Үндэсний хоккейн лигийн дорнод бүсийн аваргын төлөө учраа таарсан “Бостон Брунс” болон “Тампа Бей Лайтнинг” багийн шийдвэрлэх долоо дахь тоглолт өнгөрсөн амралтын өдөр боллоо. Ижилхэн 103 оноотой улирлыг өндөрлүүлсэн хоёр багийн тулаан бүсийн аваргын тоглолтод хүртэл эн тэнцүү гэдэг нь нотлогдож, шийдвэрлэх долоо дахь тоглолт Бостон хотноо болсон нь энэ юм. “ТД Гарден”-д цугларсан хөгжөөн дэмжигчид 21 жилийн дараа буюу 1990 оноос хойш бүсийн аварга болоогүй багаа бүхий л чадлаараа дэмжсэн юм. Харин долоо дахь тоглолт ердөө ганцхан гоолоор шийдэгдэж, энэ удаа талбайн эзэн “Бостон Брунс” гуравдугаар үеийн дунд хэсэгт Натан Хортоны оруулсан шайбын ачаар Стэнлийн цомын төлөө шалгарчээ. Хамгаалалт ноёлсон тус тоглолтод бостончууд эсрэг багийн хаалгач, энэ жил 42 настай Двейн Ролосон руу 38 удаа цохилт гүйцэтгэсэн бол “Тампа” ердөө 24–ийг цохиж, ганцыг ч хаалганд хийж чадаагүй байна. Ийнхүү плей-оффын шатанд 12 хожил, зургаан хожигдол хүлээсэн, тэр дундаа цуврал долоон тоглолтыг хоёр ч удаа хийсэн “Бостон Брунс” аваргын төлөө энэ жилийн хамгийн шилдэг баг “Ванкувер Канукс”-тай тулалдана. Бостон хотын баг 20–иод жилийн өмнө Стэнлийн цомын төлөө гурван жилийн дотор хоёр ч удаа дайралт хийхдээ хоёуланд нь “Эдмонтон Ойлерс”-т шүүрдүүлж байжээ. Гэхдээ нэг ч удаа аварга авч үзээгүй “Канукс”-ын хажууд “Бостон Брунс” тавантаа ноёлсон юм.
Score Studio