Төв аймгийн Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдээс жил бүр аймгийнхаа ард иргэд, сүсэгтэн олонтойгоо хамтран Богд уулаа тойрон гороо хийж, буян үйлддэг уламжлалтай билээ. Төв аймгийнхан Богд уулынхаа энгэрт амьдардаг хүмүүс. Тиймдээ ч Ханбогд уулаа зуны эхэн сарын энэ үед тойрон гороолж, уул ус, цэцэг ногоо ургаж байгааг харж, ном уншиж, нэг ёсондоо иргэд явган аялал хийж нийтийн биеийн тамираар хичээллэдэг юм. Энэ үйл ажиллагааг эрт дээр үеэс уламжлал болгон хийж ирсэн ч нэг хэсэг мартагдаад байсан юм. Харин тус аймгийн Манзушир хутагтын Дашчойнхорлин хийдийнхэн сэргээн гороо буюу явган аялал хийж, буян хураадаг болсон юм. Энэхүү аяллыг уул усаа таньж мэдэх, хайрлан хамгаалах ухамсрыг хойч үедээ суулгах зорилготой зохион байгуулдаг байна. Эл аялалд гурван үе дамжин оролцож байгаа иргэд болон 20 гаруй жил ч оролцож байгаа сүсэгтэн олон ч байлаа. Энэ гороонд явснаар хүний оюун санаа саруулжиж, бие тэнхээ чийрэгждэг хэмээн үздэг ажээ.
Г.Хишигсүрэн