УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Энхболд, Л.Гантөмөр, Д.Ганхуяг нар тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл боловсруулсан байна. Эл төслөө өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ. Гол агуулга нь 1995 оноос өмнө тэтгэврээ тогтоолгосон ахмадууд, 1995 оноос хойш тэтгэвэрээ тогтоолгосон иргэдийн тэтгэврийн зөрүүг өөрчилж, нэг шатанд авчрахад чиглэж байгаа аж. Уг нь Засгийн газраас тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гарган амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсийг өсгөх итгэлцүүрийг 2001 оноос хойшхи хугацаанд таван удаа шинэчлэн тогтоож, тэтгэврийн зөрүүг ойртуулах, арилгах арга хэмжээ авсаар ирсэн ч шимтгэл төлсөн хугацаа нь ижил буюу ойролцоо, эрхэлсэн ажил, албан тушаал нь адил иргэдийн тэтгэвэр тогтоолгосон хугацаанаас хамаарч 1995 оноос өмнө болон хойш тогтоогдсон тэтгэвэр хооронд зөрүү байсаар байгаа аж. Үүнтэй холбоотойгоор 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан ахмадууд тэтгэврийн зөрүүг багасгаж өгөх хүсэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад удаа дараа тавьсаар ирсэн ч Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч чадаагүй юм байна. Тиймээс эрхэм гишүүд дээрх төслийг санаачлан боловсруулжээ.
2010 оны аравдугаар сарын 1-ний байдлаар Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ 105.3 мянган төгрөг, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 70.2 мянган төгрөг, улсын дундаж тэтгэвэр 126.9 мянган төгрөг бол 1995 оноос өмнөх үеийн дундаж тэтгэвэр 125.2 мянган төгрөг, 1995 оноос хойшхи дундаж тэтгэвэр 127.7 мянган төгрөг юм байна. Ингэхдээ нийт тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна гэсэн тооцоог Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас гаргажээ. Тиймээс дээрх бодит байдалд тулгуурлан энэхүү төслийг боловсруулсан юм байна.
Г.Дарь