Немцовын аллага дахь Кавказын ул мөр

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Немцовын аллага дахь Кавказын ул мөр

Фото: Артем Килькин / "Коммерсантъ»

Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт хамаатай гэгдэх зургаан хүнээс бүрдсэн гэмт хэргийн бүлгийн ул мөрийг ОХУ-ын Дотоод хэргийн яам, Холбооны Аюулгүйн албаны мөрдөн байцаагчид илрүүлээд байна. Сэжигтэн хоёр хүнийг баривчилсан тухай Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны тэргүүн Александр Бортников гуравдугаар сарын 7-нд мэдээлсэн юм. Мөрдөн байцаалтын дагуу Анзор Губашев, Заур Дадаев хоёр хэргийн гүйцэтгэгчид болж байна.

Тэдний нэг нь Немцовыг буудаж, нөгөө нь түүнийг машинд хүлээж байжээ. Хохирогчийг дөрвөн удаа буудсаны дараа алуурчин машинд суун хэргийн газраас зугтсан байв.

Бүлгийн өөр нэг гишүүн нь хэргийн газар очин Немцов алагдсанйг тогтоосон гэх мэдээлэл байгаа гэнэ. Бусад сэжигтнүүд нь туслах үүргийг гүйцэтгэсэн бололтой.

Одоогоор хэн тэдэнд төлбөр өгсөн нь тодорхойгүй. Гэхдээ гүйцэтгэгчид нь мэргэжлийн алуурчид биш бөгөөд тэд дээрэм хийдэг ердийн гэмт хэрэгтнүүд байсан бололтой. Кремлиэс холгүй орших гүүрийг аллага хийхээр сонгосон нь тэднийг мэргэжлийн алуурчид бишийг  харуулж байна.

Одоо энэ дээрэмчдийн бүлэг ямар нэгэн хэт даврагч зорилгогүйгээр бие даасан байдлаар ажиллаж байсан гэдэг хувилбар дээр мөрдөн байцаагчид ажиллаж байна.

Губашев, Дадаев нарыг хурдан олсон нь тэдний тусгай албадын техникийн боломжийн талаарх мэдээлэл муу байсны буянаар гэнэ. Гэмт хэрэгтнүүд аллагын дараа зайлахдаа ХАБА, ДХЯ-ны ажлын “хэд хэдэн онцлогыг” тооцож чадсангүй.

Бүлгийн үлдсэн дөрвөн хүний байрлалыг дор нь тогтоож чадсан байна. Гэмт хэргийн бүлгийг илрүүлэх тэдний хамсаатнуудыг тогтоох ажиллагааг Кавказын гэмт хэргийн нийгэмлэгийн нэртэй оролцогч нарын дунд идэвхтэй явуулдаг байна.  Тэдний “атамануудын” нэгийн хэлснээр Немцовыг хөнөөсөн бүлэг хүмүүс нь ерээд оны үеийн маягаар хэд хэдэн бүдүүлэг шахалт дарамт хийн өнгөрсөн онд баригдсан Зайка хочтой этгээдийн толгойлж байсан бүлэг дээрэмчдийн адил ажилладаг байжээ.

Борис Немцовыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан Заур Дадаев нь улстөрчийг яагаад хөнөөх болсноо эхний мэдүүлэгтээ тайлбарласан тухай хууль хяналтын байгууллагын эх сурвалжийн мэдээний дагуу “Росбалт” сайт  дамжуулсан байв.

Эх сурвалжийн яриагаар, Немцовыг Оросын мусальманууд, исламын талаар муу хэлж байсных нь төлөө хөнөөжээ. “Дадаев энэ гэмт хэргийг зохион байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир мөрдөн байцаалтын явцад ямар нэг дуулиантай нотолгоо, эсвэл баривчилгаа болно гэж хүлээсний хэрэггүй” хэмээн эх сурвалж өгүүлсэн байна.

Үүний өмнөхөн Чеченийн тэргүүн Рамзан Кадыров, Дадаевыг яагаад Оросын ДХЯ-ны Дотоодын цэргээс халсан шалтгааныг тогтоох үүргийг хариуцлагатнууддаа өгсөн байлаа.

Сөрөг хүчний лидер Борис Немцовыг хоёрдугаар сарын 28-нд шилжих шөнө Большой Москворецкийн гүүрэн дээр  хотын төвд буудан хөнөөсөн билээ. Оросын  "РПР-Парнас» намын дарга, Ярослав мужийн думын гишүүн Б.Немцов Украины модель Анна Дурицкаягийн хамт гэртээ очихоор явж байсан юм.

Оросын  "РПР-Парнас» намын дарга, Ярослав мужийн думын гишүүн улстөрчийн биед дөрвөн сум тусч тэрээр газар дээрээ нас барсан юм. Түүнтэй хамт явсан Анна Дурицкая гэмтэж бэртээгүй өнгөрчээ.

Аллага үйлдэхдээ гэмт хэрэгтнүүд “Макаров” гар бууг хэрэглэсэн гэгдэж байгаа. Энэ хэрэгт хүний амь бүрэлгэсэн, зэвсгийн хууль хэрэглээ гэсэн заалтаар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Гуравдугаар сарын 3-нд Немцовыг Москвагийн Троекуровын оршуулгын газар нутаглуулжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж