Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас нэгдүгээр сарын 25-наас эхлэн нөөцийн мах худалдаална гэж мэдээлж байсан ч өнөөдрийг хүртэл хэзээнээс хэрхэн худалдаалагдах нь тодорхойгүй байна. “Баатрууд тэнгэр”, “Махимпекс”, “Ай энд Ди Эм”, “Мах маркет” гэх дөрвөн компани тус бүр гурван тонн нийтдээ 12 тонн мах бэлтгээд нийслэлчүүдэд худалдаалахад бэлэн болсон гэх ч төрөөс урамшууллаа өгөхгүй байгаагаас энэ ажил таг гацчихсан байна. Дархан-Уул аймагт “Дархан мийт”, Орхон аймагт “Эрдмийт” компани шалгарч тус бүр нэг тонн мах нөөцөлсөн ч мөн адил урамшууллаа авахаар энэ ажил хүлээгдээд байна. “Нөөцийн мах бэлтгэсэн компаниудад килограмм тутамд нь мянган төгрөгийн урамшууллыг төрөөс олгож буй. Гэтэл аж ахуй нэгжүүдэд өнгөрсөн жилийн урамшууллын мөнгөнөөс 4.5 тэрбум төгрөг, энэ жилийн урамшуулал болох 14 тэрбум төгрөгийг олгоогүй. Иймээс нөөцийн мах хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа. Энэ асуудлыг яаравчлан шийдвэрлэхээр Байнгын хороо болоод УИХ-ын төвшинд хэлэлцэж байгаа” гэх мэдээллийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохиоцуулах газрын мэргэжилтэн Ц.Цэцэгдарь мэдээлээд байгаа.
Нөөцийн махыг хугацаанд нь борлуулаагүйгээс “Хүчитшонхор” худалдааны төвд борлуулагдаж байгаа махны үнэ сар шинийн баярын дараагаас эхлэн килограмм тутамдаа даруй 700-1300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Цаашид төрөөс энэ асуудалд анхаарлаа хандуулан бага, дунд орлоготой иргэдийн амьдралд тус нэмэр болох үүднээс нэн даруй нөөцийн махыг худалдаанд гаргах асуудлыг шийдвэрлэж өгөхийг иргэд хүлээж байна.
Д.ЖАРГАЛ