-Хятадын нийгэмд тулгарч байгаа гол асуудлууд болох агаарын бохирдол, авлига, хээл хахуультай хийх тэмцлийн асуудал хоёр чуулганы гол сэдэв байх болно-
Өнгөрсөн долоо хоногт Бээжинд эхэлсэн Бүх Хятадын улс төрийн зөвлөлдөх зөвлөл /БХУТЗЗ/-ийн 12 дахь удаагийн III чуулган, мөн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал /БХАТИХ/ дэлхий нийтийн анхаарлын төвд байна. БХУТЗЗ-ийн чуулган Мягмар гаригт /2015.03.03/ эхэлсэн бол БХАТИХ нь Пүрэв гаригт /2015.03.05/ нээгдсэн. Хятадын өөрийн болон дэлхийн мэдээллийн байгууллагууд энэ үйл явдлыг “Хоёр чуулган” нэрээр товчлон өргөн сурвалжилж байна. Хоёр чуулганд нийтдээ 4000 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Чуулганы ажиллагаа гуравдугаар сарын 15-ны өдөр өндөрлөх юм.
Энэ хоёр чуулган жил бүр болдог уламжлалт арга хэмжээ бөгөөд Хятадын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд чухал нөлөөтэй. Улс орноо удирдан залах дээд байгууллага гэж ойлгох хэрэгтэй. БХУТЗЗ-ийн анхны чуулган 1949 онд болсон бол БХАТИХ нь 1954 оноос хойш чуулж байгаа.
Энэ удаагийн их хурлыг Хятадын хөгжлийн дараагийн үеийг тодорхойлох чухал ач холбогдолтойд тооцож байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон энэ эдийн засгийн хөгжил сүүлийн үед саарч байгаа. Энэ үйл явц магадгүй хэдэн жил үргэлжилнэ хэмээн таамаглаж байгаа учраас энэ нөхцөл байдалд тохирсон хөгжлийн шинэ бодлого, стратеги хэрэгтэй байгаа. 2015 он нь 1990 онд дэвшүүлсэн Хятад улсыг хөгжүүлэх 25 жилийн төлөвлөгөөний сүүлийн он бөгөөд энэ төлөвлөгөөний биелэлт, үр дүнг авч хэлэлцэж байгаагаараа ач холбогдолтой.
Шийдвэрлэх жил
“Хятадын удирдлага 25 жилийн төлөвлөгөө хэр амжилттай байсан талаар дүгнэлт гаргаж, мөн дараагийн 30 жилийн зорилтыг тодорхойлно. Дараагийн 30 жилийн зорилт нь ирэх хавар бэлэн болно” хэмээн АНУ-ын Стратеги болон олон улс судлалын хүрээлэнгийн Хятад судлалын эрдэмтэн Скотт Кеннеди Вашингтон хотноо хэвлэлд ярьжээ. Хятад судлалын мэргэжилтний хувьд тэрбээр Хятадын ээлжит их хурлын үеэр дөрвөн зүйлийг анхаарч ажигладаг байна. Намын боловсон хүчин, эдийн засгийн ерөнхий хэлэлцүүлэг, их хурлаас санал болгож байгаа баримт бичгүүд, мөн гадаад бодлогын хэлэлцүүлгийг ажигладаг байна.
Скотт Кеннедийн үзэж байгаагаар энэ их хурлаад эдийн засгийн асуудал хамгийн гол асуудал байна, харин үлдсэн гуравт нь онцын өөрчлөлт ажиглагдахгүй аж. Өнгөрсөн жилийн эцсийн дүнгээр Хятадын эдийн засгийн өсөлт 7,4 хувь гарсан нь сүүлийн 24 жилийн хамгийн доод үзүүлэлт болоод байгаа юм. Тиймээс ямар нэг дорвитой өөрчлөлтийн бодлого шаардаж байгаа нь зайлшгүй хэмээн ажиглагчид үзэж байна. “Хятадын Засгийн газар чухал шийдвэрийг түргэн хугацаанд авч хэрэгжүүлж чадна гэж найдаж байна. 2014 онд авч хэрэгжүүлсэн бизнесийг бүртгүүлэхтэй холбоотой процедурыг хөнгөвчилсөн нь ихээхэн ач тусаа өгсөн. Одоо үйлчилгээний салбарыг гадаадын худалдаа болоод хөрөнгө оруулалтад нээж өгөх зэрэг арга хэмжээг шинэчлэлийн хүрээнд авч магадгүй” хэмээн АНУ-ын Брукингсийн хүрээлэнгийн Дэвид Доллар ярьсан байна.
Өнгөрсөн жил уналттай гарсан эдийн засаг энэ он гарсаар ч нааштай дүр зураг харагдахгүй байгаа. Хэдийгээр хоёрдугаар сарын 19-нд тэмдэглэсэн билгийн тооллын шинэ жилийн өмнө худалдаа, үйлчилгээний салбарт ихээхэн мөнгө эргэлддэг ч худалдан авалтын индекс ид өсөлтийн жилүүдтэй харьцуулахад буурчээ. Инфляцийн түвшин сүүлийн таван жилийн хамгийн доод цэгтээ хүрчсэн талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Харин Хятадын өөрийн албан ёсны статистик дүн хараахан гараагүй байна. Хоёр чуулганд зориулан гаргасан эдийн засгийн үзүүлэлтиүүдийг харвал хоёрдугаар сард үзүүлэлтүүд бага зэрэг сайжирсан гэж барууныхан бичиж байна. “Дотоод эдийн засгийн идэвх сул хэвээр байна. Харин гадаад эдийн засгийн хэрэгцээ хэр байгаа нь тодорхойгү” хэмээн HSBC банкны Хятадыг хариуцсан мэргэжилтэн Цюй Хунбинь бичжээ. Харин UBS банкны эдийн засагч Ван Тао “Хятад мөнгө, зээлийн бодлогоо сулруулах хэрэгтэй” гэж үзэж байгаагаа мөн бичсэн байна. Хятадын Төв банк хоёрдугаар сарын сүүлийн өдөр бодлогын хүүгээ 0,25 хувиар бууруулж байгаагаа зарласан.
Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян чуулганыг нээж хэлсэн үгэндээ эдийн засгийн нааштай биш үзүүлэлтүүд нь эдийн засгийн хяналтыг сайжруулахыг шаардаж байгаа хэмээн мэдэгдсэн. Түүний хэлснээр энэ 2015 онд Хятадын эдийн засгийн өсөлт долоон хувь орчим байх аж. “Эдийн засгийн өсөлт удааширч байгаа энэ үед бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тулгарч байна” хэмээн онцолсон. Ли Көцяны илтгэл 38 хуудас байжээ.
Хятадын нийгэмд тулгарч байгаа гол асуудлууд болох агаарын бохирдол, авлига, хээл хахуультай хийх тэмцлийн асуудал хоёр чуулганы гол сэдэв байх болно. Ерөнхий сайд Ли Көцян агаарын бохирдлыг “хүн амын амьжиргааны түвшинг бууруулж нэг хүчин зүйл” гэж онцлоод багаль, экологийн хуулиудыг чанд мөрдүүлэхээ мөн хэлсэн. Аж үйлдвэрийн огцом өсөлтийн үр дүн нь том хотуудын агаарын бохирдол болоод удаж байна.
БНХАУ-ын дарга Си Жиньпин 2012 онд төрийн эрхийг авсанаасаа хойш авлига, хээл хахуультай ширүүн тэмцлийг эхлүүлээд байгаа. “Ялааг ч барина, барыг ч барина” хэмээн тэмцлээ эхлүүлэхдээ хэлж байсан Си Жиньпин өнөөдрийн байдлаар бар голдуу барьж байгаа. Хоёр чуулган эхлэхийн өмнө армийн 16 генералыг албан тушаалаа урвуулан ашигласан, их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэргээр шалгаж эхэлсэнээ мэдэгдсэн. Си-гийн энэ тэмцэл Хятадын эдийн засгийн өсөлтийг даган гарч ирсэн шинэ баячуудын тансаглалыг мэдэгдэхүйц хумьсан хэмээн хэвлэлүүд бичиж байгаа.
Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг
Ли Көцяны илтгэлд дурдсан 2015 оны эдийн засгийн өсөлтийн таамаг үнэн байх аваас өнгөрсөн онд байсан 7,4 хувиас буурна гэсэн үг. Хүн амын амьжиргааг тогтвортой хэмжээнд барихын зэрэгцээ, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх хоёрыг хослуулах амаргүй зорилт Хятадын эрх баригчдын өмнө байна. Тиймээс хамгийн гол сэдэв “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” болоод байгаа юм.
“Энэ жил бидний өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээл өмнөх жилүүдийнхээс илүү их байж магадгүй” хэмээн Ли Көцян хэлсэн. Хятад энэ жил 10 сая ажлын байр шинээр бий болгож, ажилгүйдлийн түвшинг 4,5 хувьд барих зорилт дэвшүүлээд байна. Жил бүр хэдэн сая шинэ боловсон хүчин хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэгдэж байгаа үед ажлын байр шинээр бий болгох нь Хятадын удирдагчдын гол толгойны өвчин болоод байгаа.
Батлан хамгаалах төсвийг 10 хувиар нэмнэ
Хоёр чуулганы үеэр сонсогдсон нэг содон мэдээ нь Хятад улс батлан хамгаалах салбарын төсвийг 10 хувиар нэмэхээр шийдсэн явдал. Бүүр нарийн хэлвэл, 10,1 хувиар энэ оны батлан хамгаалах зардлыг нэмэх юм. Үүнийг юаниар тооцвол 886.9 тэрбум, харин ам.доллараар 141.45 тэрбум юм. 2014 онд Хятад батлан хамгаалах төсвөө 12.2 хувиар буюу 132 тэрбум ам.доллараар нэмсэн.
Д.НАРАНТУЯА
Эх сурвалж: “NEWS WEEK” сонин