МУГЖ, дуучин С.Жавхлан энэ “гэгээлэг” үйлсэд УИХ-ын гишүүн, “фортуна” хочит Н.Батбаяр мөн хүч хавсрах аж. Эрхэм гишүүн өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж, Монголын төр Манжийн дарлалаас ангижирсний 99 жилийн ойд зориулж 99 дээд тэнгэрээ тахих, Монгол төрийг галыг бадраах ёслол үйлдүүлэхээр хүсэлт гаргаж байсан билээ. Түүний үр шимээр өнгөрөгч хавар Төрийн ордны голын талбайд “Монгол төрийн гал голомтыг сахих” бас нэгэн өргөөг төрийн түшээдэд зориулан шинээр бариад байгаа. Их 15 ханатай, долоон метр энэ өргөөнд одоогоор төрийн есөн хөлт цагаан тугийг залсан сураг бий.
Ийм нэг “гэгээрсэн” хоёр хүн ирэх лхагва гаригийн орой монгол түмний “эвийн галыг” хотын төв талбайд бадраах гэж байна. Бас ч болоогүй, хажуугаар нь дуу хууртай гэж байгаа.
Харин дуучин С.Жавхлангийн хувьд өөрийнх нь санаачлан байгуулсан “Гал голомт хөдлөгөөн” нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нөлөөнд орж, улс төрийн захиалгат жагсаал хийв хэмээн буруутгаж, Сүхбаатарын талбайд зохион байгуулсан цуглаанаас татгалзсаныхаа төлөө “Гал голомт” хөдөлгөөнөөс хөөгдөж, өрх тусгаарлаад байгаа билээ.