Сонгуулийн эхний мэдээгээр энэ сарын 15-16 хооронд болсон нэгдүгээр тойргийн дүнгээс харахад 50 хувийн санал авсан нэр дэвшигч одоогоор байхгүй ажээ. Гэвч Берлусконийн эвсэл эхний тойрогт бүдэрч буй бололтой.
Зургаан сая иргэн сонгууль өгөх урьдчилсан тооцоо гарсан бөгөөд сонгуулийн үр дүн хэдхэн цагийн дараа гарах ажээ.
Орон нутгийн энэ удаагийн сонгууль эрх мэдлээ урвуулан ашигласан, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан гэх хэргээр хэд хэдэн удаа шүүхийн хаалга татаж байсан Италийн Ерөнхий сайд Сильвио Берлусконийн хувьд том шалгалт болж байна гэж ажиглагчид үзжээ. Берлусконийн нэр дэвшүүлсэн Милан хотын дарга Летизиа Моратти нар энэ сарын 16-нд телевизийн халз мэтгэлцээнд оролцсоны дараа мөн л рейтинг нь унаж эхэлсэн байна. Летизиа Моратти сонгуулийн эхний тойрогт 41.6, зүүний-төвийн Жулиано Писапиа 48 хувийн санал аваад байна. Хотын дарга энэ сонгуульд ялагдвал Милан “цыган”-уудын хот болон хувирч болзошгүйг сэрэмжлүүлж байсан Берлускони энэ сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байсан билээ. Хэдийгээр Луижи де Магистрисын зүүний-төвийн нам эхний тойрогт олонхийн санал авсан ч Неаполь хотод Жианни Леттиерийн толгойлсон барууны-төвийн нам ялалт байгуулах магадлал өндөр байгаа ажээ.