АНУ-ын Юта муж улсын хууль батлагчид ялтанд үхлийн тариа үйлчлэхгүй бол буудаж хороох цаазын ялыг сэргээжээ. Хуулийг санаачлагч, бүгд найрамдах намын сенатч Пол Рей “Үхлийн тариа хийж үйлчлэхийг нь хүлээж байснаас буудан хороох нь илүү хурдан, хүмүүнлэг арга байж болох юм” хэмээн мэдэгджээ. Харин эсэргүүцэгчид буудан хороох нь харгис үйлдэл хэмээн маргасан байна. Гэвч Юта муж улсын сенатад өчигдөр /III.10/ буудан хороох цаазын ялыг сэргээх тухай хуулийг баталжээ.
Европын үйлдвэрлэгч нарын эсэргүүцлийн улмаас АНУ даяар үхлийн тариа хүрэлцээ муутай байгаа аж. Дээр нь тариа хийлгэсэн ялтнууд хэдэн цагийн дараа амьсгал хурааж буй зэрэг асуудал үүссэнээс АНУ-ын муж улсууд дээрх аргыг сүвэгчилжээ. Харин Оклахома муж улсад цаазын ял гүйцэтгэхэд азотын хий ашиглах саналыг хууль санаачлагчид гаргаад буй аж.
Ялын гүйцэтгэл хэвлэлийнхний хэт их анхаарлыг татаж байснаас Юта муж улсад буудан хороох цаазын ялыг хэдэн жилийн өмнө зогсоосон аж. Тус муж улсад хамгийн сүүлд 2010 онд хүний амь хөнөөсөн Ронни Ли Гарднерыг буудан хороож байжээ. Тэрээр шоронгоос оргохыг завдаж, хууль сахиулагчийн амийг хөнөөсөн аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС