&#34Универсиад-2015&#34-ын волейболын аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

&#34Универсиад-2015&#34-ын волейболын аваргууд тодорлоо

Монголын Оюутны спортын Универсиад 2015 их наадмын волейболын тэмцээн МУИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байрны биеийн тамирын зааланд гуравдугаар сарын 2-7-ны өдрүүдэд өрсөлдөөн дүүрэн болж өнгөрлөө.

Тус тэмцээнд 15 их, дээд сургууль, коллежийн эрэгтэй 15, эмэгтэй 11 багийн нийт 26 багийн 312 тамирчин оролцож, дүнгээ гаргалаа. Универсиад наадмын волейболын тэмцээнийг зохион байгуулахад БСШУЯ, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУИС-ийн захиргаа, волейболын холбоо хамтран ажиллав.

Волейболын тэмцээнд эрэгтэй 15 баг дөрвөн хэсэгт хуваагдан тоглосноос хагас шигшээ тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС, ҮБТДС шалгаран үлдэж, МУИС-ҮБТДС-тай хүрэл медалийн төлөө тоглож, МУИС-ийн баг өрсөлдөгчөө 3:0 харьцаатай буулган авсан юм. Ийнхүү тэмцээнд олон баг оролцсон боловч томоохон их сургуулийн багууд буурь заан хагас болон шигшээ тоглолтонд шалгаран үлдэж чадав. Аваргын алтан медалийн төлөө ХААИС-ШУТИС хүчтэй багууд тунаж үлдэж тоглосноос 3:1 харьцаагаар ШУТИС илүүрхэж “Универсиад-2015” их наадмын аварга багаар тодорлоо.

Эдгээр багуудын тоглолт онооны хувьд их ойрхон, сонирхолтой болж, тэнцүүхэн тоглож МУИС-ийн спортын заал дүүрэн үзэгчидээ хөгжөөн баярлуулсан юм.

Универсиадын медальтанууд:

АЛТАН медаль: М.Бат-очир дасгалжуулагчтай, Д.Даваасамбуу ахлагчтай ШУТИС-ийн баг

МӨНГӨН медаль: С.Амгаабазар дасгалжуулагчтай, М.Хосбаяр ахлагчтай ХААИС-ийн баг

ХҮРЭЛ медаль: Н.Галбадрах дасгалжуулагчтай, Г.Золбаяр ахлагчтай МУИС- баг 

IV байр: Б.Хэрлэн дасгалжуулагчтай Б.Мөнхбаяр ахлагчтай ҮБТДС-ийн баг

ҮБТДС-ийн баг хагас шигшээ хүртэл сайн тоглосон боловч медалийн төлөө тоглолтондоо хожигдол хүлээн МОСХ-ны хүндэт өргөмжлөл гардан авлаа.

Эмэгтэй 11 баг гурван хэсэгт хуваагдаж, шигшээ тэмцээнд МУБИС, МУИС, ШУТИС, ХААИС шалгаран үлдсэн. Эндээс МУБИС-ШУТИС хүрэл медалийн төлөө тоглож, 3:0 харьцаагаар ШУТИС хожсон бол аваргын алтан медалийн төлөө МУИС-ХААИС өрсөлдсөн. Энэ тоглолтод ХААИС-ийн баг талбайн эздыг 3:1-ээр хожиж, аварга болсон юм.

Универсиадын медальтанууд: 

АЛТАН медаль: С.Амгаабазар дасгалжуулагчтай, Б.Бүтэд ахлагчтай ХААИС

МӨНГӨН медаль: Э.Эрдэнэбилэг дасгалжуулагчтай, Ш.Мөнхзул ахлагчтай МУИС

ХҮРЭЛ медаль: Ч.Ням дасгалжуулагчтай, Б.Одончимэг ахлагчтай ШУТИС

IV байр: Л.Нарантуяа дасгалжуулагчтай М.Сувдмаа ахлагчтай МУБИС

Эрэгтэй шилдэг тоглогчоор ШУТИС-ийн тамирчин Д.Даваасамбуу нарыг шалгаруулан өргөмжлөл, тусгай шагналаар шагнав.

Шилдэг эмэгтэй дасгалжуулагчаар МУИС-ийн багш ОУХМ Э.Эрдэнэбилэг, шилдэг эрэгтэй дасгалжуулагчаар ХААИС-ийн багш, ОУХМ С.Амгаабазар нар тус тус шалгарсан юм.

Байгууллагын нэгдсэн дүнгээр:

1-р байр: ХААИС

2-р байр: ШУТИС

3-р байр. МУИС

 

Энэ удаагийн Универсиад 2015 наадмын волейболын үеэр Монголын баг тамирчдын дэлхийн оюутны спортын Универсиад их наадамд анх удаагаа оролцсоны 50 жилийн ойн баярын үйл ажиллагаа боллоо. Волейболын тэмцээний нээлт болон хаалтын ажиллагааны үеэр 1965 онд Унгарын Будапешт хотод болсон Дэлхийн оюутны Универсиад IV дүгээр их наадамд оролцож байсан эмэгтэй, эрэгтэй волейболын ахмад тамирчдын төлөөлөгчид Гавьяат тамирчин Ц.Шоовдор, ОУХМ Ж.Цэндсүрэн, Х.Хулдаа, Я.Отгонсүрэн, Д.Нарангэрэл нарын зэрэг хүмүүс ирж оролцон үг хэлж, оюутан залууст үнэт сургаалаа хайрлан, багуудтай хүндэтгэлийн зургаа авахуулан, баг тамирчидад наадмын медаль гардуулж өглөө.

 

Монголын баг тамирчид Универсиад наадамд оролцсоны 50 жилийн ойг тохиолдуулан Универсиад 1965 наадамд оролцсон ахмад тамирчин Гавьяат тамирчин Ц.Шоовдор, ОУХМ Ж.Цэндсүрэн, Х.Хулдаа, Я.Отгонсүрэн, Д.Нарангэрэл, Ж. Хаянхярваа, П.Хандсүрэн нарын 7 хүнд МОСХолбооноос үндэсний оюутны Универсиад 2015 наадмын волейболын тэмцээний үеэр тэднийг хүлээн авч уулзан МОСХ-ны хүндэт өргөмжлөл, дурсгалын медаль гардуулан, хүндэтгэлийн зоог барьж, гарын бэлэг гардуулан өгч дурсгалын зураг авахуулсан юм гэж Монголын оюутны спортын холбооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж