З.Энхболд: Сонгуулийг одоо ярих хэтэрхий эрт байна

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

З.Энхболд: Сонгуулийг одоо ярих хэтэрхий эрт байна

УИХ-ын дарга З.Энхболдтой өнгөрсөн намрын чуулганы үр дүн, эдийн засгийг сэргээх бодлого шийдвэрийн талаар “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Л.Мөнхтөрийн ярилцлагыг хүргэж байна.

-УИХ-ын намрын чуулганаар ямар бодлого шийдвэрийг гаргав. Иргэд эдийн засагтай холбоотой шийдвэрүүдэд зонхилон анхаарлаа хандуулж байгаа бололтой…

-Нэлээд эртнээс ашигт малтмалын үнэтэй холбоотойгоор Монгол Улс санхүүгийн сахилга батгүй явж эхэлсэн. 2006 онд 68 хувийн татвар тавьсан. Тэр үед зэсийн үнэ өндөр, өмнө нь байгаагүй нүүрс гэж шинэ экспорт гарч ирсэн. Бараг тэрбум ам.долларын нүүрс зарж эхэлсэн байх. Зэсээс тэрбум ам.доллар гээд ашигт малтмалын өндөр үнийн нөлөөгөөр төгрөг чангарсан байдаг. Ингээд гэнэт орлого олсон учраас тэр хэмжээгээр зарцуулж эхэлсэн. Ардчилсан нам хүүхдийн мөнгө өгөнгүүт МАН шинэ гэр бүлийн мөнгө өгөөд сүүлдээ “Эх орны хишиг” гээд хэзээ ч мөнгөөр тасрахгүй юм шиг бид найралсан. Найралсан гэдэг нь бүгдээрээ, ард түмэнтэйгээ нийлж “байгалийн баялагаас хүн бүр хувь хүртэх ёстой” гээд 2008, 2012 оны сонгууль дамжин мөнгө цацсан. Үндсэндээ 2004 оны сонгуулиар эхэлсэн энэ үзэгдэл тэр парламентын дунд үеэс буюу 2006 оноос идэвхжсэн байдаг. “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг явж байтал 2012 оны сонгуулийн дараа уул уурхайн түүхий эдийн үнэ гэнэт унасан. Нүүрс зарагдахаа байж зэс, алтны үнэ унасан. Үүний зэрэгцээ Оюу толгойн эхний ээлжийн хөрөнгө оруулалт дууссан. Шууд хэлбэл Оюу толгойн үйлдвэр нь байгуулагдаад ажиллаж эхэлсэн учраас дахиж хөрөнгө оруулах шаардлагагүй. Ер нь гадны шууд хөрөнгө оруулалтыг 1992 оноос хойш график гаргаж үзвэл дунджаар 500 орчим сая ам.долларт баригддаг. Гэтэл Оюу толгой баригдаж байх ид үе 2011 он, 2012 оны эхний хагас хүртэл 500 орчим сая ам.доллар 4.5 тэрбум ам.доллар болсон. Тухайн үеийн Улсын Их Хурал, Засгийн газар Оюу толгой шиг том төслүүдээс хөрөнгө оруулалт ихээр орж ирдэг юм байна гэж ойлгосон. Тэр үед бүр “Дэлхийн хүн ам өсч байна. Байгалийн баялаг дуусдаг. Шавхагддаг, дуусдаг баялгийн үнэ хэзээ ч унахгүй юм байна” гэж ярьж байлаа. Ийм өөдрөг төсөөллөөр бид олж ирсэн бүх мөнгөө зарж эхэлсэн. 1996-2000 онд нийт төсвийн хөрөнгө оруулалт ердөө 20-иос 30-хан тэрбум төгрөг байлаа. Сүүлдээ хоёр их наяд төгрөг боллоо. Ингэж янз бүрийн байшин барьж санхүүгийн сахилга батгүй явж эхэлсэн. Тэр эрчээрээ 2013 оны төсвийг нэг их наяд төгрөгийн орлого илүү төлөвлөсөн ч тэр нь ороогүй. Түүнтэй холбогдсон зарлагаа сайн гүйцэтгэгдэж чадаагүй. 2014 оны төсвийг ч ялгаагүй тэгэж төлөвлөсөн. Харин 2015 оны төсөв дээр анх удаа “Ерөөсөө болъё” гэдэгт санал нэгдэж төсвийнхөө орлогыг ч, зарлагыг ч бид буурууллаа. Хөрсөн дээрээ буух санхүүгийн шийдвэрийг, төсвийн бодлогыг УИХ сая тодотголоороо баталлаа. Төсвийн тодотгол мөнгийг хамаагүй зарж болохгүй, түүхий эдийн үнэ үргэлж өсөхгүй, ашигт малтмалаас хамаарсан эдийн засагтай байж болохгүй юм байна. Солонгорсон эдийн засагтай байх ёстой юм байна гэж шийдлээ. Солонгорсон эдийн засгийн талаар олон хүн яридаг ч, хийсэн зүйл байхгүй байна. 2012 оны дундаас бодитой төлбөрийн балансын хомсдол гарч эхэлсэн. 2013 онд энэ нь хурцаар мэдрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч 1800 хүрлээ. Одоо 1900 хүрчихлээ. Энэ бүхэн эдийн засагт нөлөөгөө үзүүлсээр л байна. Мэдээж төгрөгийн ханшийг ойлгодоггүй хүмүүсийн “УИХ, Засгийн газар, Монголбанк муу ажиллаж байна. Эргээд 1400 болгочихож болдог л байхгүй юу” гэсэн яриа байдаг. Ханш гэдэг олж, зарж байгаа ам.долларын зөрүүн дээр тогтдог. Тэр дотроо гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаардаг ийм л хэмжигдэхүүн ш дээ. Үүнийг ямар байхыг Монголбанк, УИХ, Засгийн газар мэдэхгүй. Нэрмээс болж байгаа юм шиг зэс, алтны үнэ уначихаар хуучин шигээ нүүрс гаргаж, хуучнаасаа хоёр дахин их зэс гаргаад байхад оргил үеийнх шиг орлого орж ирэхгүй байна. Ингээд дисбаланс үүсэхэд ханш өсөөд байгаа. Энэ бүх зүйл хөрсөндөө буутал хоёр жилийг зарцуулсан байна. Тэгээд анх удаа бодит байдал руу дөхсөн төсвийг энэ жил баталлаа.

-Энэ асуудлыг шийдэхийн тулд иргэдийн нуруунд татварын ачаалал үүсгэлээ гэсэн шүүмжлэл бий?

-Ор үндэсгүй. Яагаад гэвэл татвар нэмлээ гэхэд ирэх жилдээ үйлчилдэг төсвийн хуультай. Тиймээс татвар нэмж орлого олоод түүгээрээ төсвийнхөө хүндрэлийг даван туулах зорилго Засгийн газраас өргөн барьсан хуульд ч байхгүй, УИХ ч тэгж батлахгүй. Ер нь мөнгөтэй жилүүд буюу 2006-2012 он хүртэлх хугацаанд “Ер нь татваргүй улс болвол яасан юм. Энэ хэдэн уурхайгаа мөлжөөд байвал яасан юм” гэж мөнгө нь ихэдсэн хүний яриа гарч байсан. Татвар нь төсөв бүрдүүлэхээс гадна өөр зорилготой. Жишээ нь “Бэлчээр сүйдлээ. Малын тоо их болж байна. Тооноос илүү чанарт анхааръя” гэж яриад байгаа боловч бэлчээрийг үнэгүй байлгадаг. Дээр нь хэдэн ч малтай байсан тэр хүнээс юу ч гардаггүй учраас энэ яриа хэзээ ч биелэхгүй. Тэгсэн хэрнээ нөгөө талд нь худаг ус гаргах, малаа эрүүлжүүлэхэд нь улсын төсвөөс хөрөнгө гаргадаг нь хэвээрээ байгаа. Тиймээс малын хөлийн татварыг нэг хонин толгойд оногдохоор тэгээс зуун төгрөгөөр тогтоох эрхийг сумын ИТХ-д өгөөд сумын ИТХ нь 200 хоньтой хүнийг чөлөөлөөд авсан мөнгөө сумандаа зарцуулах эрхтэй. Энэ мэтээр малын хөлийн татварыг шинээр оруулж ирж байгаа нь бэлчээрийн даац хэтрэлттэй тэмцэх, малыг тооноос чанарт шилжүүлэх гэх мэт татварын олон үүргийн дагуу оруулж ирсэн. Бас Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхонд автомашины тоо хурдацтай өсч байна. Агаар бохирдуулж, түгжрэл үүсч байгаа учраас татварынхаа хувь хэмжээг өсгөе гэдэг асуудлыг оруулж ирсэн. Бусад нутаг дэвсгэрт байгаа автомашин хуучин хувь хэмжээгээрээ төлнө. Зорилго нь түгжрэлийг бууруулах, олсон жаахан орлогоороо бохирдсон агаарыг сайжруулах зэргээр татварын орлого гэхээсээ илүү байгаль экологио хамгаалах зорилготой байх жишээтэй. Мөн орон сууцнаас үл хөдлөх хөрөнгийн татвар авч байгаагүй. Сүүлийн үед зарим иргэд нэг биш, нилээн хэдэн орон сууцтай болж байна. Арван байртай хүн орон сууцаа түрээслүүлж ашиг олоод түүнээсээ нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна. Тиймээс нэг айлын нэг байр, зуслангийн нэг байрыг хасаад гурав дахиас нь татвар авъя. Хотын төвийн сайн байршилтай хөрөнгийн татварыг нэмэгдүүлье гэх зэргээр Хөрөнгийн татварын тухай асуудлыг оруулж ирсэн. Гэхдээ эдгээрийн алийг нь ч УИХ шийдээгүй. Ирэх хаврын чуулган руу шилжүүлсэн. Яагаад гэвэл аль ч шатны төсөвт нэг ч төгрөг тавиагүй. Тэгэхээр татварын орлогыг харсан бус харин хоёр дахь хүчин зүйлсийг тооцоолсон зохицуулалт гэж ойлгох хэрэгтэй.

-Дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж эдийн засгаа солонгоруулна гээд байгаа. Яг ямар бодлого гаргав?

-Сүүлийн 20 жил энэ сэдвээр ярьж мэтгэлцлээ. Гэхдээ сүүлийн хоёр жилээс л дотоодын үйлдвэрлэл бага зэрэг нэмэгдэж, бүтээгдэхүүний чанар сайжирч байна. Яагаад сүүлийн хоёр жил нэмэгдэв гэхээр өмнө нь Эрээнээс очоод оймс авчих нь илүү хямдхан байлаа. Ханш өөрөө тийм урамшууллыг өгч байсан. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1400 төгрөг байхад дотооддоо үйлдвэрлэх нь ямар ч утгагүй. Харин 1800 болоход “Янмал” оймсны үйлдвэр зах зээлд илүү амжилт олж байгаа юм. Дотооддоо оймс үйлдвэрлэх нь илүү утгатай болж, Эрээний оймс “Янмал” оймстой өрсөлдөж чадахаа больж байна. Энэ мэтээр дотоодын үйлдвэрлэл сэргэж байгаа. Энэ бол гадаад худалдааны алдагдал алга болж хасахаас нэмэх рүү орсны эерэг тал. Мэдээж ам.долларын үнэ өсөхөд экспортлогчид баярладаг. Би Өмнөговь аймагт өчигдөр ажиллаад, Оюу толгойд 320 тонн хүнд даацын автомашин барьдаг жолооч эмэгтэйн ажилтай танилцлаа. Түүний цалин 1500 ам.доллар гэж байсан. Гэхдээ ам.доллараар цалинг нь бодоод төгрөгөөр олгодог юм байна. Тэгэхээр тэр эмэгтэй жолооч Солонгоод ханш өсөх нь ашигтай. Энэ нь экспортыг урамшуулдаг схем юм. Харин ханш өсөхөд импортлогчид бухимддаг. Оймс импортолдог хүн гаднаас оймсоо авч чадахаа больж, импорт нь хаагдана. Түүний оронд “Янмал” оймсны үйлдвэр гарч ирсэн нь импортыг орлосон бүтээгдэхүүн болж буй хэлбэр. Үнэндээ энэ нь хоёр талтай зүйл. Судалгаанаас харж байхад, манай улсын ихэнх компани импортлогч байдаг. Импортлогчид бол юм бүтээдэггүй, нэгээс авч нөгөөд үнэ нэмж зардаг. Нэг нь Эрээнээс авч Нарантуул дээр, нөгөө нь Нарантуулаас авч аймагтаа зардаг. Энэ бол баялаг бүтээх процесс биш, цэвэр худалдааны бизнес эрхлэх үйл ажиллагаа. Ийнхүү үргэлж худалдааны бизнес эрхлэж болохгүй гэдгийг бид 25 жилийн дараа ойлгож эхэлж байна. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг жишээ болгоход гадаадаас импорт хийхгүйгээр, дотооддоо печень, чихэр, сүү, тараг үйлдвэрлэж зах зээлд өрсөлдөж болохоор байна. Валютын ханш нь эдийн засгийн асуудал гэдгийг ойлгохгүй хүмүүс “Валютын ханш өсөх нь муу” гэж ярьдаг. Харин Японы шинэ Ерөнхий сайд Ш.Абэ “80 байсан нэг ам.доллартай харьцах иенийг 120 болгоно” гэж амласан. Одоо 120 болгочихлоо. Уг нь ханш өсөхөд Японы ард түмэн дүргүйцэх байтал тэгсэнгүй. Учир нь Япончууд гадаадаас бага зүйл авч ихийг гадаад орнууд руу экспортолдог учраас ханшаа өсгөхийг дэмжээд байна. Эдийн засаг бол нэг утгатайгаар тодорхойлоход хэцүү ойлголт. Үүнийг сайн тайлбарлаж байхгүй бол популистууд ихээр ашигладаг. Ханш өслөө гээд л орилоод байдаг. Гэтэл тэр нь дотоодын экспортлогчдыг дэмжиж байгаагаараа давуу талтай. Зөвхөн уул уурхай ярьдаг байсан бол уул уурхайн бус экспортын талаар олон хүн ярьж эхэлсэн. Бодитойгоор хийж эхэллээ. Энэ нь дахиад л гадаад худалдааны алдагдал эерэг болсны шинж.

-Уул уурхайн бүтээгдэхүүний ханшийн уналт 50 жилийн цикльтэй байна гэж ярих болсон. Энэ үнэн үү?

-50 жил гэдэг худлаа. Ер нь таван жилийн дотор асар хурдтайгаар дээшилж, доошилж байна. Сайн байсан таван жилд нь МАН УИХ-д гарч таараад муу байсан таван жил нь бидний үед тохиочихсон. Гэхдээ энэ үгээрээ ямар нэгэн гомдол тоочих гэсэнгүй. Харин ч үүнийг ашиглаж монголчууд эдийн засгаа солонгоруулж алс хэтдээ хөрөнгө оруулалт болох их ажлыг эхлүүлж, үр дүнд хүрэх шаардлагатай. Нүүрсний, зэсийн, алтны үнэ ямар байхаас үл хамаараад бид гурвалжин будаагаа Японд экспортолъё. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг үйлдвэрлэдэг бол үүгээрээ цамц хийгээд зардаг болъё. Энэ л биднийг аварна. Ноолуур жил бүр ургадаг баялаг. Нүүрс, алт, зэс нэг удаа ачигдаад л баяртай, юу ч үлдэхгүй.

-Гадны хөрөнгө оруулалтыг сэргээхийн тулд эрх зүйн олон зохицуулалт хийхээр ярьж заримыг нь эхлүүлсэн. Гэхдээ Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, Таван толгой, Гацууртын ордыг ашиглах асуудал маргаантай хэвээр байна?

-Гацуурт нэг их том орд биш, 70 орчим тонн алттай. Зах зээлийн өнөөдрийн ханшаар 2.1 тэрбум ам.доллар. Оюу толгойн хоёр жилийн үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээтэй алт Гацууртад байна гэсэн үг. Таван толгой бол хятад улсын нүүрсний бодлогоос хамаараад зарагдахад хэцүү болсон. Дотоодынхоо нүүрс олборлогчдыг дэмжих үүднээс гадаадаас орж ирдэг коксжих болон эрчим хүчний нүүрс дээр татвар тавьж байна. Ялангуяа эрчим хүчний нүүрсийг гаднаас авахгүй байхыг бодож байна, тэд. Таван толгойгоос бид зөвхөн коксжих нүүрсийг нь зараад эрчим хүчний нүүрсийг нь овоолоод үлдэж болохгүй. Нүүрсийг хураачихаар өөрөө шатчихдаг учраас экологийн аюул болно. Тэгэхээр бид Таван толгойн нүүрсийг Номхон далайн боомт руу хүргэж чадвал борлогдох боломжтой. Ирээдүйгээ тэгж харах хэрэгтэй болсон. Оюу толгойн хувьд далд уурхайд нь нийт баялагийнх нь 80 хувь байдаг. Энэ 80 хувийг эргэлтэд оруулахын тулд 1280 метр гүнд байгаа далд уурхайг ажиллуулах хэрэгтэй. Үүнийг ажиллуулахад Монголын талаас хүлээх үүрэг байхгүй. Рио Тинтогийн үүрэг учраас бид гэрээгээ биелүүлэхийг шаардаж байгаа. Оюу толгойн хоёр дахь шат оны эцэст хөдөлж эхэлнэ гэсэн хүлээлт бий. Үнэ бага байгаагаар шалтаглаад хойш суух тал нөгөө талд бий. Уг нь үнэ ямар байхаас хамааралгүй далд уурхайг ашиглах хөрөнгийг тэд олж ирэх үүрэгтэй. Тэгэхийн тулд бид ямар нэгэн барьцаа тавих үүрэггүй. Монголын тал 2010 онд хүлээсэн үүргээ бүгдийг нь биелүүлсэн.

-Таван толгой дээр яг ямар асуудал байгаа юм бол?

-Таван толгой бол зүгээр нэг компани биш. 10 хувийг нь иргэддээ үнэгүй өгсөн. 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд зарсан. Хувьцаа авсан иргэдээс мөнгө авсан цөөхөн хэсэг байгаа. Үндсэндээ гурван сая хувьцаа эзэмшигчтэй 80 хувь нь төрд байгаа ийм л компани. Тэгэхээр одоогийн Засгийн газрын бодож байгаа хувилбараар Таван толгой цаашид явахад хэцүү юм билээ. Үүнийг УИХ дээр би хэлж байсан. Юу вэ гэвэл чамд ч надад ч Таван толгойн гээд 1072 хувьцаа бичээд өгчихсөн. Түүнийгээ “сая төгрөгийн үнэтэй юм шүү” гээд зарлачихсан. Хэрвээ чи сая төгрөгтэй байвал түүнийгээ банкинд хадгалуулаад 150 орчим мянган төгрөг авна. Таван толгойн өгөөж нь жилдээ 150 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахгүй бол болохгүй болчихож байгаа юм. Одоогийн 30 сая тонн нүүрс олборлоод, тээвэрлээд, борлуулаад тэгээд түүнээс Эрдэнэс таван толгой компанид өгөх хувь тусгай роялтиг гурван сая хүний хувьцаанд хуваахад найм орчим ам.доллар болно. Үндсэндээ 150 сая ам.доллар жилдээ олж байж гурван сая хүний хувьцаа үнэ цэнэтэй болох юм. Жилийн 25 сая ам.долларын тусгай роялтиг өгснөөс өгөөгүй нь дээр гэдгийг би Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр хэлсэн. Тэгэхээр одоогийн гэрээ хэлэлцээрээр явах боломжгүй.

-Энэ асуудал сонгуулиас өмнө шийдэгдэхгүй байж магадгүй гэсэн үг үү?

-Ер нь нүүрсний зах зээлийн үнийг харах юм бол энэ асуудал ойрын нэгээс хоёр жилд шийдэгдэх боломжгүй. Дээр нь бид нэг жилийн мөнгөгүйгээсээ болоод үнэтэйг нь урагш нь гаргаад үнэгүй эрчим хүчний нүүрс нь шатаад том машин явснаас илүү экологийн гамшиг болох асуудал байгаа. Эрчим хүчний хийгээд коксжих нүүрс үе үеээрээ давхарга үүсгэж байдаг учраас коксжих нүүрсийг авахын тулд эрчим хүчний нүүрсийг нь ил гаргаж тавихаас өөр аргагүй болдог.

-Гацууртын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох асуудлыг Засгийн газарт буцаасан. Хувь эзэмшлийн асуудал хэрхэн шийдэгдэх бол?

-Буцаасан анхны тохиолдол энэ биш. Оюу толгойн 34 хувийг зээлээр аваад сар бүр зээлийн хүү төлөөд байна гэж их шүүмжлүүлсэн учраас Засгийн газраас оруулж ирсэн стратегийн ордод хувь тогтоох хоёр асуудалд УИХ “Үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр цаашид стратегийн ордод төр хувь авч түүнийхээ төлөө мөнгө, хүү төлөөд явах нь буруу юм байна гэдэг бол УИХ-ын байр суурь. Нэгэнт хувь эзэмшихгүй гэж байгаа бол Засгийн газар дахиад нэг сонголтыг оруулж ирсэн. Тэр нь хувь эзэмшихийн оронд тусгай роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны татвар тавъя. Тусгай роялти нь жинхэнэ роялтитай адилхан буюу тав хүртэл хувь байж болно. Хэд байхыг Засгийн газар яриа хэлэлцээрийн үед тогтооно. Яагаад гэвэл орд бүхэн өөр юм байна гэсэн ийм хуулийг цагаан сарын өмнө батлуулж авсан. Энэ хууль Оюу толгой, таван толгойд эргэж үйлчлэхгүй. Цаашид гарч байгаа Гацуурт шиг ордод хэрэглэнэ. Ер нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар бол хамгийн харгис татвар. Аж ахуйн нэгж алт, зэс, нүүрс олборлоход нь үүдэнд нь пүү тавьж байгаад зах зээлийн үнийн дүнгийнх нь таван хувийг аваад явчихдаг. Тэр нүүрсийг олборлоход ямар зардал гаргасан, ашигтай ажилласан үгүйг сонирхдоггүй. Шууд хэлбэл таван хувийн Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэдэг бол бараг 20 ба түүнээс дээш ашгийн татвартай тэнцдэг зүйл.

-Гацууртын ордыг стратегийн ордод ашиглах шийдвэрийг хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцэж байгаа тухайд. Д.Эрдэнбат сайд хүртэл тэмцэгчидтэй нэгдэж байгаа бололтой?

-Гацууртыг тойрсон улстөржилт их явагдаж байгаа. Ноён уулыг ухах гэлээ гэж байна. Үнэндээ Ноён уулаас холгүйхэн олборлолт явуулаад 15 жил болж байгаа юм. Д.Эрдэнэбат “Манай компани Ноён гэдэг нэртэй” гэсэн байна лээ. Тэр бол гол асуудал биш. Асуудал нь археологийн хүрээлэнгээс Гацууртын орд Ноён уулын булш хүртэл зургаан км зайтай гэдгийг тогтоосон. Ноён уулын булшны дор бас алт байгаа. Тэнд Монголын “Гүнбилэг трейд” гэдэг компани лиценз эзэмшдэг. Гацууртын олборлолтыг хийх гээд байгаа тэр газарт түүхийн ямар ч олдвор байхгүй. Дээр нь байгаа шороон ордыг нь сүүлийн 15 жил ухаж олборлоод одоо газар дор байгаа үндсэн ордыг нь ашиглах тухай ярьж байна. Ноён уулын алтыг ухуулахгүй, булшыг ухуулахгүй гэж ярьж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ хууль ёсны лицензтэй компанийг хөөж явуулах хүсэлтэй. Явмагц нь орж алтыг нь, булшыг нь ухаж гадаад руу хууль бусаар зарах зорилготой. Тэр 70 тонн алтанд төр манаач тавьж чадахгүй. Хүннүгийн булшыг одоохондоо “Гүнбилэг трейд” компани хамгаалж байгаа байх. Мөн нэг зүйлийг тодотгож хэлэхэд Гацууртын ордыг ашиглах компани роялтын хувь буурсныг ашиглаж олборлосон алтаа 100 хувь Монголбанкинд тушааж мөнгө авах юм. Ер нь бол төр лиценз өгсөн л бол хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай компаниудын эрхийг хамгаалах ёстой. Тиймдээ ч бид нинжадах гэж байгаа, хэн нь мэдэгдэхгүй, улсад татвар төлдөггүй, байгаль орчин сүйтгэсэн хирнээ нөхөн сэргээлт хийдэггүй тийм хүмүүсийн хууль бус үйлдлийн эсрэг хатуу зогсох хэрэгтэй.

-Гүнбилэг компани Хүннүгийн булшны дор байгаа алтыг хэзээ нэгэн цагт авна гэсэн үг үү?

-Авахын тулд хуульд заасан нөхцөлүүдээ биелүүлэх үүрэгтэй. Тэр компани мөнгөтэй байна уу. Тэр бүх археологийн олдворыг гаргаж ирэх чадвар байна уу гэдгийг харгалзан үзэх ёстой. Хэрвээ чадвар байхгүй бол алт олборлох зөвшөөрлийг нь өгөхгүй.

-Оюу толгойн 34 хувийг зарах уу, гэрээнд өөрчлөлт оруулах уу гэж нэг хэсэг ярьсан?

-Нэгдүгээрт би зарахын эсрэг байгаа. Ийм их зовлон туулж ирсэн, бас нэг үе 25 ам.доллар болсон зүйлийг одоо дөнгөн данган гурван ам.доллар хүрч байхад нь зарвал утгагүй. Бирж дээр зарагддаг бодитой хувьцаа болгож хувиргая гэж байгаа. Одоо бол хувьцаа нь бирж дээр зарагддаггүй амьгүй хувьцаа. Тиймээс хувьцааг нь амьтай болгоё. Ийм болгосны дараа зарах зарахгүйг УИХ шийднэ.

-Ерөнхий сайд Японд очиж Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгууллаа. Та саяхан очсон. Гэрээний хэрэгжилт үр дүнгийн талаар мэдээж ярилцсан байх. Энэ гэрээ яаж үр ашгаа өгөх үү?

– Монголын компаниуд хэзээ дэлхийд зарагдах бараа үйлдвэрлэнэ тэр үед л үр ашгаа өгнө. Манайх сүүлийн 35 жил ямаагаа өсгөөд ноолуураар нь цамц хийж зараад амжилттай яваа. Гэхдээ бидний борлуулж буй хэмжээ туйлын бага. Нэг өдөр гэрээ байгуулагдахад маргааш нь баяжина гэсэн ойлголт байхгүй. Яагаад заавал Японтой энэ гэрээг байгуулав гэсэн асуулт бий. Яагаад гэвэл Монгол Японы улсуудын эдийн засаг нь нэг нэгнээ нөхөх шинж чанартай. Японд байгалийн баялаг байхгүй бол тэр нь Монголд байна. Монгол Улс БНХАУ-тай транзит тээврийн гэрээ байгуулсан. Удахгүй хойд хөрштэй байгуулна. Тэгэхээр манай байгалийн баялаг Японд хүрнэ гэсэн үг. Тэр улсын том эдийн засгийг олон арван жилээр хөдөлгөх нөөц манайд байна. Харин манайд юу байхгүй байна гэхээр Японд байдаг өндөр технологи болон худалдааны сүлжээ байхгүй. Тиймээс дэлхийн зах зээл дээр гарч аль болох олон зүйлийг зарахгүй бол монголчуудын хэрэглээ өндөр шаардлагатай болж байна. Хуучин шигээ гурилтай шөл идэж, морь унадаг монголчууд биш болсон. “Iphone”-оос эхлээд олон зүйлийг хэрэглэж байна. Энэ бүхнийг бид валютаар авна. Валютыг төлөхийн тулд ямар нэгэн зүйлийг валютаар зарж таарна. Тэр нь зөвхөн уул уурхайгаас хараат байвал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унахад л эдийн засаг уналтад орж байна. Тэгэхээр бид уул уурхайн бус бүтээгдэхүүн хийх шаардлага тулгарна. Гэтэл дэлхийн зах зээл тэр чигээрээ эзлэгдсэн. Хэн нэгэнтэй бид хамтрахгүй бол биднийг хэн ч тэр том зах зээл рүү оруулахгүй. Тиймээс л дэлхийн зах зээлд байр сууриа олчихсон, бүх оронд өөрийнхөө барааг зарж чаддаг сүлжээтэй, технологитой ийм улстай хамтарч ажиллая гэдэг үүднээс Эдийн засгийн түншлэлийн гэрээг Япон Улстай байгуулсан. Үүнийг гэнэт нэг өдөр хийгээгүй 2009 онд С.Баяр Ерөнхий сайдын айлчлалын үеэр Японы талд санал тавьж зургаан жилийн дараа гэрээ байгуулагдаж байна. Японтой гэрээ байгуулсан 15 дахь улс нь Монгол. Харин манай улсын хувьд анхны хэлэлцээр болж байна.

-Ер нь тэргүүн ээлжинд ямар салбар хөгжих бол?

-Ноолуураар жишээ авч тайлбарлая. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Пакистан зэрэг жижиг орнууд үйлдвэрлэдэг. Гэтэл бид үйлдвэрлэсэн түүхий ноолуурынхаа 90 хувийг боловсруулалгүй гадагш нь гаргаж, зөвхөн 10 хувиар нь дотооддоо цамц /бүтээгдэхүүн/ үйлдвэрлэж байгаа. Харин Хятад бараг дэлхийн бүх түүхий ноолуураар бэлэн бүтээгдэхүүн хийж байна гэвэл хилсдэхгүй. Хятадад Өвөр монгол малчнаас эхлээд худалдагч хүртэлх бүх шатанд цалинтай байгаа бол бид 140 мянган малчнаас бусад хүнд ноолуурын ашгийг хүртээж чадахгүй байна. Энд дутагдаж буй хоёр зүйл бий. Нэгдүгээрт бид 7000 тонн ноолуураа утас болгож чадахгүй байна. Энэ нь цамц хийж чадахгүй гэсэн үг. Утас болон цамц үйлдвэрлэх автомат машиныг Японы Шимасики компани үйлдвэрлэдэг. Өвөрмонголын Ордосын ноолуурын үйлдвэрт гэхэд арван мянган ийм машин бий. Гэтэл манай Говь компанид 300-хан байдаг. Тэгэхээр манайх 10 мянган Шимасики машинтай болж байж долоон мянган тонн ноолуур маань цамц болно. Хоёрдугаарт бид үйлдвэрлэсэн цамцыг нь дэлхийд гаргах сүлжээ, туршлага байхгүй. Түүнийг нь даах санхүүгийн капитал байхгүй. Цамц аваачаад жилийн дараа зарагдах хооронд зээлийн хүү нь гүйцэж дахиад алдагдалд орно. Тэгэхээр үүнийг хийдэг Японы Иточутой хамтрах ёстой. Иточу бол хоёрдугаар дайны дараа Японы нэхмэлийн аж үйлдвэрийг хөгжүүлж ирсэн. Япончууд эхлээд Сониг үйлдвэрлэж буй харин өмд, цамц үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гарсан. Тиймээс Шимасики, Иточутай хамтарч түүхий ноолуураараа бэлэн бүтээгдэхүүн хийвэл гурван саяулаа биш гэхэд 500 мянган монгол хүний ажлын байр бий болно. Дэлхийд ноолуураар том гүрэн болох боломж бидэнд байна. Одоо болтол хийж чадаагүйгээ Эдийн засгийн түншлэлийн гэрээгээр нөхөе. Жишээ нь Шимасики машиныг авахад Японы ЖБИК туслахад бэлэн байгаа. Энэ мэтээр хамтраад дэлхийн зах зээлд өрсөлдье гэдэг санаанаас саяын гэрээ гарсан. Одоо бодит ажил хэрэг болж байна.

-Гэрээ байгуулагдсанаар бүх харилцаа зохицуулагдана гэж байхгүй байх. Виз, Японы компаниудтай танилцах гэх мэт асуудал бий?

-Манайхан асуудлыг их хялбаршуулж ойлгодог тал бий. Гэрээ байгуулагдсан, бүх зүйл сайхан болно гэж. Үгүй. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө Засгийн газрын байгууллагуудаас эхлээд хувийн байгууллагууд ажиллах ёстой. Хувийн байгууллагуудын ажиллах нөхцлийг Засгийн газар бүрдүүлж өгч байгаа болохоор үүнээс цааших нь цэвэр бизнесийн асуудал. Визний асуудлыг хөндөж хэлэлцсэн. Удахгүй шийдэгдэх байх.

-МАН-аас төрд ажиллаж байсан хүмүүсийн үйлийг үзэж дуусаад АН руу орлоо. АТГ гэдэг аймшигтай байгууллага гарч ирлээ гэж шүүмжлэх болсон?

-Ер нь АТГ-ыг байхгүй байхад “Авлигатайгаа яагаад тэмцдэггүй юм. Төрөөс төрсөн тэрбумтангууд. Насаараа төрд ажиллачихаад унаж яваа унаа нь, сууж байгаа хаусыг нь хар” гэдэг байсан. Тэгээд 2006 оны үед тухайн үеийн хуулийн байгууллага авлигатайгаа тэмцэж чадахгүй юм байна гээд АТГ-ыг байгуулсан. Түүнээс хойш 40 орчим мянган хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг, шалгадаг. Алдаа гарвал ажлаас нь халдаг нэг үүрэгтэй ажиллаж байгаа. Нөгөө талаас авлига өгсөн, авсан байвал мөрдөн байцаалт явуулж ял өгч болдог. Тэгээд байгуулагдсанаасаа хойш хэдэн мянган хүнийг аваачаад шоронд хийгээд байгаа юм уу гэхээр үгүй. Бараг гарын арван хуруунд багтах хэдхэн хүнийг барьсан, хорьсон. Ер нь авлигатай тэмцэж л таарна. Тэр тэмцэл нь таалагдахгүй байж болно. Түүгээр улс төр хийж болно. Түүнийг хуулийн хүрээнд авч үзэхээс биш зөв бурууг нь хэлдэг байгууллага УИХ биш. Энэ байгууллага нь өөрөө хүн хэлмэгдүүлж, хууль зөрчиж байна уу гэдгийг шалгадаг газар нь бас байгаа.

-Тэгвэл ирэх хаврын чуулганаар ямар асуудлуудад шийдвэр гаргах гэж байна вэ?

-Сонгуулийн, намын, намын санхүүжилтийн, эрүүгийн, зөрчлийн, эрүүгийн байцаан шийтгэх, өмч хувьчлалын, Үндсэн хуулийн өөрчлөлтийн гэх мэт хуулиуд яригдах байх. Ерөнхийдөө эдийн засагтай холбоотой шийдвэрүүдээ гаргачихсан. Одоо Засгийн газрын хэрэгжүүлэх үүрэг нь үлдсэн.

-Казиногийн, Бооцоот морин уралдааны, Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэрхэх юм бол?

-Бүгд өргөн баригдсан. Заримынх нь хэлэлцүүлэг эхэлсэн, зарим нь эхлээгүй. Энэ завсарлагааны хугацаанд ажлын хэсгүүд үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Одоо сонин үзэгдэл гарах болж. Хэвлэл, сошиал медиагаар нэг сэдвийг шүүрч аваад хэдэн талаас нь ярьдаг. Гэр бүлийн хүчирхийллийг өнөөдөр батлахгүй бол маргааш хүүхэд үхлээ гээд шуугиан тарьж туйлширдаг. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Түүнийг чангаруулж захиргааны хариуцлага тооцдогыг нь эрүү үүсгэдэг болгох уу үгүй юу гэдэг бодлого байгаа. Түүнээс биш манайх хүүхдээ зодож болдог тэр нь хуульгүй байгаад хууль гаргачихвал маргааш хүүхдээ зодохоо болино гэж ярих болж. Хууль нь байсаар байна, хүүхдээ зодож болохгүйг бүгд мэднэ. Ийм байхад дөрвөн настай хүүхдийнхээ амь насанд хүрлээ. Ийм тохиолдлыг заавал эрүүгээр яллах ёстой. Гэхдээ үүгээр гэр бүлийн хүчирхийллийн хуулийг маргааш гаргахыг шаардаж болохгүй. Хүмүүсийн шаардаж байгаачлан одоо байгаа хуулиа чангаруулаад маргааш баталчихаж болно. Тэглээ гээд ийм үзэгдэл зогсохгүй. Хуульгүйгээс гэмт хэрэг гарч байгаа юм биш. Хуулиа хэрэгжүүлдэг олон дэд бүтцийг Монгол хийхгүй байгаагаас гэмт хэрэг гараад байгаа юм.

-Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтөд намууд санал нэгдэж чадаж байна уу?

-Нэгдсэн ойлголцолд хүрээгүй учраас хэлэлцүүлэг хийж болохгүй байна.

-Сонгууль дөхөж байгаа нь хямралыг дэвэргэх, гарсан шийдвэрүүдийн үр дүнг үзэхгүйд хүрэх юм биш биз гэсэн болгоомжлол байгаа?

-Ер нь сонгуулийн үеэр эдийн засаг байтугай л зүйл болдог. Баахан худлаа уриа лоозон гаргана. Популизм ярина. Ер нь бол жил зургаан сарын дараа болох сонгуулийг одоо ярих хэтэрхий эрт байна. Болох юм болох цагтаа л болно. Гэхдээ хэн юу яриад байгааг Монголын ард түмэн ойлгодог болсон. “Сонгууль дөхсөн учраас бусдад таалагдаж гэж өнөөх худлаа зүйлээ яриад эхэллээ” гэж мэддэг болсон учраас гайгүй байх. Сонгууль болсон болоогүй үйлдвэрүүд ажиллах ёстой. Бараа зарагдах ёстой. Ажилчид цалингаа авах ёстой.

                   Эх Сурвалж: “Өдрийн сонин

open.parliament.mn

сэтгүүлч Л.Мөнхтөр /2015.03.09/

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж