Хятадууд Германы цөмийн мэргэжилтнүүдийг “урвуулна”

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Хятадууд Германы цөмийн мэргэжилтнүүдийг “урвуулна”

Холбооны Германы Засгийн газрын хэрэгжүүлж байгаа атомын цахилгаан станцаас аажмаар татгалзах хөтөлбөрийн хүрээнд ажилгүй болох Германы атомын мэргэжилтнүүдийг Хятад улс авахад бэлэн байгаа тухай “Frankfurter Allgemeine Zeitung” сонин мэдээлжээ.

Хятадын цөмийн эрчим хүчний эвслийн (CNEA) тэргүүн Сюй Юймин (Xu Yuming) “Бид шинжээчдийг манайд ажиллахыг урьж байна. Германы цөмийн станцууд дэлхийн шилдэг нь юм. Герман мэргэжилтнүүд нэр хүндтэй” хэмээжээ. Мөн тэрбээр Германы Засгийн газар яагаад цөмийн эрчим хүчнээс татгалзаж байгааг ойлгохгүй байна гэжээ. Ашигт малтмалаар ядуу Герман АЦС-аас татгалзаж байгаа нь алдаа гэж тэрбээр онцолсон байна. Японы цөмийн станцын ослын дараа Ангела Меркелийн Засгийн газар эрчим хүчний үзэл баримтлалыг эргэн харж, 17 АЦС-ынхаа ажиллагааны хугацааг 8-14 жил болгож байна. Атомын эрчим хүчний шинэ хуулиа Меркелийн Засгийн газар зургадугаар сарын эхээр бэлэн болгох ёстой.

Харин Хятад эсрэгээр цөмийн эрчим хүчийг хөгжүүлж байгаа бөгөөд үүнд жил бүр 80 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийх болжээ. Одоо Хятад 13 цөмийн тогоотой бөгөөд дахин 28 АЦС байгуулж байна.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж