Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 60 хувь нь Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг аж. Тиймээс Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээлийн сонгон шалгаруулалт зарлажээ.
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, технологийн шинэчлэл хийхэд нь туслахаас гадна ажлын байр бий болгох чиглэлээр ажилладаг тус сангаас энэ удаа таван жил хүртэлх хугацаатай, таван хувийн хүүтэй, доод хэмжээ нь 30 сая төгрөгийн зээл олгохоор шийдсэн байна.
Зээлийн гол зорилго нь Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан “Сонгино, Бөхөгийн орчмыг гахай, шувуу, загасны аж ахуй эрхлэх бүс болгон хөгжуүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа аж.
Тодруулбал, Сонгино, Бөхөг орчимд гахай, шувуу, загасны аж ахуй эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийг уг зээлд хамруулах аж.
Зээлийн төслийн материалыг энэ сарын 5-19-нд “Капитал” банкинд хүлээн авах юм байна. Банкны шалгуур үзүүлэлтийг хангасан төслүүдийг нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл холбогдох журмын дагуу сонгон шалгаруулах гэнэ.
М.ЯЛАЛТ