Хитер Чо
“Korean Air” компанийн онгоцны үйлчлэгч бүсгүй “Ханжин” группын захирлын охин Хитер Чог шүүхэд дууджээ. Ууттай самарнаас болж хэл амаар доромжлуулж, бусдын өмнө ичгүүртэй байдалд орсон онгоцны үйлчлэгч Ким До Хи экс даргынхаа эсрэг шүүхэд зарга мэдүүлсэн аж. Ким До Хийн хэлснээр Хитер Чо түүн рүү хашгичиж, хэл амаар доромжлон, заналхийлж, түлхэж, цохисон гэнэ. Энэ нь Ким До Хиг сэтгэл санааны дарамтанд оруулж, нэр хүндийг нь сэвтээж, карьерийг үгүй хийсэн хэмээн түүний өмгөөлөгч мэдэгджээ.
“Korean Air” компанийн дэд захирал асан Хитер Чо нь өнгөрсөн хоёрдугаар сард шүүхээс нэг жил шоронд хорих ял сонссон юм. Тэрээр хөөрөх зурвас руу явж байсан дүүрэн зорчигчтой нисэх онгоцыг буцааж, нислэгийн аюулгүй байдал болон олон хүний амь насанд заналхийлсэн хэрэгт буруутгагджээ. Хитер Чогийн буруугаас өнгөрсөн 2014 оны арванхоёрдугаар сарын 5-нд АНУ-ын Нью-Йорк хотоос Сөүл рүү аялах онгоц товлосон хугацаанаас 11 минут хоцорч хөөрсөн аж.
Энэ том хэрэг “Korean Air” компанийн онгоцны үйлчлэгчид Хитер Чод ууттай самраар үйлчилснээс болж мандсан юм. Хитер Чо “Korean Air” компанийн дэд захирлын хувиар онгоцны үйлчлэгч бүсгүйд зүй ёсны шаардлага тавихдаа хэт дорд үзсэн хандлага гаргасан байна. Тэрээр “үйлчлүүлэгч хүсээгүй бол заавал самраар үйлчлэх хэрэггүйн дээр хэзээ ч ууттай нь өгч болохгүй” хэмээн сургааль айлджээ. Гэвч тэрээр эелдэгээр хэлж ойлгуулахыг оронд онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд рүү уурлан хашгичиж, өмнөө сөгдүүлсэн юм. Үүгээр ч зогсохгүй Хитер Чо үйлчлэгчийг онгоцноос хөөж гарга хэмээн ахмадыг шахаж шаардсанаар хөөрөх зурвас руу явж байсан онгоц эргээд нисэх буудал руу буцсан аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters