-“Тариа тарина гэдэг бол нэг талаар бизнес шүү дээ. Тиймээс бид хүмүүсийн бизнест хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэсэн хариултыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлого эрхэлсэн албаны эрх бүхий мэргэжилтэн хэлж байгаа нь ч үнэний ортой-
Тариаланчдад хандан ингэж хэлмээр санагдлаа. Жил жилийн хавар тариалалтын ажил ид оволзож, сар шинийн дараагаас үр, гербицид, уринш гээд толгойгоо ажиллуулж суух байтал зарим нэг хүмүүс “Бид энэ жил буудай тариалахгүй. Учир нь урамшуулал бага олгосон. Дээр нь салбараа мэдэхгүй сайд яам толгойлж байгаа нь дургүй хүргэж байна” хэмээн “томорч” суугаа сурагтай. Тариаланчдын нэрийг бариад улстөржөөд байгаа тэдний хувьд олон жилийн турш төрөөс тэтгэлэг авч бизнесээ хөгжүүлсэн гэдэг нь худлаа биш юм.
Сүүлийн жилүүдэд төр засгаас хөдөө аж ахуйн салбарыг хангалттай дэмжиж байгаа. Үүний жишээг холоос хайх хэрэггүй. Яг одоо л гэхэд “Төл бүрийг мал болгоё” уриалга гаргаж, хаа байсан малчны хот руу огт танихгүй хотын иргэд лаа шүдэнз, хурганы уут, тугалын нэмнээ илгээж эхлээд байна. Жолооч бүрийн хуучин суудлын бүрээс малчны хот руу элгэвч, нэмнээ болон очдогоос гадна малчдад хаягласан хандив тусламж багагүй. Ноос, ноолуур, мах бэлтгэл бүгд урамшуулалтай. Тариаланчид ч ялгаагүй. Хаврын уринш хийхийн тулд шатахуун болоод тариалах үр, ургамал хамгааллын бодис, техник тоног төхөөрөмж гэхчилэн хэрэгцээт олон зүйлийг зээлээр болон хөнгөлөлттэй нөхцөлөөр авчихна. Хангай дэлхий ивээж, өндөр ургац авах тусмаа намрын урамшуулал өснө. Ямартаа л тонн тутмаар тооцон олгодог урамшууллын хэмжээг энэ жил 100 мянган төгрөгөөр бодно хэмээн амласан ч амлалтдаа хүрээгүй 70 мянгыг олголоо хэмээн бухимдаж байхав дээ. Аманд нь хоолыг нь халбагадах тусам ингэж даврах цөөн хэдэн тариаланчдад хандаж, “битгий давар” гээд хэлчихвэл буруудахгүй биз.
2014 онд тарьж ургуулсан улаан буудайгаа Тариалан эрхлэлтийн санд тушаасан 908 аж ахуйн нэгжид урамшуулал болгон 24,727,055,500 /хорин дөрвөн тэрбум долоон зуун хорин долоон сая тавин таван мянга таван зуун / төгрөгийг бүрэн олгоод байгаа гэнэ.
2014 оны ургац хураалтын дүнгээрээ манай улс 315.8 мянган га-гаас 518.7 мянган тонн үр тариа хураан авч, нэгж талбайгаас авсан ургацын дүнгээр сүүлийн 55 жилийн түүхэнд авч байгаагүй өндөр ургац хураасан гэж салбарын яамнаас танилцуулж байгаа. Нийтдээ 14 аймгийн 900 гаруй аж ахуйн нэгж, иргэн 349.8 мянган тонн буудай гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн нь 1991 оны түвшинд хүрч, гурилын дотоодын хэрэгцээг бүрэн хангасан үзүүлэлт гэсэн нэмэлт тайлбарыг бас өгч байгаа юм. Гэтэл тариаланчид тэс өөр бодол өвөрлөж явдаг төдийгүй, тариалан эрхлэхээсээ татгалзах хэмжээнд хүрсэн нь юуных вэ. Ер нь бол газар тариалангийн салбар аль хэдийнээ зах зээлийн нийгэмдээ зохицон бизнесийн хэлбэрт хэдийнэ шилжсэн. Харин ч бусад улс орнуудаас давуу боломжууд олон бий гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Гэхдээ олгож буй үрийн чанар, техник хэрэгслийн баталгаа ямар байгаа талаар хөндвөл өөр хэрэг. Ургамал хамгааллын бодисын үнэ ханш хэт өндөр гэсэн гомдлыг тариаланчид сүүлийн хэдэн жил хэлж байгаа юм билээ. Энэ мэт тухайлсан гомдлыг бол ил тод хэлж, засч залруулах талаар санаа тавих нь зөв. Харин үл ойлгогдох шалтгаан хэлж, өвлийн гомдлыг хавар болтол, өмнөх жилийн алдааг өнөө жилд хамаатуулан тээж яваа нь тун ч болчимгүй хэрэг мэт. “Хэдийгээр газар тариалан улс орны амин чухал салбар мөн боловч хэн нэгэн тариалалт эрхлэх эсэх нь бидэнд хамаагүй. Тариа тарина гэдэг бол нэг талаар бизнес шүү дээ. Тиймээс бид хүмүүсийн бизнест хөндлөнгөөс оролцох эрхгүй” гэсэн хариултыг Хүнс, хөдөө аж ахуйн яамны газар тариалангийн бодлого эрхэлсэн албаны эрх бүхий мэргэжилтэн хэлж байгаа нь ч үнэний ортой.
Тариаланчид ургац ахиухан авч, урамшуулал, ашиг хүртэх тухай л бодохоос тариалангийн газрынхаа шим, тэжээлийг сайжруулах талаар сэтгэл гаргадаг нь хуруу дарам цөөн. “Атрын III аян”-ы хүрээнд 15 аймгийн 102 сумын нутгаас 15790 ширхэг дээж авч шинжилэхэд тариалангийн талбайн 60,6 хувь нь хүчтэй элэгдэлд орсон, ихэнх бүс нутгийн хөрсний үржил шим дундаас доогуур үзүүлэлттэй гарсан байдаг.
Тариалангийн нийт талбайн 60 орчим хувь нь ургамал хялбар ашиглах азот, калиар, 34.7 хувь нь фосфороор дутмаг байгаа нь тогтоогджээ. Тиймээс тариаланчид үр тариаг чинь тарихгүй хэмээн айлгаж суухын оронд газрынхаа үржил шимийг сайжруулахад анхаараасай. Газар эхийн өгөөж буурах тусам та бүхний л ашиг, үр өгөөж буурна шүү дээ. Тариа их тарилаа гээд талхны үнэ буурдаггүй болохоор эгэл хэрэглэгч бид биш та бүхэн л өөрийн бизнестээ сэтгэл гаргахаас аргагүй шүү дээ. Тариа тарихгүй бол тэр л биз. Нэг зүйлийг нэмж, хэлэхэд та нартай адилхан төрийн дэмжлэгтэйгээр тариа тарьчихаж чадах олон хүн байна.
М.СУРА