&#34Ухаалаг гар утсыг амьдралаасаа бүрмөсөн устгамаар байна&#34

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

&#34Ухаалаг гар утсыг амьдралаасаа бүрмөсөн устгамаар байна&#34

Алдартай комик зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Мутант мэлхий нинжа” киноны гол дүрийг бүтээсэн Холливудын халуухан бүсгүйчүүдийн нэг Меган Фоксын ярилцлагыг “Оддын цаг” буландаа орчуулан хүргэж байна. Өнгөрсөн жил ашиг орлогоороо тэргүүлсэн тус киноны дараагийн анги энэ онд нээлтээ хийх билээ. Ингээд жүжигчин бүсгүйн өөрийн хувийн  амьдрал болоод шинэ бүтээлийнхээ талаар дэлгэсэн ярилцлагыг хүргэе.

-Ирэх дөрөвдүгээр сараас “Мутант мэлхий нинжа”-ын дараагийн ангийн зураг авалт эхэлнэ. Таны хувьд их хүлээлттэй байгаа байх?

-Тийм шүү. Гэхдээ одоо энэ талаар нууцалъя. Дэлгэрэнгүй ярьж болохгүй.

-Шинэ ангийн талаар ямар нэгэн сонирхол татахуйц зүйл хэлж өгөөч?

-Шинэ муу талын дүр гарч ирэх болно. Мэдээж комик зохиолд дүрслэгдсэн алдартай дүр байгаа. Хэн гэдгийг нь харин нууцалья. Шүтэн бишрэгчид маань киног үзээд их баярлах байх. Маш их хүлээлттэй байгаа гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд дараагийн ангийн үйл явдал ч гэсэн Нью-Йоркт өрнөх болно.

-Өнгөрсөн жил хоёр дахь хүүхдээ төрүүлсэн шүү дээ.  Юуны өмнө баяр хүргэе. Ээж болоод таны амьдралд гарсан өөрчлөлт?

-Бүх зүйл орвонгоороо эргэ­сэн. Өмнөө тавьсан зо­рил­го маань ч хүртэл өөрч­лөгдсөн. 23 настай байх үеэ эргэн санахад, тухайн үед маш чухал гэж бодож байсан зүйл одоо өчүүхэн зүйл мэт санагддаг болсон. Хүүхдээ төрүүлсэнээсээ хойш хүн төрөлхтөний үүсэл болоод ирээдүй гэх зэрэг янз бүрийн зүйлсийн талаар боддог болсон.

-“Оддын дайн”, “Star Trek” кинонуудыг үзэх дуртай гэж сонссон. Энэ талаараа тодруулаач, үнэн үү?

-“Star Trek” киног тэр бүр үзээд байдаггүй ч, “Оддын дайн” киног шимтэн үзэх дуртай үзэгчдийн нэг нь би байгаа юм. Үүнээс гадна “Бөгжний эзэн”-г ч гэсэн үзэх их дуртай. “Star Trek” киног сайн мэдэхгүй. Түүнээс илүү “Галактикийн дайн”-ыг үзэх дуртай. Нөхөр маань ч гэсэн “Оддын дайн”-ы улаан фэн нь. 1970-аад оны хүн болохоороо ч тэр юм уу.

-Хоббит цуврал киног үзсэн үү?

-Мэдээж үзэлгүй яах вэ. Сайхан кино шүү. Би үзэх дуртай. Гурван ангийг нь бүгдийг нь үзсэн. Киноны төсөл ингээд дууссан гэж бодохоор жаахан харамсмаар санагдаж байна.

-“Star Wars: The Force Awakens” энэ онд нээлтээ хийх байх аа?

-Тийм ээ. Тэсэн ядан хүлээж байна. Трэйлерийг нь үзсэн. Сайхан санагдсан. Найруулагч Жеффри Жейкоб Абрамс  гайхалтай авьяас чадвартай хүн шүү дээ.

-Ер нь “Оддын дайн” кинонд дүр бүтээхийг хүсдэг үү?

-Надад тохирох дүр байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй л байна. Хэрвээ нэг өглөө Жеффри Жейкоб сэрээд кинондоо “Меганыг тоглуулъя” гэж бодоод санал тавьбал би шууд л  зөвшөөрөх болно. Магадгүй миний хөвгүүд ч гэсэн миний өсвөр үеийнх шиг “Оддын дайн” кинонд донтох байх. Тэр бол миний хувьд гоол оруулсан хэрэг байх болно.

-Аль хэдийнэ гуравдугаар сар гарчихжээ. Энэ онд хийж бүтээхээр төлөвлөсөн ажил юу байна?

-Сайхан асуулт байна. Энэ ухаалаг гар утастай би нэг их зууралдаад байдаг хүн биш л дээ. Болж өгвөл энэ ухаалаг гар утсыг амьдралаасаа бүрмөсөн устгамаар байна. Хоосон харилцаа, худал хуурмагаар дүүрэн. Эрдэмтдийн саяхан хийсэн нэг судалгаагаар 10 жилийн дараа гэхэд бүх хүн ухаалаг гар утасны уршигаар харааны эмгэгтэй болж, тархины хавдар тусна гэсэн дүн гарсан байна билээ. Ер нь сайн эд биш юм шиг байгаа юм.

-Олон нийтийн сүлжээг ч ашиглах дургүй гэсэн үг үү?

-Сонирхолгүй гэх юм уу. Ухаалаг гар утсан дээрээ юм уншихад хараа муудах нэг муу тал бий.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж