Хорих ангийн эмэгтэйчүүдэд бэлэг барьжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.08-нд нийтлэгдсэн

Хорих ангийн эмэгтэйчүүдэд бэлэг барьжээ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Сувдан хэлхээ” баярын өдөрлөг ШШГЕГын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид гуравдугаар сарын 5-ны өдөр боллоо.  НИТХ-ын эмэгтэй зургаан төлөөлөгч нэгдэн энэхүү арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулсан байна.

Хэдийгээр  эрхээ хязгаарлуулсан ч  “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан тэднийг  баярлуулж, урам зориг өгөх нь энэхүү арга хэмжээний зорилго гэдгийг  зохион байгуулагчид онцолжээ.

Уг төслийг санаачлагч НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс, Ц.Алтанцэцэг нар  Эмэгтэйчүүдийн хорих ангид  хүмүүжиж байгаа бүсгүйчүүдэд урлагийн тоглолтоор бэлэг барьсан байна. Хорих ангид дуучин  Н.Баяржавхлан, СТА,  дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн амьд хөгжмийн “Диваажин” хамтлагийн хамт зочилж, хүмүүжигч эмэгтэйчүүдэд хоёр дахь жилдээ мэндчилгээ дэвшүүлжээ.

НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс “Анх “Номтой нөхөрлөе” клубын Н.Хүлгэн гэж залуу надтай холбогдож, энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар ном цуглуулж байгаагаа хэлж байсан юм.  Тэгээд би анх ном хандивлаж, манай төлөөлөгчид цэцэг бэлдэн энэхүү арга хэмжээнд нэгдэж байлаа. Бид эхлүүлсэн энэ ажлаа өргөжүүлэн жил бүр уламжлал болгоод явж байна” гэсэн бол санаачлагчдын нэг НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг “Эмэгтэй хүмүүс учраас бид нийгэмд болж буй эмзэг асуудлуудыг хамгийн түрүүнд олж хардаг. Энд байгаа бүсгүйчүүд бол азай буурал аав, ээжийнхээ охин нь, халамжит ханийнхаа түшиг нь, үр хүүхдийнхээ ээж нь. Хүний амьдралын зам дандаа дардан байдаггүй учраас бид эдгээр бүсгүйчүүддээ сэтгэлийн дэм өгөхөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Бүх эмэгтэйчүүдийг сувдтай зүйрлэвэл бид бие биенээ дэмжиж, бие биенээ түшиж сэтгэлээрээ хэлхээтэй явах учиртай” гэлээ.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж