“Залуу эмэгтэйчүүдийн манлайлал”-д бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

“Залуу эмэгтэйчүүдийн манлайлал”-д бүртгэж байна

“Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд” ТББ-аас залуу эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, үнэлэмжийг өргөж, манлайлах ур чадварыг нэмэгдүүлэхийн тулд “Залуу эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрыг хэрэгжүүлэхээр болжээ.  

Монголд анх удаа хэрэгжих гэж байгшаа залуу эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын хөтөлбөр  нь удирдах албан дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд залуу эмэгтэйчүүдийг одооноос дэмжиж, тэдний оюун санаа дотоод хүч чадалд хөрөнгө оруулах зорилготой юм  байна.

Уг хөтөлбөрт хоёроос дээш ажил эрхэлсэн, карерийнхаа дараагийн түвшинд гарахад бэлэн гэж өөрийгөө  үзэж байгаа,  нийгмийн өөрчлөлт, хөгжил дэвшилд гар бие оролцох хүсэл сонирхолтой 25 залуу эмэгтэй оролцох  аж. Хөтөлбөр дөрвөн сарын турш үргэлжлэх бөгөөд долоо хоногт нэг удаа лекц, уулзалтад оролцож, туршлага нэр хүнд бүхий манлайлагчдаас суралцах юм байна.

“ӨТЗЭ” ТББ-ын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга Н.Золзаяа “Эмэгтэй хүний тухай нийгэм соёлын тогтсон ойлголтоос болоод эмэгтэй хүн бүр хүссэн оргилдоо хүрч чаддаггүй. Сүүлийн үед эмэгтэй лидерүүд олноороо гарч ирж байгаа боловч эмэгтэй хүн хүүхэд төрүүлэгч, хоёрдогч үүрэгтэй, шийдвэр гаргах чадваргүй гэдэг ойлголт байсаар л байна. Тиймээс бид эмэгтэйчүүдийн карераа өсгөх, өөдөө тэмүүлэх хүсэл зоригийг нь бадраахын тулд залуу эмэгтэйчүүдтэй тулж ажиллах гэж байна” гэлээ.

Хөтөлбөрт оролцохын тулд  манлайлах ур чадвартай болж, нийгэмд ямар өөрчлөлт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн эссе бичиж, өргөдлийн маягт явуулах  юм байна.

Хөтөлбөрт хамрагдагсдын өргөдлийг энэ 12-ны өдрийг дуустал онлайнаар хүлээн авах аж. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд ТББ-ийн фейсбүүк хуудас-т зочлоорой.

С.СҮРЭН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж