-450-хан гр жинтэй төрөөд хүн болж чадсан Элоиза охин-
Ихэнх эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлэхдээ олон цагаар өвдөж, чамгүй тэсвэр тэвчээр гаргаж байж үрийнхээ зулайг үнэрлэдэг билээ. Харин Мэри гэх Англи эмэгтэй огтхон ч өвдөлт өгөлгүй, биеийн байдал нь хэвийн байхдаа гэнэт л хүүхдээ төрүүлчихжээ.
Гэхдээ түүний охин төрөх ёстой хугацаанаасаа бараг 4 сарын өмнө буюу ердөө 23 хан долоо хоногтойдоо төржээ.
“Би дутуу төрнө гэж огт төсөөлж байгаагүй. Би өмнө нь гурван удаа төрөхдөө гурвууланд нь хэвийн, хугацаагаа гүйцээгээд л төрж байсан. Тийм болохоор тэрэн шигээ л бодож сэтгэл тайван байдаг байлаа. Харин охиноо 21 долоо хоногтой байх үед хоолой маань гэнэт өвдөж, стрептококк А өвчин үүсгэгчээр халдварлагдсан байна гэж эмч хэлсэн. Тэгээд 2 хоног өндөр хэмтэй халуурч, биеийн байдал маань хүнд байлаа.
Үүнээс 2 долоо хоногийн дараа өглөө босоод ариун цэврийн өрөөндөө ортол хүүхэд маань гараад ирсэн” хэмээн Мэри ярьжээ.
Охин ердөө 450 -хан гр жинтэй төрсөн байна. Түүнийг амьдрах найдвар тун бага гэдгийг эмч нар сануулж байжээ.
Хосууд яаран сандран эмч дуудаж, эмнэлгийнхэн ч цаг алдалгүй хурдан иржээ. Хосуудын шинэ охин ердөө 450 -хан гр жинтэй төрсөн байна. Уушигны дутуу хөгжлийг гүйцээхэд тусладаг тариа хийн охиныг аппаратанд оруулжээ. Охиныг амьдрах найдвар тун бага гэдгийг эмч нар сануулж байсан байна.
Зүв зүгээр байж байгаад л гэнэт төрчихсөн учраас Мери төрөлтийн шоконд орж, хоёр хоног эмчилгээ хийлгэсний дараа л хэвийн байдалдаа эргэн оржээ.
Атгасан гарын дайтай бяцхан охиндоо тэд Элоиза гэх нэрийг хайрлан аппаратных нь гаднаас түүнд маш их хайртайгаа, хурдан эрүүл бойжих хэрэгтэйг нь байнга хэлдэг байжээ.
Гурван ах нь ч дүү охин дээрээ байнга ирж, түүнтэй ярилцаж, дуу дуулж өгдөг байсан байна.
Ингээд хоёр долоо хоног аппаратанд байсан Элоизагийн уушиг арай дээрдэж, хүчилтөрөгч залгаатайгаар бага хугацаагаар аппаратнаас нь гаргах боломжтой болжээ.
Мери охиноо энгэртээ наан тэвэрхэд өөрийнх нь гараас ч бараг жижигхэн хэрнээ бяцхан зүрхнийх нь цохилт мэдрэгдэхэд нулимсаа барьж чадаагүй байна.
Тэр охиндоо хандан төрөх хугацаа нь болоогүй байхад дулаахан таатай “гэр”-ээс нь гаргасандаа уучлалт гуйн заавал эрүүл мэнд өсөн бойжиж насан туршдаа аав ээж ах нарынхаа хайрыг хүртэж амьдрахыг гуйсан гэнэ.
Охин нь ээжийнхээ хэлснийг мэдрэх шиг болж зүрхний цохилт нь түргэсэн гараа аажуухан хөдөлгөжээ.
Өдөр хоног өнгөрсөөр дөрвөн сар эмнэлэгт байсны дараа Элоизаг гэртээ гарахыг зөвшөөрчээ.
Гэхдээ үргэлж хүчилтөрөгч залгаатай байх ёстой байсан байна.
Хэт эрт дутуу төрснөөс болж түүний уушиг бүрэн хөгжиж чадаагүй ба заавал нэмэлтээр хүчилтөрөгчөөр хангах хэрэгтэй байжээ.
Нэг нас хүрэхийнхээ өмнөхөн Элоиза өөрөө бие даан амьсгалах болж, хүчилтөрөгчийн аппаратнаасаа салсан байна.
Аппарат зүүгээгүй дүүгээ хараад бага ах нь "Тэр одоо л хүүхэд шиг харагдаж байна" гэжээ.
Бусад хүүхэдтэй харьцуулахад биеийн хөгжил нь хоцорч байсан ч Элоиза цовоо сэргэлэн, бүхнийг танин мэдэх их сонирхолтой, гэр бүлийнхэндээ маш их хайртай гэнэ.
Эмч нар хүн болж чадахгүй гэж үзэж байсан бяцхан охин одоо эрүүл саруул бойжин 3 нас хүрчээ.
Түүнийг эмнэлгийнхэн болон ойр дотныхон нь “Бурхны гайхамшиг” хэмээн нэрлэдэг байна.
Н.ЦЭНДСҮРЭН