсэн хуулийн цэцэд байсгээд л ирдэг. Энэ асуудал хуулийн төсөлд хамаарч байгаа юу?
-Хуулийн төсөлд магадлан шалгах ажиллагаа гэж таны асуусан асуудал орсон. Магадлан шалгах ажиллагааг хоёр газар хийхээр заасан. Нэг нь Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд дээр Хууль зүйн яам, хууль санаачлагчаас өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын Тамгын газар магадлан шалгах ажиллагааг хийх юм. Өнөөдрийн хувьд магадлан шалгах ажиллагааг хийхгүй байгаа. Тодруулбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар санаачилж байгаа төсөл нь бүрдүүлбэр буюу бичиг цаасны баримтыг л шалгаж байна. Төсөл хэлэлцэх явцад буруу үзэл баримтлал байна, Үндсэн хууль, бусад хуультай зөрчилдсөн асуудал гарч ирэхэд УИХ-ын Тамгын газраас ямар нэг арга хэмжээ авах эрх олгогдоогүй учраас хуулийн төслийг буцаах боломж байдаггүй. Энэ мэт асуудлыг хуулийн төсөлд тодорхой тусгасан учраас нэлээд нухацтай авч хэлэлцэхээр тусгаад байна.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав: Түрхэн зуур хууль болж гардаг байж таарахгүй
-Хуулийн төслийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-УИХ-аар орж хэлэлцэгдэх УИХ-ын тогтоол, хуулийг ямар журмаар хэлэлцэж батлах вэ гэдэг асуудлыг хуулиар зохицуулсан. Бүр тодорхой ярьвал хууль санаачлах эрхтэй Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар энэ эрхээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал. Зүгээр л хаа хамаагүй юм батлуулдаг байж таарахгүй. Та бүхэн санаж байгаа бол Эрүүгийн хуулийн 271 дүгээр зүйл алга болчихоод, хоёр сарын дараа эргэж батлагдаж байсан түүх бий. Тэгэхээр хууль санаачлах эрх нь байлаа ч яаж хариуцлагатай байлгах вэ, хувь хүнээс алдаа гаргуулахгүй байх вэ гэдгийг хуулиар нарийн зохицуулж байгаа. Нөгөө талаас нэг хүний санаанд орж ирсэн зүйл тэрхэн зуур хууль болж гардаг байлгахгүйн тулд хууль боловсруулах, эрх зүйн дүгнэлт өгөх гээд төслийг хэлэлцэхээс өмнө шүүлтүүр тавьдаг болох гэж байна. Хууль тогтоомжийг боловсронгуй, чанартай болгох үүднээс энэ хуулийг батлах гэж байгаа.
-Хуулийн тодорхой зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн маргаан Үндсэн хуулийн цэцэд цөөнгүй ирдэг. Энэ гажуудал хуулийн төслийг хэлэлцэхээс өмнөх хяналт сул байгаагаас гарч байгаа юу?
-Тэгэж ойлгож болно. Хуулийг цаг үеийн шаардлага гэдэг ч юмуу ямар нэг шалтгаанаар яаран баталж байна. Ингэхдээ бусад хуульд нийцэж байна уу, Үндсэн хууль зөрчиж байна уу, бодлогын хувьд зөв буруу эсэхийг нягталдаггүй, хам хум ханддаг.
С.ОТГОНСҮРЭН