Олон улсын эмэгтэйчүүдийн баярын энэ өдрийг тохиолдуулан Монголын яруу найрагч бүсгүйчүүдийнхээ нандин шүлгийг хүргэж байна.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Дулмаа
Орчлонд би …
Сайхан эрийн харцанд согтож явсаан би
Салгуу замын эрхээр хагацаж үзсээн би!
"Үүрийн цолмонг" зүрхэндээ шигтгэчихээд дэвэрч явсаан би!
Үүлтэй тэнгэр шиг барайгаад гуниж ч бас үзсээн!
Хүйлэн тэнгэрийн дор зовж, жаргаж,
Хүний л үзэх ёстойг үзэж явсаан
Өршөөлгүй хорвоод ээжийгээ алдчихаад
Өр эмтэрч сэтгэл жиндэж явсаан!
Орчлон надад ихийг үзүүлсээн
"Оргилуун дарс" гашуун ундаа
Аль, алиныг нь амсуулсаан
Одоо бол харин би цөмийг гадарлана
Даварч сагавал дарь онилоостойг ч мэднэ,
Гуньж гутарвал гулсаж унадгийг ч мэднэ,
Сайхныг шилбэл гологддогийг мэднэ
Саарыг сонговол голохыгоо бас ухаарна
Амссан бүхэн минь алим байгаагүй ээ
Эдэлсэн бүхэн цөм эрдэнэ байгаагүй ээ!
Учирсан бүхэн амраг байгаагүй ээ
Уулзсан бүхэн цөм нөхөр байгаагүй ээ!
Гэлээ ч би хорвоог таньсаныхаа хирээр
Гэрэл, сүүдрийг ялган тунгааж
Нарт орчлонгийн хүмүүн энэхэн заяанд
Найрагч хэвээрээ л үлдэв шүү дээ, ай хөөрхий
"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо
Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Яг одоо би таныг өөртөө авмаар байна
Ярих мэт нүдийг чинь,
Харах мэт үгийг чинь…
Эзэлмээр байна би таныг
Итгэлтэй зүрх чинь хэрхэн итгэлээ гээж
Илбэдүүлсэн мэт уйлан шархирахыг сонсмоор байна
Тархины чинь хаа нэгтээ үүрээ засчихаад нисч
Тасарсан утастай гитар шиг хэрэггүй болохыг чинь үзмээр байна
Тэвдэж үзээгүй амгалан царай чинь түгшүүрээр дүүрч
Тээр болсон дурлалынхаа амтанд шархдан унаж
Яг одоо хүслээ нуучихаад ажиггүй инээмсэглэх
Ягаахан уруул чинь хэрхэн чичрэн цайхыг хармаар байна
Хэнд ч хэлж ззээгүй сайхан үгсээ цуглуулж
Хичнээн дахин бичсэн шаналлын захиагаа базаж
Өөрийн минь нэрийг шивнээд цөхрөн уйлахын төлөө
Өөдөөс чинь харж суугаад хундага өргөн инээмсэглэнэм
Яруу найрагч Б.Батрэгзэдмаа
Дотно царай
Нэгэн дотно царай
Намайг өөртөө татна
Ямар тэнгэрийг
Ямар цэцгийг санагдуулна вэ
Би чамтай таарч байсан мэт…
Урьд төрөлдөө юу эсвэл
Унтсан хойно үзэгддэг тэр дүр төрх үү…эсвэл
Төрөл садан минь төөрсөөр явна уу
Ямар бороо нарийн ширхэгтэй байлаа
Ямар салхийг санагдуулна вэ…
Бурханы нүүрний гэрэл шиг
Би хуруугаа хүргэмээр байна
Бусдаас содон чиний
Би юу вэ….
Ирээдүйд намайг аврах авралын
Энгийн нэгэн тэмдэг үү…
Дотно царайг үзэх нүд цавчлахад
Даруй энэ мөч давхар сарнина….
Яруу найрагч Ц.Дэлгэрмаа
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Хамгийн сүүлд чамтай
Харц тулгарсан минь
Хаа ч билээ…
Хар нүд чинь
Халгисан булгийн ус шиг
Гүн рүүгээ гуниг нь улам яргасан
Танихгүй юм шиг харцаар удаан гэгч ширтсэн
Цэцгийн үндэс дэвтээж
Цэв хүйтэн бороо шиврээд л…
Хөдлөх ч дургүй уруулыг чинь
Хөхөртөл нь шавшсан…
Дэргэдүүр чинь би өнгөрөхдөө
Дэлхийгээр нэг хашгирмаар байсан ч
Болохгүй юм шиг бодолдоо хүлүүлчихээд
Бороо далимдуулж зөндөө уйлсан
Чи хэвээрээ л…
Цэвдэг хүйтэн, хөшөө мэт
Сүлбэх мэт харц чинь л амьтай
Сүүдэр мэт чимээгүй шаналантай
Шаналанг чинь цуучин
Шалбааг туучин алхалсан
Шалба норсон зүрх минь л хөөрхий…
Золгүй хайрыг минь чи
Зовлонд тэгж дасгасан
Уйлчихсан нүдтэй намайг бүү хэл
Уймраа орчлонг ч ер тоолгүй одсон
Чиний нүдийг
Уйтгарын эдлэнд сүүлчийн удаа ширтсэн минь
Урьд билүү, эсвэл…
"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа
Чамд хэн хэлсэн юм бэ?
Миний амрагийг хав хархан нүдтэй гэж
Миний амрагийг хачин дөлгөөн аальтай гэж
Миний амрагийг хавар эртийн бороо шиг гэж
Миний амрагийг намар оройн нар шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?
Миний амрагийг халгин цалгин дуулдаг гэж
Миний амрагийг хад эмтэртэл гуньдаг гэж
Миний амрагийг халуун зуны харз шиг гэж
Миний амрагийг хайруу өвлийн зэрэглээ шиг гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ? Миний амрагийг тэнгэр мэт амгалан гэж
Миний амрагийг тэнгис мэт омголон гэж
Миний амрагийг эр сэтгэлдээ эрмэгхэн гэж
Миний амрагийг энгэрийг нь түшихэд энхрийхэн гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?
Миний амрагийг хараад л дурламаар гэж
Миний амрагийг хайраа дэвсч аргадмаар гэж
Миний амрагийг хажууд нь эрхэлж нялхармаар гэж
Миний амрагийг хагацалгүй учралгүй жаргамаар гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?
Миний амрагийг миний аялагхан шаналал гэж
Миний амрагийг миний алс одохын шалтаг гэж
Миний амрагийг миний аргадлын дуу гэж
Миний амрагийг миний амин хайрын учрал гэж
Чамд хэн хэлсэн юм бэ ?
"Болор цом"-ын эзэн, яруу найрагч Г.Мөнхцэцэг
Дурлахсан
Дундуур сэтгэлийн уянга ээдүүлж
Дундуур ч болов дурлаж л нэг үзэхсэн
"Дунд голын ногооны » үндэс атаархтал
Дуу болгож хэн нэгнийг эгшиглүүлэхсэн.
Хөмсөг сормуус хоёрын бараанаар бишүүрхэж
Хөөрхөн нүдний давхраанд эвхээтэй нэг хонохсон
Эвлэж ч чадахгүй уруулаар хацар дунд чинь төөрч
Эсгий тасартал ичиж нэг үзэхсэн.
Сарны гэрэл саравчилсан сайхан хөл үзэж
Салхи сандааж санаа алдтал нэг хайрлахсан
Орчлон бүдэгхэн зурсан бүхэн дээр чинь үнсэж
Охид шивнэж бороо асгартал хайрлахсан.
Сайхан чиг сайхны дунд санаа алдуурахаа мэдэхгүй
Салхитай зүүдэндээ хэн нэгнийг аргамжих юмсан.
Зөндөөн олон дурласан шиг дурлаж
Зөвхөн чамд л гэж худал нэг хэлэхсэн.
Яруу найрагч А.Мөнхчимэг
Унтаж байгаад чинь эргэлзэнэм
Унтаж байгаад чинь эргэлзнэм.
Чи инээж байгаа.
Инээж байгаад чинь би эргэлзнэм.
Чи бодож байгаа.
Бодож байгаад чинь эргэлзнэм.
Санаж байгаа.
Санаж байгаад чинь эргэлзнэм.
Хайрлаж байгаа.
Хайрлаж байгаад чинь үл эргэлзнэм
Унтаж байхдаа чи хайрлаж байгаа.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Х.Сүглэгмаа
Надад захидал бичээрэй
Намрын шаргалхан өвс хагдарч байхад
Насаараа чамайг хайрлана гээд захидал бичээрэй
Нарны цацраг бүхнийг шингээн байж
Нандин ийм дулаахнаар гээд тэвэрч үнсээрэй
Надад захидал бичээрэй
Өвлийн цагаан цасан бударч байхад
Өөрөө даарч байна уу гээд захидал бичээрэй
Өнгөө бүгдийг нь хувиргачихсан орчлонг
Өө ийм байдаг юм гэж аргадаарай
Надад захидал бичээрэй
Хаврын энхэрхэн яргуй дэлбээлж байхад
Хайр минь нялхаараа гээд захидал бичээрэй
Хадган цэнхэр униарыг нь сөхөн байж
Хамгийн анхны бороог хүлээж байна гээрэй
Надад захидал бичээрэй
Зуны алаг цэцэгсийг сугсарч байхад
Зураг шиг байгаа биз гээд захидал бичээрэй
Ертөнц тэр чигээрээ дэлгэрч байна
Ербусын хайр л ийм байдаг гээрэй
Надад захидал бичээрэй
Яруу найрагч Б.Чулуунцэцэг
Ээждээ
Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү
Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг
Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ
Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр
Тэгсэн ч таны минь хайр ер дундрахгүй
Дандаа ээжийгээ баярлуулж явна даа гэж боддог хэрнээ
Даанч их зовлонг асуулгүйгээр танд би авчирдаг
Давилуун, дэврүүн миний цагаан лайнд
Даль жигүүр ургатлаа л та баярладаг
Ганцаардаж гутрах болгонд тандаа л үнсүүлж тайтгардаг
Газарт хөл хүрэхгүй баярлахдаа тандаа л дуулгах гэж онгирдог
Яаж ч аягласан намайг тэр чигээр нь хүлээж авах
Яруухан урсгалтай гол ертөнцөд ганцхан та юм шүү
Хайр тань надад сайхан сэтгэл болж ууссан
Халамжаар тань би ертөнц урлаж гундахгүй амьдарна
Дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд инээмсэглэн байдаг ч
Дэндүү сайхан таныг минь гүйцэх нь даанч алга даа
Яруу найрагч Р.Энхтуяа
Ердөө л хайрлуулахын төлөө
Чиний торонд хоригдъё
Ер бусын араншингаар чинь
Эрх чөлөөгөө арилжъя
Хагацал мэт талын салхийг
Хань мэт үгүйлж
Хэлэх гээгүй хэгжүүн үгсээ
Хэсэгхэн дурсамж мэт нууя
Хэзээ ч хангинахгүй байж мэдэх
Түлхүүрийн чимээг хүлээе
Гадаах агаар ямар байгааг
Гарыг чинь үнсэхдээ мэдъе
Гунигаа хурааж
Гутлыг чинь гялалзтал тосолъё
Гудамжинд гээсэн төрөлх зангаа
Ганцаардлын сүүдэрт мартъя
Ер бусын өдрүүд өнгөрөхөд
Ердөө л хайрлуулахын төлөө
Чиний торноос би ниснээ
Яруу найрагч Б.Энхтуяа
Охин үрээ хайрла
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр ньтөрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
Яруу найрагч Л.Өлзийтөгс
Чамайг зүгээр л харахыг хүсдэг
Чамайг зүгээр л харахыг хүсдэг
Хармагцаа
Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг
Хүргэмэгцээ
Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог
Тэвэрмэгцээ
Чиний уруулыг ганц л амсья гэж боддог
Амсмагцаа
Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд
Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог
Бодмогцоо
Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг
Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг
Яруу найрагч Х.Болормаа
Би чамайг мартаагүй
Ганцхан орчлонгоос чи намайг олж хараагүйн төлөө
Гэнэтхэн учрал, хэнзхэн яргуйн тухай бодохоо байлтай биш
Жүнзэн сарны туяаг дарс мэт залгилан алхаж нэг үзлээ
Дүнзэн гүүрийг таяг мэт тулан зогсож бас үзлээ
Би чамайг мартаагүй
Хоёрхон нүдэнд минь чи үнэнч биш явсаны төлөө
Ховорхон заяа хийгээд хонгорхон амрагийг өмчлөхөө байлтай биш
Хагарсан шаазан эвлүүлэх шиг тавилан байдагт итгэж нэг үзлээ
Ханагар уулсаа хэзээ ч юм дэрлэнэ гэхээс яарч бас үзлээ
Би чамайг мартаагүй
Гуравхан үгийг минь чи амжиж сонсоогүйн төлөө
Гуниггүй харц, хөвөрсөн сэтгэлийн тухай дурсахаа байлтай биш
Дүрэвсэн отгийн туурь мэт эзэнгүй сэтгэлдээ уйлж нэг үзлээ
Дүрэлзсэн галын дөл мэт эрэмшиж ирээд дуулж бас үзлээ
Би чамайг мартаагүй
Цөөхөн гэмээр ийм л гурван цаг доор
Цөхөртлөө дагалаа ч чамаас би урвахаа мэдээгүй
Тэнгэр гэмээнэ холдоо өнгөө эс алдах
Тийм гэгээн орчлонд одоо ч гэсэн
Би чамайг мартаагүй ээ
Яруу найрагч О.Нандинцэцэг
Бүсгүй хүнтэйдээ дэлхий бүтэн эргэдэг
Сүйхэн дөрвөлтэй марлын гурван мичид гудайлгаж
Сүүжин ээмэг инээлгэх бүсгүй хүнгүй дэлхий бол
Янагийн хээтэй бөгжийг ядаж хуруундаа ахдааж
Явуугийн алтан мөртэй шүлэгэнд нь хэн унах юм бэ
Аргын гурван чулууг бүсгүй хөлдөө сөхрөөж
Адтай торгон инээдээ хад эмтэртэл садраах
Хэлгий нуурын захад шувуудын дуун тасарвал
Хэнтийн өндөр ууланд симпонь хэн бичих юм бэ
Хиртэй нүгэлийн сүүдрийг тэнгэрийн улд унагаж
Хүүхэн дүртэй бурхан орчлон аргадаж ирэхдээ
Үрлэн хээтэй нулимс нь унахдаа дэлхий эсгэж
Үлгэрийн гоо дагинас эрчүүдийн ертөнцийг сүлдэг ээ
Суртай мөнгөн хазаарын цулбуур гоёх хүнгүй бол
Сувдын толгойтой товч нь шилбэндээ цантай өнжинө
Дээлэн цаанаас ивлэх ээжийн сүүгээр амласандаа л
Дэргэдээ нартай орчлонгийн дэлхий нь бүтэн эргэдэг ээ !