Ногоон байгууламжийн цэцэрлэгч бэлтгэх сургалтын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү сургалт нь гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Эко Монгол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон Улаанбаатар их сургууль хамтран зохион байгуулж байна.
Цэцэрлэгч бэлдэх энэ удаагийн сургалтанд 100 гаруй хүн суралцах бөгөөд 14 хоногийн онолын хичээл болон 7 хоногийн дадлагын хичээл орно. Сургалтанд хамрагдахыг хүссэн хүмүүс Захирагчын ажлын алба болон Улаанбаатар нэгдэлд хүсэлт тавин бүртгүүлсэн байна.
Өнгөрсөн онд нийт 85 гудамжны ногоон байгууламжын арчлалт хийгдэж мод, зүлэг, цэцэг таригджээ. Мөн цэцэрлэгч бэлдэх анхны жилийн хамгийн сайн сурсан зургаан хүнийг өнгөрсөн намар Япон улсад гурван сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан байна.
Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяр "Энэ жил нийслэлийн ногоон байгууламжинд 5,8 тэрбум төгрөг зарцуулагдахаар төлөвлөгдсөн. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 400-500 цэцэрлэгч бэлтгэгдээд байгаа ч стандартынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулахын тулд 800-1000 цэцэрлэгч хэрэгтэй байна " хэмээн ярьсан юм.
Б.БИЛГЭЭ