“Хуримын ордон”-ыг хувьчлах уу?

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

“Хуримын ордон”-ыг хувьчлах уу?

-Хотын А зэрэглэлд байрлах томоохон барилгуудыг хувьчлах тухай яригдаж эхэллээ-

Гэрлэх ёслолын ордон, Усан спорт сургалтын төв, ”Ионсэй найрамдал” эмнэлэг, Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төв гээд хотын төвийн А зэрэглэлийн байрлалд үйл ажиллагаа явуулж буй нийслэлийн өмчит байгууллага, объекуудыг өмчлөхөөр болсон талаарх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт цацагдлаа. Чухам ямар шалтгаанаар тэдгээр 19 байгууллага, объектыг 2015 онд нэмэлтээр хувьчлах газруудад тооцон, НИТХ-д өргөн барьсан талаар тодруулан, сурвалжлав.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас өргөн барьсан саналд дараах 19 газрыг хувьчлах талаар санал өргөн барьж, гуравдугаар сарын 13-нд болох Нийслэлийн иргэдийн төлөөлөгч­дийн хурлын тэргүүлэгчдийн нэгд­сэн хуралдаанаар хэлэлцэж, шийдэхээр төлөв­лөжээ. Тэдгээрийн дотор гал голомтоо бадрааж, Монгол Улсад нэгэн гэр бүл нэмж буйгаа бүртгүүлдэг Гэрлэх ёслолын ордныг хувьчлахаар төлөвлөж багтаасан нь олны анхаарлыг татаж байна.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас Гэрлэх ёслолын ордон зэрэг газрыг хувьчилснаар илүү их ашигтай ажиллах боломж нээгдэж, нийслэлийн төсөвт мөнгө төвлөрүүлэх бололцоотой гэж тайлбарлаж байна. Харин иргэд төдийгүй НИТХ-ын төлөөлөгчид “Хотын төвийн ашигтай газруудад байрлаж байгаа барилгуудыг хувьчлах санааны ард эдгээр байгууллагын газарт шунаж буй хэн нэгний ашиг сонирхол ард нуугдаж байна” гэж хардаж буйг онцлох нь зүйтэй болов уу.

"Гэрлэх ёслолын ордон бол бүх иргэдийн эх орондоо өрх бүл нэмж, түмэн олондоо айл болж төрд данстай гэр бүл болж байгаагаа баталгаажуулан нотолдог ганц газар нь шүү дээ. Энэ газрыг хувьчилчихвал хувь хүнд, тэр компанид гэр бүл болсноо бүртгүүллээ гэх үү. Байж болшгүй зүйл юм. Хүний амьдралд тохиолдох ганц том баяраа тэмдэглэдэг ганц газраа хэдэн төгрөгийн илүү ашиг харах нэрийдлээр хувьчлахыг эсэргүүцэж байна” гэж НИТХ-ын тэргүүлэгч Б.Энх-Амгалан онцлов. 

Харин Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Гэрлэх ёслолын ордон өнгөрсөн оны эхний зургаан сард 46 сая төгрөгийн алдагдалтай ажилласан” гэдгээр хувьчлах шалтгаанаа тайлбарлаж буй. Гэтэл тус байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан жилийн эхний хагас жилд алдагдалтай ажилладаг гэдгийг ордны ажилтнууд ярьж байна.

“Ашиггүй ажиллаж байгаа учир манай байгууллагыг өмчлөх гэж байгаа гэж бичиж, мэдээлж байгааг хэвлэлээс харж байгаа. Манайх 1976 оноос хойш ашиггүй ажилласан түүх байхгүй. 2013 онд 248 сая төгрөгийн ашигтай ажилласан. Ер нь бол жилийн эхний хагаст бид алдагдалтай буюу ашиггүй ажилладаг. Эхний зургаан сард бараг хуримын ёслол хийдэггүй болохоор 32 ажилтны цалин, ус, цахилгаан, дулаан гээд алдагдал хүлээдэг нь үнэн. Гэхдээ үлдсэн зургаан сард буюу иргэд хурим найр их хийдэг зун, намрын саруудад гол ашгаа олдог. Хэдийгээр эхний зургаан сарын байдлыг харахаар алдагдалтай ажилладаг юм шиг харагдаж байгаа ч бид үнэндээ өнгөрсөн 2014 онд гэхэд 400-гаад сая төгрөгийн ашигтай ажилласан. Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2014 онд 1260 айлын хуримын  ёслол хийх “даалгавар” өгсөн ч бид 1563 айлын хурим хийсэн” гэж Гэрлэх ёслолын ордны менежер Ж.Цэцэгдарь ярив.

Тус ордноос нэг айлын хуримыг 759-803 мянган төгрөгийн ханштайгаар ёсолж өгдөг аж. Энэ үнийн дүнд хосуудад өгч буй 30 ширхэг зурагтай альбом, бичлэг, автомашины чимэглэл, ханын зураг, зочдыг дайлах идээ зэргийн зардал багтдаг аж.

Ямартай ч иргэд, олон нийт Хуримын ордны ажилчдын хувьд энэ хувьчлалыг эсэргүүцэж байна.

Түүнчлэн эмнэлэг хүрэлцээгүй гэж байнга ярьж, Засгийн газрын яам, агентлагийн байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байгаа энэ үед ”Ионсэй найрамдал” эмнэлэг, Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв зэрэг эмнэлгийг хүүхдийн эсвэл төрөх эмнэлэг чиглэлээр ажиллуулах нь хамгийн оновчтой шийдвэр гэж үзэж буй хүмүүс ч цөөнгүй байна. Гэхдээ НИТХ энэ асуудлыг одоо эцэслэн шийдэх нь нэгэнт тодорхой. Иргэдийг төлөөлж ажиллахаар сонгогдсон эрхмүүд зөв шийдвэр гаргана гэдэгт найдъя.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж