Цахим ертөнц цагийн өөрчлөлтөд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Цахим ертөнц цагийн өөрчлөлтөд бэлэн үү?

-Дэлхийтэй мэдээллийн технологийн судсаар нягт холбогдсон өнөө цагт цагийг буруу тоолох нь их уршигтай. Наад зах нь банкны гүйлгээ гэх мэт маш чухал бүртгэлийн мэдээллүүдийн цаг зөрж, алдаа гарч эхэлнэ-

Шинэ Засгийн газар хэрэгтэй, хэрэггүй асуудал шүүрч аван хэлэлцээд, хийх ажлаа олж ядаж байгаа бололтой. Өчигдрийн хуралдаанаараа тэд энэ сарын 27-28-ны шөнө орон даяар зуны цагийн тоололд шилжих шийдвэр гаргажээ. Огт хэрэггүй, ач холбогдолгүй юм байна гэж нэг хэсэг нь цуцалдаг, “Үгүй, маш хэрэгтэй” гээд эргээд өөрчилдөг моод монголчуудыг “хийх ажилтай” байлгадгийн нэг жишээ энэ.

Уг нь бол Зуны цагийн хуваарьт шилжих шаардлагагүй гэж үзээд, энэ өөрчлөлтийг 2005 оноос хэрэглэхээ болсон байсан юм. 

Өдрийн гэрэлтэй цагийг илүү үр бүтээлтэй ашиглах санааг дэлхийн хоёрдугаар дайны дараа Европын ихэнх орнууд дэмжиж, зуны цагийн тоололд шилждэг болжээ. Улмаар сэрүүн бүсийн голдуу 80 гаруй орон зуны цагийн тооллыг мөрдөх болж, Монгол Улс ч мөн 1965 онд "Ажлын өдөрт өөрчлөлт оруулах тухай" Сайд нарын Зөвлөлийн тогтоол гаргаж, ажлын эхлэлийг нэг цагаар урагшлуулах замаар анхны зохицуулалт хийсэн байна.

Цагийн зүү хөдөлгөснөөр цахилгааны хэрэглээ буурна, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагууд, цаашлаад айл өрхүүд зардлаа хэмнэнэ гэх мэтээр тооцоолж байгаа ч энэ бол заавал өөрчлөөд, цааш нааш нь болгоод байх чухал асуудал юм уу гэхээр бас тийм биш. Агуулга, ач холбогдлын хувьд ч харин бүр шаардлагагүй, ойлгомжгүй мэт.

Засгийн газар 2005 онд цаг урагшлуулж, хойшлуулах, өөрчлөх тухай гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгохдоо “Цагийн хэмнэлийг зохиомлоор албадан өөрчлөх нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, био хэмнэлийн алдрал буюу десинхроноз өвчлөл үүсгэдэг, мөн улирлын чанартай өвчлөл ихэсдэг” хэмээн үзэж, цуцалж байжээ. Тухайлбал, хоногийн цагийг гэнэт өөрчилснөөр хүн амьтны био хэмнэл алдагдаж сэтгэхүйн дарамтанд орж, ядаргаа үүсэх, цочролд орох, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, зүрхний шигдээс зүрхний бах өвчний гаралт ихэсдэг, улирлын чанартай өвчлөл нэмэгддэг тухай эмч нарын гаргасан судалгаа, тодорхойлолтыг тухайн үед ул үндэс болгосон байна.

Нэг ёсондоо гариг эрхсийн нөлөөллөөр хүн, амьтны биеийн дасан зохилддог био хэмнэлийг нийгмийн хэрэгцээнд албадан захируулах нь олон талын хор холбогдолтой гэж үзэн, астрономын цагийг урагшлуулж, хойшлуулж өөрчлөх тухай гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгосноор 2006 оноос ямар нэгэн цагийн өөрчлөлтгүй хэмнэлд монголчууд нэгэнт дасаад байсан юм.

ГОЛ АСУУДАЛ: ЦАХИМ ОРОН ЗАЙ

Ийнхүү цагийн өөрчлөлтийг нэг талаас байгалийн гэрэлтэй цагийг ашигласнаар цахилгаан, эрчим хүч хэмнэнэ хэмээн зөвтгөж, нөгөө талаас хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, био хэмнэл нь алдагдахад хүргэдэг гэх шалтгаанаар л буруутгадаг байсан бол техник технологи хөгжсөн өнөө үед дээрх өөрчлөлт IT чигдэлд багагүй хохирол амсуулах талаар инженерүүд тайлбар хэлж байна. Жишээлбэл, Програм хангамжийн инженер С.Дөлмандах дараах мэдээллийг өглөө.

ТЕХНОЛОГИ БА ЭРХ ЧӨЛӨӨ

Зуны цагт шилждэг болох тухай шийдвэрийг ямар ч бэлтгэл, судалгаагүй гаргаж байна. Шийдвэр ямар нөлөөтэй талаар байр сууриа хүргэе.

1. Цагийн бүс хэрхэн ажилладаг вэ?

IANA гэх байгууллага дэлхий дээрх бүх цагийн бүсийг албан ёсоор бүртгэж авдаг. Ингэж бүртгэхдээ зуны цагт шилждэг эсэх, шилждэг бол хэзээ шилжих, хэзээ буцахыг тэмдэглэдэг. Манай улсын хувьд Asia/Hoүd (+7), Asia/Ulaanbaatar (+8), Asia/Choibalsan (+8) гэсэн үндсэн 3 цагийн бүстэй бөгөөд 2007 оноос эхлэн цаг шилждэггүй гэсэн бүртгэлтэй байгаа юм.

Бидний ашигладаг Windows, Mac OS X, *BSD, Linux, Android, iOS зэрэг бүх системүүд нь дээрх бүртгэл дээр үндэслэн цагийн бүс болон цагаа тохируулдаг юм. Энэ өөрчлөлт хэрэглэгчид хүртэл багагүй хугацаа шаардахаас гадна зарим нэг систем / хувилбарт огт орохгүй байх магадлалтайг анхаарна уу.

2. Асуудал, бэрхшээл нь юу вэ?

Зуны цагт шилждэг улсууд цагийн шилжилтээ энэ бүртгэлд бүртгүүлсэн байдаг тул эдгээр системүүд автоматаар цагаа шилжүүлээд, тоолоод явчихдаг. Гэтэл манайх шилжихгүй гэсэн бүртгэлтэй учир ямар ч систем дээр цагийг автоматаар шилжүүлэхгүй!

Компьютер болон бүх цахим төхөөрөмж дээр цагийн бүсийг зөв тохируулж байж цагаа зөв тоолж, бүх зүйл хэвийн ажилладаг болно. Гэтэл ГАЙХАМШИГТ ШИЙДВЭР-ийн талаар бүх систем, төхөөрөмжүүд мэдэхгүй /мэдээгүй/ байгаа учир цагийг буруу тоолж эхэлнэ гэсэн үг.

2005 оныг хүртэл бид зуны цагт шилждэг байсан бөгөөд 2005 оноос больсон. Өмнөх өөрчлөлтийг мөн л ямар ч бэлтгэлгүй хийснээс болж бөөн асуудал үүсч байсан. Гэхдээ тэр үед өнөөгийнх шиг ухаалаг утас, таблет гээд маш олон цахим төхөөрөмж байсангүй, байсан хэдэн компьютер нь тийм ч чухал биш байв.

Дэлхийтэй мэдээллийн технологийн судсаар нягт холбогдсон өнөө цагт цагийг буруу тоолох нь маш уршигтай. Наад зах нь банкны гүйлгээ гэх мэт маш чухал бүртгэлийн мэдээллүүдийн цаг зөрж, алдаа гарч эхэлнэ. Эндээс гарч болох гарз, хохиролыг хэн хариуцах вэ?

3. Шийдэл

Бидэнд хоёр гарц / шийдэл байна.

1. Шийдвэрийг цуцлаад одоо байгаа хэвээр нь үлдээх.

2. Шийдвэрийн хэрэгжих хугацааг ядаж 2016, болж өгвөл 2017 болтол хойшлуулаад энэ хугацаанд бэлтгэлийг хангах.


ЦАГ ӨӨРЧЛӨХТЭЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭРҮҮД:

  • 1960 он. "Ажлын өдөрт өөрчлөлт оруулах тухай" Сайд нарын зөвлөлийн 1960 оны 245 дугаар тоот тогтоолоор анх удаа цаг урагшлуулах шийдвэр гаргасан.
  • 1985 он. Сайд нарын зөвлөлийн 74 дүгээр тоот тогтоолоор жил бүрийн гуравдугаарсарын сүүлийн долоо хоногийн ням гаригаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн ням гараг хүртэл цаг тооллыг нэг цагаар урагшлуулах шийдвэр гаргасан. Энэ тогтоолыг 14 жил хэрэгжүүлж, 1999 онд хүчингүй болгосон.
  • 2001 он. Засгийн газрын тогтоолоор дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн.
  • 2005 он. Засгийн газраас уг тогтоолыг дахин хүчингүй болгосон.

Б.БАЯСАХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж