ХУУЛЬ ТӨРСНИЙ ДАРАА
УИХ-аас Монгол хэлний тухай хуулийн төслийг баталснаар тодорхойгүй олон асуудал зохицуулалттай болоод байна. Хамгийн тэргүүнд онцлох асуудал нь эх хэл “Манаачтай” болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд Хэлний бодлогын үндэсний зөвлөл ажиллана. Уг зөвлөл нь судалгааны байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцэн баталснаар гадаад хэлний нэр томъёоны орчуулга, монгол хэлний дүрэм улс даяар мөрдөгдөх болж байна. Өмнө нь хэлний чиглэлийн нэр бүхий эрдэмтэд цагаан толгойн 35 үсэгнээс /ъ, ь щ, й/ -ийг хасъя гэх мэтчлэн санаачлага гаргаж, тэрхүү дүрэм мөрдөгдөх ч юм шиг ойлгомжгүй байдал үүсгэсэн бол уг хуулийн хүрээнд зөвхөн Шинжлэх ухааны академийн дэргэдэх эрх бүхий байгууллагын судалгааны байгууллагаас боловсруулсан дүрэм, гадаад нэр томъёоны орчуулгыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл баталснаар нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх “виз” гарах нь.
Өөрөөр хэлбэл, дээрх хоёр нэр бүхий газрын босго давж, судлагдаагүй харь үг хэллэг, дүрэм Монгол хэлний албан ёсны хэлэнд бүртгэгдэх боломжгүй гэсэн үг юм.
Эх хэлийг манах хоёр дахь том дархлаа нь ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангиас эхэлж 12 дугаар ангийг төгстөл нь монгол бичгийн хичээлийг заахаар тусгажээ. Энэ нь үндэсний монгол бичгийн соёлын хэрэглээг дэлгэрүүлэх, нөгөө талдаа эх хэлээ хамгаалах бодлогын суурь зарчим болно гэж үзэж байна. Арван жилийн дараа буюу 2025 оноос төрийн байгууллагууд албан хэрэгтээ монгол бичгийг давхар хөтөлж, хэрэглэх заалтыг дээрх хуулиар тусгаж өгсөн юм. Энэ бэлтгэлийг хангахын тулд дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт монгол бичгийн хичээлийг тусгаж, мөн элсэлтийн ерөнхий шалгалтад орохын өмнөх монгол хэлний шалгалтын 25 хувьд монгол бичгийн хичээл авахаар зааж өгчээ. Монгол бичгийн шалгалтыг ирэх жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө авах монгол хэлний шалгалтад багтаах юм. Гэхдээ уг шалгалтын тест нь хэддүгээр ангиас эхэлж монгол бичгийн хичээлийг үзэж эхэлсэн бэ гэдгээс хамаарах юм байна. Өөрөөр хэлбэл, есдүгээр ангиас эхэлж монгол бичгийн хичээл үзсэн бол төгстлөө гурван жилийн хугацаанд эзэмшсэн байвал зохих хэмжээний мэдлэгийн тестээр шалгалт авна гэж ойлгож болох нь.
Гадаад хэлний сургалттай сургууль ямар заалтыг мөрдөх вэ?
Эцэг, эхчүүд хүүхдээ бага наснаас нь эхэлж англи, хятад, герман, франц, солонгос хэлний аль нэгийг эзэмшүүлэхээр төлбөртэй сургуульд сургадаг болсон. Гадаад хэлний сургалттай сургуульд суралцсан хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас гадаад хэлний мэдлэгээрээ толгой цохидог ч монгол хэлээрээ зөв бичиж чадахгүй байх нь элбэг. Монгол хэлний тухай хуулиар энэ асуудлыг дараах байдлаар хуульчилжээ. Тодруулбал, гадаад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиуд монгол хүүхдэд монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийг нэгдүгээр ангиас төгсөх хүртэл батлагдсан хөтөлбөрөөр заахаар хуульчилсан байна.
Харин ерөнхий боловсролын сургуульд суралцагчдад гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заана. Социализмын үед дөрөвдүгээр ангид элсэнгүүт орос хэл заадаг байсан. Харин энэ удаад тавдугаар ангиас эхэлж гадаад хэлийг заахаар хуульчилсан нь зургаан настнууд нэгдүгээр ангид элсэн суралцдаг болсонтой холбоотой аж. Уг заалтын тухайд одоогийн дунд сургуульд мөрдөж байгаа сургалтын хөтөлбөр учраас хүүхдэд нэг их хүндрэл учруулахгүй юм байна.
Байгууллагууд хаягаа монгол хэлээр бичнэ
Улаанбаатар хотын гудамжаар алхаж явахад гадаад үгээр бичсэн хаяг, зарлалын самбар олонтаа тааралддаг. Монгол хэлний тухай хуульд аливаа байгууллага, аж ахуйн нэгж хаягаа гадаад хэл дээр бичсэн бол давхар монгол хэлээр эсвэл монгол бичгээр бичиж байх ёстой хэмээн зааж өгчээ. Хаяг монгол бичиг, монгол хэлний аль нэгээр бичигдсэн байхад л хуульд нийцнэ гэсэн үг. Хэрвээ хаягаа гадаад хэлээр бичээд монгол хэл, монгол бичгийн аль нэгээр бичээгүй байвал Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах аж.
Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа гадаад, дотоодын хэн боловч энэхүү заалт мөрдөгдөх ёстой. Монгол хэлний тухай хууль нь 2015 оны долдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
Хууль хэрэгжсэнээр ямар эерэг дүн дагуулах вэ?
Монгол хэлний тухай хуулийн төслийг хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг нарын нэр бүхий зургаан гишүүн санаачлан УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Үндсэндээ хуулийн төсөл УИХ-ын төвшинд хоёр жил шахам хэлэлцэгдсэнээр батлагдсан гэж хэлж болно. Ач холбогдлыг нь хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг “Хууль батлагдсанаар бий болох хамгийн гол үр дүн гэвэл монгол хэлний нэгдмэл байдал хадгалагдана, хэлний засаглал бий болох юм. Өнгөрсөн жилүүдэд манай улс монгол хэл, монгол бичгийн талаар төрөөс баримтлах бодлого, зохицуулалтгүй явж ирсэн. Хэн дуртай нь толь бичиг гаргадаг, эрдэмтэд нь эрвээхэй гэж бичих уу, эрвээхий гэж бичих үү гэх мэт дэмий асуудлаар маргалддаг, монгол хэл, бичгийн дүрмийг хэн баталдаг, хэний хэлсэн дүрмийг Монгол Улсад дагаж мөрдөх юм бэ гэдэг нь тодорхойгүй замбараагүй байдал бий болсон. Хууль батлагдсанаар энэ байдал цэгцэрнэ. Дэлхийн улс орнууд энэ чиглэлээр судалгаа явуулдаг, нэр томъёоны орчуулга, хэлбичгийн дүрмийг нэг мөр болгож цэгцэлдэг эрх бүхий хүрээлэнтэй байдаг. Манай Шинжлэх ухааны академийн дэргэдэх Хэл зохиолын хүрээлэнд ийм эрхийг нь олгоогүй байсан юм. Хууль батлагдсанаар энэ эрх нь нээлттэй болж байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд “Үндэстний цөөнхийн хэл, монгол угсаатны аман аялгууг судлах, хамгаалах, хөгжүүлэх, гадаад оронд суугаа монгол үндэстнүүд, олон улсын хэмжээнд монгол хэл, бичиг үсгийн хэрэглээ, сургалт судалгааг өргөжүүлэх, дэмжих чиглэлээр бодлого боловсруулах” үүрэгтэй Хэлний бодлогын үндэсний зөвлөл байгуулагдана. ШУА-ийн дэргэдэх эрх бүхий судалгааны байгууллагаас боловсруулсан зөв бичгийн дүрэм, толь бичиг, гадаад нэр томъёоны орчуулга, монгол хэлний үгийн санд оруулах шинэ нэр томъёо зэргийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл батламжилдаг болох юм. Энэ батламжилсан дүрэм, нэр томъёог мөрдөөд ирэхээр Монгол Улс хэл, бичгийн нэгдмэл зохион байгуулалтад орно. Олон будилаан арилна, нэр томъёогоо нэг мөр ойлгодог, мэдлэгийн систем маань цэгцрэх боломж нээгдэнэ” гэж үзэж байна.
Г.ДАРЬ