Үхрийн махны үнэ 6000 төгрөгт хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Үхрийн махны үнэ 6000 төгрөгт хүрчээ

Энэ хавар махны үнэ харьцангуй хямд байлаа хэмээн эдийн засагчид хэлэлцэх нь бий. Нөөцийн мах ахиухан бэлтгэснийх, өвөл өнтэй болсон гээд махны үнэ хямд байх тал бүрийн нөхцөл боломж бүрдсэн гэлцэнэ. Харин тун саяхнаас махны үнэ тэнгэрт хадаж, 6000 төгрөг давжээ. Өнөөдрийн байдлаар “Нарантуул” худалдааны төвд үхрийн цул махыг 5800-6200 төгрөгөөр арилжиж байна. Харин ястай мах нь 5200 төгрөгийн үнэтэй. Яагаад ийм өндөр үнэ хүрсэн талаар асуухад худалдагч нар “шинэ мах” хэмээн ам булаалдан тайлбарлаж байхтай таарлаа. Өнгөрсөн намар нөөцөлсөн мах биш болохоор шинэ мах ийм үнэтэй байгаа юм байх.

Тэгвэл хонины цул мах 4000 төгрөг байгаа бол ястай нь 3200-3300 төгрөгийн үнэтэй байна. Мөн тэмээний мах 2800, адууны мах 3600, ямааны цул мах 3000 төгрөгийн ханштай байлаа. Эдгээр үнэ зөвхөн жижиглэнгийн үнэ гэдгийг нэмж хэлэх нь зүй болов уу. Махны гол төвлөрсөн зах болох “Хүчит шонхор”-т бөөний үнэ дээрхээс арай хямд байгаа гэдгийг худалдагч сануулсан юм.

Үндэсний статистикийн хороо энэ сарын 25-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг өмнөх  сарын дундаж үнэтэй харьцуулахад 6.8 хувиар өссөн бол өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.4 хувиар буурсан байна.  Хонины махны үнэ 13.5-16 хувь, үхрийн махны үнэ 7.1-11.7 хувь, ямааны махны үнэ 7.7 хувь, адууны махны үнэ 4.6 хувиар тус тус өсчээ. Энэ сарын 25-ны байдлаар кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4183 төгрөг, үхрийн мах /ястай/ 4725  төгрөг,  ямааны мах 3020  төгрөг,  адууны мах 3440  төгрөг,  хонины цул мах 4457  төгрөг,  үхрийн цул мах 5188 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байжээ.

Энэ дашрамд хүнсний ногооны үнэ ханшийг мэдээг дуулгая. “Нарантуул” худалдааны төвд монгол төмс кг нь 1000, лууван 1000, сонгино 1000 төгрөгийн үнэтэй байсан бол шар манжин 3500, байцаа 800 төгрөгийн үнэтэй байв.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж