-Шинэ системээр бид дөнгөж нэг л сонгууль хийж, түүний үр дүнгээр байгуулагдсан парламенттай байна. Сайн, мууг ялган харах хугацаа хараахан болоогүй мэт. Гэвч батлагдсан хууль, гаргасан шийдвэрээ хэсэг хугацааны дараа үгүйсгэн ярьж, бодлогогүй загнадаг байдал хууль тогтоогчдод ужиг болсон өнөө үед 2016 оны сонгууль ямар тогтолцоогоор явагдахыг өнөөдөр урьдчилан таахад бэрх байна-
Улстөрчдийн үйл хөдлөл, ааш араншин дараагийн ээлжит сонгууль дөхөж буйг илтгэж эхэллээ. Чадах чадахаараа авъяас билгээ дэлгэж, тойргоо тойлох ажилд хэдийнэ морджээ. Үүнтэй зэрэгцэн 2016 онд тоглоомын ямар дүрмээр тоглох вэ гэдэг яриа ч бас сүүлийн үед сонсогдох боллоо. Өөрөөр хэлбэл, ирэх 2016 оны парламентын сонгууль ямар системээр явагдах вэ гэдэг яриа.
Сонгуулийн системийн гурван хувилбарыг өнөөдөр дэлхийн улс орнууд хэрэглэдэг. Үүнд, мажоритар, пропорциональ, холимог гэсэн хувилбар. Холимог гэдэг нь мажоритар, пропорционалийн аль алины элементийг багтаасан гэсэн үг.
Монгол Улс парламентын сонгуулийг 1992 оноос явуулж байгаа бөгөөд 2012 оны сонгууль хүртэл мажоритар системийг баримталж байсан. Сонгууль болгоны өмнө мажоритар системийн сул талыг тойрсон нийгмийн хэлэлцүүлэг өрнөдөг байсан ч эцсийн мөчид мажоритар системдээ үнэнчээр үлдэж байсан билээ.
МАН ирэх 2016 оны сонгуулийг цэвэр мажоритар системээр явуулах санал гараад байгаа юм байна. Харин Ардчилсан нам 2012 оны сонгуулийн тогтолцоог хадгалах сонирхолтой байгаа бол парламентад суудалтай ИЗНН 50:50 гэсэн хувилбарыг санал болгож байгаа аж.
Мажоритар систем өөрийн гэсэн давуу болоод сул талуудтай. Тухайлбал, аль нэг нам сонгуульд үнэмлэхүй ялж, дангаараа Засгийн газар байгуулах магадлалтай ба хүчтэй сөрөг хүчин бий болдог, газар зүйн төлөөлөл илэрхий учраас парламентын гишүүн, сонгогчид нягт уялдаа холбоотой хамтран ажиллах нөхцөл бүрэлддэг, хувь хүн болон улс төрийн намын фактор хоёулаа чухал үүрэгтэй байдаг тулд хүчтэй бие даан нэр дэвшигчид сонгуульд ялалт байгуулах боломжтой, улс төрийн нам, нэр дэвшигчтэй хариуцлага тооцох буюу мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд дараагийн сонгуулиар хариуцлага тооцож, засгийн эрхийг сөрөг хүчинд шилжүүлэх бүрэн боломжтой гэх зэргээр давуу талыг үнэлдэг бол олонхийн зарчим нь суурь сайтай, томоохон улс төрийн намуудад давуу байдал олгодог ба тодорхой асуудлын хүрээнд нэгдсэн, жижиг намуудад халгаатай, сонгогчдын саналын багагүй хувь гээгддэг учраас санал хуваагдсаны улмаас дэмжлэг багатай нэр дэвшигч сонгогдох магадлалтай, дов жалганы үзэл газар авч, парламентын гишүүд тойргийнхоо сонгогчдын нөлөөнд хэт автах магадлал ихэсдэг хэмээн сул талуудыг нэрлэдэг.
Үнэхээр ч мажоритар системийн сул талууд Монголд сонгуулиас сонгуульд илүүтэй гарч ирж байсан. Мажоритар системийг эсэргүүцэгчдийн хамгийн гол үндэслэл болгон гарган тавьж байсан зүйл нь сонгогчдын санал гээгддэг явдал байсан юм. Тухайлбал, парламентын суудлын 90 хувийг авсан нам нийт сонгогчдын дөнгөж 50 гаруйхан хувийн саналыг авсан байхад, сонгогчдын 40 гаруй хувийн санал ямар ч төлөөлөлгүй гудамжинд үлдэж байсан юм.
Урт хугацааны зөвшилцөл, хэлэлцүүлгийн эцэст 2012 оны парламентын сонгуулийг бид холимог системээр явуулах тохиролцоонд хүрсэн. Ингээд 2012 оны сонгуулиар УИХ-ын 76 гишүүний 48-ийг нь 26 тойргоос мажоритараар, үлдсэн 28-ийг пропорционалиар сонгосон. 2012 онд сонгогчид саналын хуудсан дээрээ өөрсдийн оршин суугаа харъяаллын дагуу байгуулагдсан сонгуулийн тойрогт улс төрийн намуудаас нэр дэвшсэн хүмүүсийг шууд сонгохоос гадна улс төрийн намуудад санал өгсөн. Улс төрийн намууд сонгогчдоос авсан саналын хувиар УИХ-ын 28 суудлыг хуваан авсан.
Пропорциональ элемент оруулсны даваа тал юу байсан бэ? Дийлэнх сонгогчдын санал УИХ-д тусгалаа олдог буюу санал гээгдэх явдал бага, төр засгийн бодлого парламентад төлөөлөлтэй намуудын бодлогын нийлбэрээс урган гарч, өргөн цар хүрээг хамардаг, босго давсан жижиг намууд авсан саналынхаа хэмжээгээр парламентад төлөөлөлтэй болдог, нэр дэвшигчид орон даяар сурталчилгаа хийх шаардлагатай байдаг тул нийтийн эрх ашиг хөндсөн мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь элбэг. Харин сул тал нь аль нэг нам олонхийн суудал авах магадлал багасдаг тул эвслийн Засгийн газар байгуулагдаж, жижиг намуудын шахалтанд орох магадлалтай, том намууд цаг ямагт тодорхой тооны суудлаа хадгалж үлддэг ба сонгуулиас сонгуульд Засгийн газарт багтсаар байдаг тул улс төрийн намуудад хариуцлага тооцох боломж хомс, улс төрийн намуудын удирдлагад хэт их эрх мэдэл төвлөрдөг ба бие даан нэр дэвшигчдэд халгаатай, парламентын гишүүн, сонгогч хоорондын уялдаа холбоо үлэмж багасдаг.
Судлаачдын үзэж байгаагаар пропорциональ систем нь улс төрийн намуудын төлөвшилтөд чухал ач холбогдолтой. Тиймээс 2012 оны өмнө батлагдсан Сонгуулийн шинэ хууль холимог системийг дэмжсэнээрээ дэвшил болсон гэдэг. Харин сүүлийн үед энэ дэвшлээс ухрах санаа сэдлүүд гарч эхэллээ.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын төрийн байгуулалтын Байнгын хорооноос хийсэн мэдэгдлийн үеэр МАН ирэх 2016 оны сонгуулийг цэвэр мажоритар системээр явуулах санал гараад байгаа юм байна. Ардчилсан нам 2012 оны сонгуулийн тогтолцоог хадгалах сонирхолтой байгаа бол парламентад суудалтай ИЗНН 50:50 гэсэн хувилбарыг санал болгож байгаа аж. Сонгуулийн тогтолцоог ойр ойрхон солих нь хэр үр дүнтэй байх бол. Шинэ системээр бид дөнгөж л нэг л сонгууль хийж, түүний үр дүнгээр байгуулагдсан парламенттай байна. Сайн, мууг ялган харах хугацаа хараахан болоогүй мэт. Гэвч батлагдсан хууль, гаргасан шийдвэрээ хэсэг хугацааны дараа үгүйсгэн ярьж бодлогогүй загнадаг байдал хууль тогтоогчдод ужиг болсон өнөө үед 2016 оны сонгууль ямар тогтолцоогоор явагдахыг өнөөдөр урьдчилан таахад бэрх байна.
Д.НАРАНТУЯА
Д.ЖАРГАЛ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин